Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Тайландын харилцаа хамтын ажиллагааны 50 жилийн ой тохиож байна


Densmaa 2024-04-24 12:04

2027 он гэхэд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана

       Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 23-нд тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Пахид Тха-Нукорнтой албан ёсны хэлэлцээ хийлээ. Гадаад харилцааны сайд нар Монгол, Тайландын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хагас зуун жилийн туршид өргөжин тэлж, энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж буйг онцлон тэмдэглэв. Хэлэлцээний эхэнд сайд Б.Батцэцэг шашин, соёлын нийтлэг зүйлсээр холбогддог Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн ойн хүрээнд тус улсад албан ёсны айлчлал хийж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Талууд хоёр улсын улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх талаар санал солилцсон юм. Сайд Панпри Пахид Тха-Нукорн Монгол, Тайландын харилцаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд тогтвортой хөгжиж ирснийг онцолж, Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 14 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Талууд “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 2027 он гэхэд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах, Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг ойрын хугацаанд эцэслэн дээд түвшний айлчлалын үеэр байгуулахаар тохиролцов. Түүнчлэн хоёр тал Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн хүрээнд хамтран ажиллаж, төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулах, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын мэргэжилтэн бэлтгэх чиглэлээрх хамтын ажиллагааг үргэлжлүүлж, “Монгол, Тайландын хамтын ажиллагааны 2024-2025 оны хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар тогтов.

Үзсэн: 4090

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна