Парисын олимпод оролцох эрхээ авлаа
Зургаан жинд Монголын дөрвөн бөх зодоглосноос 62 кг жинд Пүрэвдоржийн Орхон Өмнөд Солонгосын Ли Ханбитыг даралтаар ялж Парисын олимпод оролцох эрхээ авлаа
"Парис 2024" олимпын наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотод үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй чөлөөт бөхийн зургаан жингийн барилдаанууд болов. Зургаан жинд Монголын дөрвөн бөх зодоглосноос 62 кг жинд Пүрэвдоржийн Орхон Өмнөд Солонгосын Ли Ханбитыг даралтаар ялж Парисын олимпод оролцох эрхээ авлаа. Тэрээр Узбекистаны Гулмира Айтмуратоваг 13-2 ялснаар эрхийн төлөө барилдахаар болсон юм. П.Орхон 2016 оны Риогийн олимпод оролцож байв. Мөн эрэгтэйчүүдийн барилдаан болж манай улс хоёр эрх авлаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Бат-Эрдэнэ Хятадын тамирчин Зушен Линийг ялснаар Парисыг зорих эрхтэй болов. Тэрбээр их шөвөгт үлдэх хариуцлагатай барилдаанд Йорданы бөхийг хожсон. Тэгвэл 125 кг-ын жинд гавьяат тамирчин М.Лхагвагэрэл дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Хятадын Дин Живэйг 2:0-ээр ялснаар Парисыг зорих эрхийг мөн өвөртөллөө.
Үзсэн: 2792
Tweet