Чингис хаан Үндэсний музей сан хөмрөгөө баяжууллаа
Тэдгээрийн дунд XIII-XIV зууны язгууртан эмэгтэйн хос галт шувуун дүрс бүхий алтан эмээл, хүрэл толь, мөнгөн сав суулга зэрэг онцлох үзмэрүүд багтжээ
Чингис хаан Үндэсний музей гурван дурсгалт газраас илрүүлсэн олдворуудаар сан хөмрөгөө баяжууллаа. МУИС-ийн Археологийн судалгааны төвийн хээрийн шинжилгээний баг Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойн хоёр булшийг 2022 онд малтан судалжээ. Уг дурсгалаас илэрсэн 26 ширхэг үзмэрийг Соёлын өвийн үндэсний төв сэргээн засварлаж, Чингис хаан Үндэсний музейн Монголын их эзэнт улсын танхимд үзмэр болгон дэглэлээ. Тэдгээрийн дунд XIII-XIV зууны язгууртан эмэгтэйн хос галт шувуун дүрс бүхий алтан эмээл, хүрэл толь, мөнгөн сав суулга зэрэг онцлох үзмэрүүд багтжээ. Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт оршдог Балгасан тал буюу "Гол Мод 2" бол Хүннүгийн язгууртны оршуулгын томоохон цогцолбор дурсгалт газар юм. Уг газраас олдсон зарим нэгэн хэрэглэгдэхүүнийг МУИС-ийн Шинжлэх, ухаан технологийн Улаанбаатар паркаас хүлээлгэн өглөө. Тус байгууллагаас өнгөрсөн онд Говьсүмбэр аймгийн Их Сансар хэмээх дурсгалт газар дахь Хүннүгийн үед хамаарах дөрвөн булшаас илрүүлсэн үнэт чулуун чимэглэлтэй бүсний арал тэргүүтэй үзмэрүүдийг хүлээлгэн өгч байжээ. Эдгээр дурсгалыг музейн Эртний төрт улсуудын танхимд дэглэхээр төлөвлөсөн байна.
Үзсэн: 2938
Tweet