Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

"Ганган брэнд" монгол үндэсний хувцасны өв санг баяжуулах зорилгоор зургаа дахь жилээ ажиллаж байна.


Densmaa 2024-06-07 05:06

...

Монгол үндэсний хувцас нь олон зуун жилийн баялаг түүхтэй өв соёл. Байгаль цаг уурын онцлог, жилийн дөрвөн улирал, хүрээлэн буй орчин, хийж байгаа ажил зэргээс хамааран олон төрөл байдаг. Тодруулбал, монголчууд зуны улиралд тэрлэг, хавар, намрын улиралд хөвөнтэй дээл, харин өвлийн цагт хурган дээл эсвэл хонины арьсаар хийсэн цагаан нэхий дээл өмсдөг. Монгол үндэсний хувцас нь нөмрөгтэй төстэй бөгөөд ямар нэгэн халаасгүй харин бүстэй байдгаараа онцлогтой. Бүсэндээ чухал хэрэгцээтэй хэт хутга, хамрын тамхи, гаансны уут гэх мэт зүйлсийг тогтоон биедээ авч явна. Мөн түүнчлэн тухайн хүний өмссөн дээл хувцасны загвар хийцээр эзнийх нь хэргэм зэрэг хүйсийг тодорхойлох боломжтой. Монголчууд хувцсаа үнэт эдлэл, шүр сувд, зээгт наамал зэргээр чимэглэн илүү гоёмсог болгож хэрэглэсээр иржээ. Харин орчин үед монгол үндэсний хувцасны ур хийц, материал нь илүү чамин тансаг болж, чимэглэл, хээ угалзын хувьд гоёмсог болсоор байна. Манай улсад үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлдэг жижиг дунд үйлдвэр олон бий. Тэдний нэг болох үндэсний хувцасны “Ганган брэнд”-ийг бид энэ удаагийн нэвтрүүлгээрээ онцолж байна. Тус компанийг удам дамжсан үйлчин бүсгүй Гарамрагчаагийн Эрдэнэтуяа үүсгэн байгуулжээ.

 

Г.Эрдэнэтуяа: Үндэсний хувцасны үйлдвэрлэл эхлүүлье гэж шийдээд нэрээ бодож байхдаа хүнд сонсогдох,  харагдах талаас нь их ач холбогдол өгсөн. Монгол үндэсний хувцас их ганган хийцтэй, дэгжин байдаг шүү дээ. Тэр талаас нь бодож байгаад “Ганган брэнд” гэж нэрлэсэн. Харин логоны хувьд их удаан бодож байж олсон. Лого тэмдэг хийдэг хүмүүст хандаад манайх тохирсон нэг логотой болох гэсэн юмаа гээд хийлгэж үзсэн. Гэтэл санаад нийцэхгүй нэг л болж өгөхгүй байсан. Тэгсэн нэг өглөө нөхөр маань би логогоо яаж хийхээ олчихлоо, бараг зүүдлээд сэрлээ гэсэн.  Зураад үзүүлсэн чинь яг миний хүсэж байсан загвар байсан. Ганган гэдгийн G үсгийг хоёр тийш нь харуулсан тэр нь дээшээ харсан бэлгэдэлтэй монгол дээлний зах юм шиг харагддаг. Нэртэйгээ ч уялдаад маш гоё санагдсан. Хүн харахад энгийн амархан зүйл боловч тэрийг олох гэж маш их цаг хугацаа ордог юм билээ. Ер нь брэнд үүсгэнэ гэдэг тийм амархан зүйл биш гэдгийг ойлгосон. Манай улсад торгоноос эхлээд түүхий эдийн үйлдвэр байхгүй учраас гадагшаа их хэмжээгээр захиалга хийх шаардлагатай болдог. Дөнгөж эхэлж байгаа хүмүүст бол маш хэцүү байдаг. Үйлдвэрлэлээ эхлүүлээ гэхэд борлуулах газар байхгүй гээд олон асуудал байсан. Намайг Ганган брэндийг эхлүүлж байхад үндэсний үйлдвэрлэл нэлээд хөгжиж эхэлж байсан. Ингэж зааварчилж өмсөж болох юм байна гэдгийг хүмүүс ойлгоод эхэлчихсэн байсан. Миний санаа болохоор монгол дээлний үндсэн хэв шинжийг нь алдуулахгүй яг дээл утгаар нь гэхдээ одоогийн залуучуудын сонирхолд нийцсэн байхаар хийхийг хүссэн. Монголд бэлэн дээл худалдаад авъя гэхээр сонголт бага, материал муутай байдаг. Заавал захиалгаар хийлгэж хоног алддаг. Тиймээс би 80 хувь нь бэлэн бүтээгдэхүүн 20 хувь нь захиалгын дээл байхаар үйлдвэрлэлээ эхлүүлсэн.

