Үндэсний бичиг үсгийн баярын нээлт Үндэсний номын санд боллоо
Чингисийн чулууны бичгийн 800 жил, Цогт хунтайжийн хадны бичээс буюу “Дуутын хар чулууны бичээс”-ний 400 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногт улс орон даяар тэмдэглэдэг Үндэсний бичиг үсгийн баярын нээлт Үндэсний номын санд боллоо. Өнөө жил 21 дэх удаагаа ёслон тэмдэглэж буй Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслолын үеэр “ЮНЕСКО-д бүртгэлтэй монгол өв” бичиг соёлын үзэсгэлэн, “Үндэсний бичиг, соёлын гайхамшигт дурсгалууд” үзэсгэлэнг олон нийтийн хүртээл болгов. Монгол бичгийн анхны дурсгал болох Чингисийн чулууны бичгийн 800 жил, Цогт хунтайжийн хадны бичээс буюу “Дуутын хар чулууны бичээс”-ний 400 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр 2024 оныг “Үндэсний бичиг соёлын жил” болгон зарлаад байна. Монгол Улсаас ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад бүртгэлтэй 7 дурсгал бий бөгөөд зургаа нь тус номын сангийн сан хөмрөгт хадгалагддаг юм. Үндэсний бичиг үсгийн баярт зориулсан үзэсгэлэнд ЮНЕСКО-д бүртгэлтэй эдгээр баримтат өвүүдийг тусгайлан дэлгэж, олон нийтэд толилуулж байна.
Үзсэн: 3138
Tweet