“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн монголд гарна
Энэхүү үзэсгэлэнгийн гол дурсгал нь 1305 онд Ил хаан Өлзийтөөс Францын хаан Гоо Филиппт илгээсэн монгол бичгийн захидал 719 жилийн дараа Өлзийт хааны захидал эх хувиараа өлгий нутагтаа ирж буй юм
Европын улс орнуудад хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний үеийн Их хаадын эдэлж хэрэглэж байсан хосгүй нандин дурсгалуудыг олны хүртээл болгох “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн 7-р сарын гуравнаас ирэх сарын 25-ныг хүртэл гарна. Тус үзэсгэлэн 600 гаруй үзмэрээс бүрдэж байгаа юм. Тухайлбал, Юань гүрний үед хэрэглэж байсан шаазан урлал, болор толь, болор хундага, Хүннүгийн үеийн хаадын алтан бүс зэргийг дурдаж болно. Монголын их хаадын үеийн хосгүй үнэт дурсгалтай монголчууд өөрсдөө танилцах ховор завшаан бүрдсэнийг зохион байгуулагчид онцоллоо. Энэхүү үзэсгэлэнгийн гол дурсгал нь 1305 онд Ил хаан Өлзийтөөс Францын хаан Гоо Филиппт илгээсэн монгол бичгийн захидал юм. 719 жилийн дараа Өлзийт хааны захидал эх хувиараа өлгий нутагтаа тив дамжин ирж буйгаараа онцлогтой. Энэ талаар “Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуун “Монгол бичиг дэлхийн хэл, бичиг байсныг Ил хаан Өлзийтийн захидал нотолж байна” хэмээн ярьсан юм. Өлзийт хааны захидал нь монгол хаадын бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв, төрт ёсны уламжлал, Монголын амар амгалан хийгээд монгол бичгийн гайхамшигт соёлыг харуулжээ. Өнгөрсөн жил Францын Нант хотод Чингис хааны тухай олон улсын үзэсгэлэнг гаргасан зургаан сар гаруйн хугацаанд 250 мянга гаруй үзэгч сонирхжээ. Энэ тухай Францын Севр Керамикийн үндэсний музейн куратор Делфин Мирудо “Чингис хааны үр удам болсон Ил хаант улс оюун ухааныг эрхэмлэдэг, бичиг үсгийн маш өндөр боловсролтой, шинжлэх ухааны судлаач, түүхч хүмүүсийг ордонд ажиллуулж байсны ул мөрийг үлдээсэн юм. Монгол хаад Ираны соёлыг дахин тодорхойлсон гэж хэлж болно” гэлээ. Харин Швейцарын “Ритберг” музейн дэд захирал Белц “Чингис хаан, түүний үр удмын дэлхий дахинд үлдээсэн үр нөлөөг харуулж буй үзэсгэлэнг зохион байгуулахад манай музейн үзмэрийг оролцуулж байгаад гүн талархал илэрхийлье. Манай музейн хувьд Монголын урлаг болон түүхийн талаар үзмэр толилуулах сонирхолтой. Бид Швейцар улсад монголчуудын талаарх үзэсгэлэнг ирэх жил зохион байгуулна. Монголын хотжилтын талаар толилуулна. Тэр дундаа, Орхоны хөндийг онцлохоор төлөвлөсөн. Учир нь, дэлхий дахинд Монголыг морин дэл дээр л давхидаг ард түмэн гэж хардаг. Гэтэл монголчууд эртнээс хот байгуулж хөгжиж ирсэн түүхтэйг харуулах зорилготой” гэв.
Үзсэн: 1418
Tweet