Гарын ур гэдэг удамшиж байдаг зүйл учраас монголчууд оёдол, үйл хийхийг үр хүүхдэдээ багаас нь зааж сургасаар ирсэн. Яг энэ л жишгээр Эрдэнэтуяа багаасаа ээжийнхээ дээл урлахыг харж, дагаж хийж, заалгаснаар урлахуйн ухаанд суралцжээ. Дунд сургуулиа төгсөөд өөр чиглэлийн мэргэжлээр суралцаж, ажиллаж байсан ч ээжийгээ бурхны оронд заларсан тэр цагаас хойш дээл урлах үйл хэргийг нь үргэлжлүүлэхээр шийдэж Ганган брэндээ үүсгэн байгуулсан байна. Ганган брэнд бол түүний ээждээ барьж байгаа хамгийн том буян гэлээ. 

Г.Эрдэнэтуяа: Ээж маань маш сайхан уран хүн байсан. Би ээжийгээ их ачаалалтай үед нь нэмэр болох гэж хичээгээд дээл урлахыг заалгаж эхэлсэн. Ээж маань их чанга хатуу яг ийм байх ёстой гэсэн зарчим барьж аливаа зүйлийг хийдэг хүн. Орчин цагт юмыг их хөнгөвчилчихсөн байна. Дээр үед бүх зүйлийг гар аргаар хийдэг байсан. Хөвөнтэй дээл хийдээ хөвөрдөнө, хавраас хийнэ. Хамгийн анх ээж маань надаар дээрний шидээс хийлгэж байсан. Жаахан чанга татаад оёчих юм бол голоод дахиад хийлгэнэ. Тэгээд хавах, шидэх оёдлыг сураад ирэхээр дээлийн товч шилбэ оёулдаг болсон. Ээжийн маань ч хараа муудсан. Яг бие дааж бүтэн дээл хийхийг ээж маань хүүхдийн дээлнээс эхлүүлж байлаа. Хоёр ихэр хүүхдийн дээл эсгэж өгөөд чи үүнийг бие дааж хийгээд, мөнгийг нь аваад хонхны баяртаа зарцуулаарай гэсэн. Ээж маань ийм л хатуу, хөдөлмөрч дайчин мундаг хүн байсан. Манай ээж алдарт эхийн одон авахдаа өмссөн бор 92-ын торгон дээл байдаг. Би хүүхэд байхдаа тэр дээлийг өмсөхөөр миний дээлийг яагаад өмсөөд байгаа юм бэ гэдэг байсан гэсэн. Тэгээд ээж минь бие нь муудаад хэвтэрт байхдаа миний охин одонгийнхоо дээлийг аваарай гээд одонтой нь өвлүүлж үлдээсэн. Ээжийнхээ үнэр шингэсэн тэр дээлийг би дэлгүүрийнхээ хойморт жаазлаад тавьсан.  

Монголчууд үндэсний дээл хувцсаа худалдаж авахаас илүүтэй өөрсдөө эсвэл нутгийн нэгэн уран хүнээр оёулаад өмсчихдөг байсан уламжлалтай. Энэ утгаараа зах зээлийн хүрээ багатай гэж үзээд түүнийг дэмжих хүн цөөн байжээ. Гэвч Ганган брэндийн үүсгэн байгуулагч Эрдэнэтуяа тасралгүй хөдөлмөрлөж шинийг эрэл хийлсээр брэндээ амжилттай хөгжүүлж чадсан байна. Ихэр хүүхдийн дээлнээс оёдлын гараагаа эхлүүлсэн тэрээр өнөөдрийн амжилтад хүрэхийн тулд олон саад бэрхшээлийг даван туулжээ. Харин одоо бол үйлдвэрлэл нь салбараа тэргүүлэгч болж, хамгийн тансаг торго, даавуугаар үндэсний хувцсыг төрөл бүрээр нь урлаж байна. 

