Монгол Солонгосын хамтарсан стартапыг дэмжих инновацын төв байгуулна
ЕБС-ийн сурагч, их дээд сургуулийн оюутнуудад зориулсан стартап, инновацын сурах материал болон стартапыг дэмжих сургалтын хөтөлбөрийг боловсруулах аж
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Солонгосын хамтарсан стартапыг дэмжих инновацын төв байгуулахаар болсон. Тус төвийг байгуулснаар Монголын гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх, тэдний үйлдвэрлэсэн инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах, харилцан туршлага солилцох ач холбогдолтой. Мөн гурван жилийн хугацаанд гурван мянга орчим гарааны бизнес эрхлэгч залуус дээрх төвөөр үйлчлүүлж, мянга гаруй төрийн албан хаагч, мэргэжилтнийг чадавхжуулах, туршлага судлах сургалтад хамруулахаас гадна гарааны 45 бизнесийг дэмжинэ гэж төлөвлөсөн байна. ЕБС-ийн сурагч, их дээд сургуулийн оюутнуудад зориулсан стартап, инновацын сурах материал болон стартапыг дэмжих сургалтын хөтөлбөрийг боловсруулах аж. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул БНСУ-ын ЖДҮ, стартапын яамны харьяа Солонгосын гарааны бизнес ба энтерпренёршип хөгжлийн институтийн зөвлөх доктор, профессор Ким Жүн Хёныг хүлээн авч уулзаа. Уулзалтаар талууд инновацад суурилсан бизнес буюу гарааны бизнесийг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай бизнесүүдийг дэмжих, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, туршлага солилцох, оюутан солилцооны талаар санал солилцов.
Үзсэн: 4641
Tweet