Марафон гүйлтийн төрөлд оролцох тамирчдын нэрийг эцэслэн зарлалаа
Өнөөдөр зарласан дэлхийн чансаагаар гавьяат тамирчин Б.Сэр-Од 1180 оноогоор 80-д багтаж, Парисыг зорих эрхээ албан ёсоор баталгаажуулав
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос “Парис-2024” Олимпын наадмын хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд оролцох тамирчдын нэрийг эцэслэн зарлалаа. Одоогоос яг нэг сарын өмнө Данийн Копенхаген хотод “Парис-2024” зуны Олимпын наадмын эрх олгох марафон гүйлтийн сүүлийн уралдаанд гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19.25 цагийн амжилтаар 14 дүгээр байрт хурдалж, “Парис-2024” зуны Олимпын наадамд өрсөлдөх болзол хангасан байдаг. Тэгвэл өнөөдөр зарласан дэлхийн чансаагаар гавьяат тамирчин Б.Сэр-Од 1180 оноогоор 80-д багтаж, Парисыг зорих эрхээ албан ёсоор баталгаажуулав. Марафон гүйлтээр Олимпын наадамд зургаан удаа оролцсон түүх дэлхийд байхгүй. Тэгвэл энэ түүхийг Монголын тамирчин 43 настай Б.Сэр-Од бичиж байна. Түүний хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа оролцсон цор ганц марафонч. Дэлхийн хөнгөнатлетикийн холбоо, ОУОХ-ноос “Парис-2024” Олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр 80, нийт 160 тамирчин оролцох журам гаргасан. Ингэхдээ нэг улсаас гурваас дээш тамирчин уралдуулахгүй байхаар тогтоосон юм.
Үзсэн: 1830
Tweet