Г.Эрдэнэтуяа: Ажилчдын зардал түрээс гээд дөнгөж эхэлж байгаа бизнесүүдэд хөлөө олоход хэцүү. Нөхөр бид хоёр судалж байгаад түрээсийн байраар борлуулалтаа хийвэл амжилттай болохгүй юм байна тиймээс өөрийн гэсэн жижигхэн ч хамаагүй дэлгүүртэй болъё гэж шийдээд хайж эхэлсэн. Азаар их сайхан хүнтэй таараад худалдаж авахаар болж тодорхой хугацаа өгөөч гэж гуйгаад урьдчилгаа өгч байгаад дэлгүүрээ авч байсан. Ковидын үед шантраад уйлаад нойртой нойргүй хонож байсан үеүүд ч бий. Гэхдээ тэр үед брэндээ хүнд таниулахын тулд цахим орчинг ашиглаад олны танил хүмүүс рүү танилцуулгаа явуулсан. Дээл хэрэгтэй бол надтай холбогдоорой, надад итгэж болно гээд хөгжүүлэлт хийж байлаа. Хэцүү үед олон хүмүүс надтай хамтран ажиллаж урам өгсөн. Анх үйлдвэрлэлээ эхлүүлж байхдаа зөвхөн эмэгтэйчүүдэд  зориулсан дээл хийдэг байлаа. 2-3 дахь жилээсээ бид эрэгтэй хүмүүсийн дээлийг хэмжээний дагуу хийж бэлэн худалдаалах болон захиалга авч хийдэг болсон. Зайлшгүй гэр бүлийн захиалгын хүрээнд хүүхдийн дээлний захиалгыг авна. Одоогоор бэлэн худалдаанд эмэгтэй эрэгтэй дээл, цамц, ууж, плаж, хантааз, өдөр тутамдаа өмсөж болох хөнгөхөн хувцаснууд сонголттой байна. Мөн бүсгүйчүүд маань дээлтэйгээ хослуулах бүс, малгай, ээмэг зүүлт, зүүсгэл бас сонголттой худалдаалдаг.

Уламжлалт хэв маягийг, орчин үеийн загварын чиг хандлагатай хослуулаад хүний биед тав тухтай, ур хийц, эсгүүрийн алдаагүй, дахин давтагдашгүй цор ганц дээл урлах нь “Ганган брэнд”-ийн хамгийн гол онцлог. Мөн бүтээгдэхүүн бүхэндээ сэтгэлээ шингээж, нэг л алдаа гаргасан бол ахин шинээр хийх зарчмыг баримталж байна. Монгол үндэсний хувцсыг эрт үед өдөр тутмын хэрэгцээндээ өмсдөг байсан. Харин орчин цагт хүндэтгэлийн арга хэмжээ, хурим найр, төрт ёсны эрийн гурван наадам, цагаан сар зэрэг баяр ёслолын үед өмсөх нь түгээмэл болжээ. Иймээс дээлний материалын чанар, өнгө загварын зохицол, оёдлын чанарт ихээхэн анхаардаг байна. 

Г.Эрдэнэтуяа: Ганган брэндийн оёдолчид монгол дээлний үндсэн загварыг эвдэхгүй, хүний биед эвтэйхэн, суулт, өмсгөл сайтай, биеийн сэтгэл ханамжгүй талыг нууж өгөх загварууд дээр анхаарч ажилладаг. Тэр нь ч манай хэрэглэгчдэд илүү таалагддаг. Манай бас нэг давуу тал бол нэг л удаа хэмжээгээ зөв авчихсан байхад пермерк дахин өмсөхгүйгээр дээлээ 100 хувийн гүйцэтгэлтэй дуусгаад хүлээлгэж өгдөг. Хатгамал шүр шигтгэхээсээ илүү материал сайтай, оёдол сайтай, хүн хэзээ ч гаргаад өмсөхөд үнэ цэнээ алдахгүй чанартай дээл хийхийг зорьдог. Монголоос авдаг торгонууд маань давтагдах магадлалтай. Хэдий сонголт ихтэй худалдаалж байгаа боловч цор ганц дээл болдоггүй. Одон найр хурим гээд олон хүн цугларсан газар эмэгтэй хүмүүс аль болох ганган чамин, цор ганц дахин давтагдашгүй дээл өмсөхийг хүсдэг шүү дээ. Энэ талаас нь би  бодож байгаад яг энэ хэрэгцээнд япон торго зохицох юм байна гэж шийдсэн. Япончуудын хийж байгаа торго ихэвчлэн ганц хувь, эсвэл цөөхөн тоотой, гар ажиллагаатай, алт мөнгөн утасны хольцтой байдаг. Мөн зураг нь дахин давтагдашгүй өвөрмөц утга агуулгатай, бэлгэдэлтэй, эко будагтай торгонууд байдаг гэдгийг судалж мэдсэн. Япон торго нарийхан жижигхэн учраас дээлэндээ оруулахын тулд их бодож хийдэг. Ганган брэндийн дээл Монголд давтагдахгүй цор ганц болдог учраас авч байгаа хүмүүс маань ч гэсэн сэтгэл хангалуун байдаг. Манай брэндийн дээлний товч шилбэ бол машинаар хадчихсан юм шиг нэгэн жигд харагддаг. Тийм байлгахыг би ажилчдаасаа шаарддаг. Хэрэв гологдсон бол тэр ажлын хөлсийг дахиж өгөөд ч хамаагүй дахин хадуулдаг. Худалдан авч байгаа зарим хүмүүс танайх товч шилбийг машинаар хадсан уу гэж асуудаг. Ямар ч сайн оёдог машин байлаач монгол дээлний товчин хадах технологийг гүйцэхгүй. Бидний хувьд анх ямар байхаар эхэлсэн тэр мөн чанараа  алдахгүй харин ч хөгжөөд, улам чанаржаад явж байна.

