Монгол-Австралийн харилцаа
Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг харгалзан хоёр орны харилцааны түвшинг ахиулан “Иж бүрэн түншлэл”-д хүргэх баримт бичгийн төслийг ойрын хугацаанд эцэслэн тохирно
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Австралийн Холбооны Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын 5 дугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо боллоо. Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хөдөө аж ахуй зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран Өргөтгөсөн түншлэлийн хүрээнд идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхт ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэснийг дурдаж, иргэд хоорондын харилцаа өргөжин бэхжиж буйг тэмдэглэв. Түүнчлэн Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг харгалзан хоёр орны харилцааны түвшинг ахиулан “Иж бүрэн түншлэл”-д хүргэх баримт бичгийн төслийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, дээд, өндөр түвшний айлчлалын хүрээнд тунхаглан зарлаж, харилцааны түүхэн шинэ хуудсыг нээх чиглэлд онцгойлон анхаарч ажиллахаа нотлов. Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хоёр улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр болон Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах, Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн квотыг нэмэгдүүлэх, “Ажиллах болон амрах виз”-д хамрагдах иргэдийн тоог харилцан нэмэгдүүлэхийн төлөө буйг илэрхийлэв.
Үзсэн: 3682
Tweet