Дуурийн тайзнаа дэлхийн шилдгүүд чуулна
Э.Амартүвшин дуучин маань ер бусын онцгой авьяастай уран бүтээлч төдийгүй түүний хоолойн техник, ур чадварыг нэгэн тайзнаа мэдэрнэ гэдэгтээ туйлын их баяртай байна гэдгээ онцлов
Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон дуучин Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн домог Пласидо Доминго тэргүүтэй дэлхийн шилдгүүдтэй хамтран Монголд анх удаа тоглолт хийхээр болжээ. Дэлхийн “Алдарт гурван тенор“-ийн нэг, дуурийн дуучин, удирдаач, тенор, баритон, 150 гаруй дүр бүтээсэн эклектик уран бүтээлч, Грэммигийн 12 шагналын эзэн Пласидо Доминго, энэ цаг үеийн алдарт баритон, дэлхийн бүхий л гол тайзнаа гайхамшигт хоолойгоороо эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа МУАЖ Э.Амартүвшин, олон улсад нэр хүнд нь өсөж буй гайхалтай сопрано Нина Минасян, орчин цаг үеийн хамгийн агуу тенор дуучдын нэг алдарт Ла Скала театрын дуучин Фабио Сартори, дэлхийд тэргүүлэх залуу удирдаачдын нэг Гаэтано Ло Коко нарыг эх орондоо урьж, “Centennial Celebration” дуурийн сонгодог тоглолтыг зохион байгуулж байна. Тоглолтын талаар алдарт дуучин Пласидо Доминго хэлэхдээ, “Дуурийн урлагт хүчин зүтгэсэн 65 жилийн хугацаанд Монголд анх удаа тоглох гэж буй тул урилгыг хүндэтгэн хүлээж авсан. Ялангуяа тэртээ 2012 онд Пласидо Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан Э.Амартүвшин дуучин маань ер бусын онцгой авьяастай уран бүтээлч төдийгүй түүний хоолойн техник, ур чадварыг нэгэн тайзнаа мэдэрнэ гэдэгтээ туйлын их баяртай байна” гэдгээ онцолсон байна.
Үзсэн: 4287
Tweet