Шууд нислэг эхлүүлэхэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ
Төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг хөрш орнууд болон БНЭУ зэрэг гуравдагч зах зээл руу экспортлох саналтай байгаа юм
ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветай уулзлаа. Уулзалтын эхэнд дэд сайд Л.Халтар, “Монгол, Энэтхэг улс хоорондоо алс хол зайтай оршдог ч олон жилийн түүхэн харилцаатай. Одоогоор монголын хувийн агаарын тээврийн компаниуд 10 гаруй удаагийн захиалгат нислэг хоёр улсын хооронд үйлдээд байгаа. Энэтхэгийн талаас газрын тос, мэдээлэл технологи зэрэг салбарт ажиллах мэргэжилтнүүд олноор ирж байгаа бол Монголоос Энэтхэг улс руу эрүүл мэндийн үйлчилгээ авах, шашны зан үйлд оролцох зэрэг зорилгоор аялдаг. Тиймээс цаашид шууд нислэг эхлүүлэхэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаа”-гаа илэрхийлжээ. Мөн Монгол, Энэтхэгийн хооронд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тохиромжтой хувилбаруудыг судлах, туршилтын тээвэр хийх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирсон. Монголд төмөр зам шинээр барих ажил эрчимжиж, ойрын хугацаанд зүүн, баруун босоо тэнхлэгийн төмөр замын коридорыг барьж байгуулна. Төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг хөрш орнууд болон БНЭУ зэрэг гуравдагч зах зээл руу экспортлох саналтай байгаа юм. Ингэснээр Тавантолгойн коксжих нүүрсийг Энэтхэг Улс руу экспортлох боломж нэмэгдэнэ.
Үзсэн: 2589
Tweet