Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Asia Folk 2024” наадмыг энэ сарын 14-16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна


Densmaa 2024-06-14 12:06

Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар гэсэн арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцохоор нийслэл хотноо хүрэлцэн ирлээ

        Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 14-16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар гэсэн арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцохоор нийслэл хотноо хүрэлцэн ирээд буй. Мөн Улаанбаатар хотын есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, гар урлаачид оролцож байна. Тус наадмын үеэр жанжин Д.Сүхбаатарын талбайд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон Азийн хотуудын оролцогчдын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт гурван өдрийн турш зохион байгуулна. Улаанбаатар хот ЮНЕСКО-гийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд ардын урлаг, гар урлал болон үндэсний хувцсаараа бүртгүүлж, 2023 онд батламжаа авсан. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн 355 хоттой харилцан, эсгий урлалын бүтээгдэхүүн, үндэсний хувцас, үндэсний бүжгээ сурталчлан таниулах боломж бүрдэж байна. Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор Азийн ардын урлагийн наадам нэртэй зохион байгуулсан. Тухайн үед 12 орны 200 гаруй уран бүтээлч, Монголоос 2000 гаруй ардын авьяастан, өвлөн уламжлагч оролцож байлаа. Наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчуудад Азийн улс, үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэг дор танилцах боломж олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын аялал жуулчлалын томоохон брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үзсэн: 2118

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна