“Шинжлэх ухаан технологийн сэргэлт: Их сургуулиудын оролцоо” хурал болж байна
“Манай эрдэмтэн судлаачид өнөөдрийн байдлаар олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд бүртгэлтэй 8000 гаруй бүтээл хэвлүүлсэн бөгөөд тэдгээрээс 90 мянга гаруй удаа эшлэгдсэн байна
БШУЯ, МУИС, төрийн өмчийн их дээд сургуулиудын дундын удирдах зөвлөл хамтран “Шинжлэх ухаан технологийн сэргэлт: Их сургуулиудын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хуралд АНУ, Их Британи, Япон, Өмнөд Солонгос, Хятад, Герман зэрэг улсын 10 гаруй эрдэмтэн, Монгол Улсын их сургуулиудын багш нар, залуу эрдэмтдийн төлөөлөл 200 орчим хүн оролцож байна. Нээлтийн үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Манай эрдэмтэн судлаачид өнөөдрийн байдлаар олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд бүртгэлтэй 8000 гаруй бүтээл хэвлүүлсэн бөгөөд тэдгээрээс 90 мянга гаруй удаа эшлэгдсэн байна. Нийт бүтээлийн 80 гаруй хувийг шинжлэх ухааны академи, төрийн өмчийн голлох их сургуулиудын эрдэмтэд хэвлүүлжээ. Эдгээр бүтээлийн 70 гаруй хувийг төрийн өмчийн таван их сургуулиудаас бүтээсэн нь шинжлэх ухаан, инновацын хөгжилд их сургуулиудын оролцоо өндөр буйг илтгэж байгаа юм” хэмээв. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралд оролцож буй эрдэмтэн судлаачдад амжилт хүсч илгээлт хүргүүлсэн юм. Уг илгээлтэд, Засгийн газраас шинжлэх ухаан, технологийн салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж “Төр засаг, их сургууль, энтрепренер байгууллагууд санхүүжилтийн олон талт эх үүсвэрийн хамтарсан уян хатан тогтолцоог бий болгох нь чухал. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчид эдгээр асуудлаар олон улсын туршлага судалж, хэлэлцэн шүүж, бүтээлч санаачилга зөвлөмжийг гаргана гэдэгт найдаж байна. Та бүхний гаргасан санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин хамтран ажиллах болно” хэмээжээ.
Үзсэн: 3602
Tweet