Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв
Ерөнхийлөгч Виола Амхерд айлчлалаа өндөрлүүлэхээсээ өмнө монголын нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан, эрийн гурван наадам, монгол үндэсний бэсрэг наадам үзэж сонирхлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв. Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжсэн төрийн айлчлалын үеэр “Монгол-Швейцарын Хамтарсан тунхаглал”, “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ардчилсан засаглалыг бэхжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой болов. Ерөнхийлөгч Виола Амхерд айлчлалаа өндөрлүүлэхээсээ өмнө монголын нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан, эрийн гурван наадам, монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо. Газар зүйн байршлын хувьд алс хол Швейцарын Холбооны улсыг бид манай гурав дахь хөрш, Европ дахь итгэлт түншээ хэмээн үздэг. Энэхүү төрийн айлчлалын үеэр бид Монгол, Швейцарын хамтын ажиллагааны өнгөрсөн 60 жилийн ололт амжилтыг бататгах цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Швейцар нь манай улсын гадаад худалдааны томоохон түнш бөгөөд хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг судалж хэрэгжүүлэхээр ярилцав. Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой фермийн аж ахуй, мал аж ахуйн менежментийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, био-органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зэрэгт чиглэсэн хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцсон. Швейцарын стандарт, технологийг нутагшуулах, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан залуусыг сургаж бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулав. Үүнээс гадна цар тахал, байгалийн гамшиг, үер, зудын бэрхшээлтэй тулгарсан цагт хүмүүнлэгийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолсон бөгөөд үүний тод жишээ нь “Зүрх мартахгүй” төсөл юм. Үндэсний соёлоо сурталчилж, спортыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Монголын түүхийн үзэсгэлэнг Швейцарын Цюрих хотын “Рийтберг” музейд 2025 онд олны хүртээл болгохоор болжээ.
Үзсэн: 3353
Tweet