 

Түүнчлэн Ганган брэндийн хамт олон монгол үндэсний хувцсыг дэлхийд гаргах зорилгоор олон улсын үзэсгэлэн, загварын арга хэмжээнд тогтмол оролцдог. Мөн арлын Япон улсын хаврын баярт жил бүр зорин очиж, бүтээгдэхүүнээ сурталчилдаг байна. Учир нь Ганган брэндийн дээл, хантаазууд Япон улсын олон жилийн түүхтэй хамгийн сайн чанарын торгоор хийгддэг гэнэ.

Г.Эрдэнэтуяа: Гадаадад амьдарч байгаа монголчууд маань дээл хувцсаа өмсөөд наадам, цагаан сараа их хүндэтгэлтэй тэмдэглэдэг. Манай “Ганган брэнд” шинэ загвараа таниулах, үндэсний дээл хувцсаа сурталчлах зорилгоор хоёр дахь жилдээ Японы хаврын баярт зорьж очин оролцож байна. Япончууд ч гэсэн дээл худалдаж авдаг. Үндэснийх нь уламжлал болсон япон торгыг ашиглаад дээл хийж болдог юм байна гээд их сонирхон үздэг. Телевиз сэтгүүлийнхэн ирж зураг авдаг. Кимоногоо өмсөхөөс илүү япончууд монгол найзтай, очих дуртай, монгол надад таалагддаг гээд монгол дээлийг худалдаж авдаг тэр нь сайхан санагддаг. Мөн наадмаа хийх гээд очиж байгаа монгол хүмүүс жил болгон дээлийнхээ өнгийг сольж авна. Тэгээд үндэсний хувцсаа өмсөөд бөхийн барилдаан, дээлтэй алхалт хийдэг. Яг монголдоо байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхийн тулд айраг ууж, монгол хоол хүнс иддэг. Японоос гадна өөр улс оронд ч гэсэн үндэсний дээлээ таниулахын тулд бид нар аль болох үзэсгэлэн худалдаа, арга хэмжээнүүдийн саналыг хүлээж авч оролцдог.

Ганган брэнд үндсэн дөрвөн ажилтантайгаас гадна гэртээ хүүхдээ хардаг уран ээжүүдтэй хамтран ажиллаж, тэдэнд ажлын байрыг бий болгож байна. Мөн түүнчлэн ажилчдынхаа хөдөлмөрийг бодитоор үнэлэхийн зэрэгцээ  орон сууцтай болгох цаашлаад нийгмийн асуудлыг нь шийдэх, ур чадварыг сайжруулж мэргэшүүлэх тал дээр олон ажлыг хийж хэрэгжүүлдэг ажээ. 

Г.Эрдэнэтуяа: Монголд санасны тоогоор чадварлаг ажилчид олдоход хэцүү. Тиймээс би ажилчдадаа хатуу шаардлага тавьдаггүй дунд нь ороод ажиллаад ар гэр, нийгмийн бүхий л асуудлыг нь хамт шийдээд явдаг. Зөвхөн би хөгжөөд байхдаа биш хамт бүтээгээд хамтдаа амьдралаа дээшлүүлээд явах хэрэгтэй гэж боддог. Олон салбар нээгээд, нэр хүнд, эд мөнгө олох гэхээсээ илүү хийж байгаа зүйлээ чанартай хийхийг зорьдог. Хамт ажиллаж байгаа хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг шийдэхийн тулд байрны урьдчилгаанд 100 хувь хүүгүйгээр хамруулж байна.

Үндэсний хувцас захиалгаар хийлгэх, бэлэн бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтэй хэн бүхэнд “Ганган брэнд” дэлгүүрийн үүд хаалга үргэлж нээлттэй. Түүнчлэн Ганган брэнд гэсэн албан ёсны фейсбүүк пейж хуудсаар ороод захилгаа өгөхөөс гадна монгол урлаачдын ур ухаан шингэсэн бэлэн дээлүүдийн зургийг харж, сонголтоо хийх боломжтой гэнэ. Мөн тус үйлдвэр нь гадаадад байгаа иргэдийн захиалгын дагуу хүссэн өнгө загвараар, монгол хувцсыг углаж өгч байна.  Ганган брэндийн хамт олон хэрэглэгчээ дээдэлсэн үйлчилгээг үзүүлж, Монгол үндэсний хувцасны өв санг баяжуулан, олон улсад сурталчлах зорилготой зургаа дахь жилээ ажиллаж байна.

 

Үзсэн: 3655

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна