Флоренц, Пармагийн их сургуульд "Монголын соёл судлалын төв"-ийг албан ёсоор нээлээ
Эл соёл судлалын төв нь монгол судлалын чиглэлээр ажилладаг судалгааны байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлж, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, мэргэжилтэн бэлтгэх үйлсэд хувь нэмэр оруулах юм
Бүгд Найрамдах Итали Улсын боловсролын төв болох Флоренц, Пармагийн их сургуульд "Монголын соёл судлалын төв"-ийг албан ёсоор нээлээ. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "монгол хэл, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх Монголын соёлын төвийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн байгуулна" гэсэн зорилтын хүрээнд энэхүү төвийг нээж буй юм. Нээлтийн ёслолд Флоренцийн их сургуулийн захирал Аллесандра Петручи, Пармагийн их сургуулийн дэд захирал Мария Чечилия Манчини тэргүүтэй хоёр их сургуулийн удирдлагууд үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир илтгэл тавьсан бөгөөд эрдэмтэн багш нар, монгол, итали оюутнууд өргөнөөр оролцов. Эл соёл судлалын төв нь монгол хэл, соёл, өвийг олон улсад сурталчлах, монгол судлалыг хөгжүүлэх, Монгол, Италийн соёлын солилцоог бэхжүүлэх үүрэг гүйцэтгэхээс гадна монгол судлалын чиглэлээр ажилладаг судалгааны байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлж, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, мэргэжилтэн бэлтгэх үйлсэд хувь нэмэр оруулах юм.
Үзсэн: 4467
Tweet