Япон улсын Засгийн газрын 1.8 сая ам.долларын санхүүжилтээр төсөл хэрэгжинэ
Монгол оронд үерийн гамшгаас болж жилд дунджаар 24 сая ам.долларын хохирол амсаж, 92 иргэн амиа алддаг байна. Зөвхөн Улаанбаатар хотод болсон 2023 оны үерт 2000 гаруй иргэн өртсөн гэсэн судалгаа гарчэ
Япон улсын Засгийн газрын 1.8 сая ам.долларын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаас “Улаанбаатар хотын 9 дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд Нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах, хүн амыг авран хамгаалах чиг үүрэгтэй албадын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн нээлт НҮБ-ын байранд боллоо. Манай улсад төдийгүй дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтөөс болж ган, зуд, үер, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг ослын давтамж сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсээр байна. НҮБ-аас гаргасан судалгаагаар, Монгол оронд үерийн гамшгаас болж жилд дунджаар 24 сая ам.долларын хохирол амсаж, 92 иргэн амиа алддаг байна. Зөвхөн Улаанбаатар хотод болсон 2023 оны үерт 2000 гаруй иргэн өртсөн гэсэн судалгаа гарчээ. Төслийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд УОК-ын дарга С.Амарсайхан оролцож, хэлсэн үгэндээ, “Сүүлийн 40 жил тохиогоогүй төмөр буюу шилэн зудыг бид энэ өвөл даван туулсан ч өдгөө хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хот төлөвлөлтийг сайжруулах, үерийн далан, хамгаалалтын байгууламжуудыг засаж шинэчлэх, нэмж байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хэдий тийм боловч нийслэл хот орчимд шар усны үерээс улбаатай байгаль орчин, хөрсний бохирдлоос сэргийлэх, ундны усны эх үүсвэрийг хамгаалах, эрсдэлээс сэргийлэх асуудал хурцаар тавигдсаар байна. Яг энэ үед уг төслийг хэрэгжүүлж байгаа нь цаг үеэ олсон ажил гэдгийг онцлон тэмдэглэв. Үүний зэрэгцээ гамшгаас авран хамгаалах албадын техник тоног төхөөрөмж, хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх, үерийн эрсдэлтэй 18 бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барих, иргэд олон нийтийг мэдлэг мэдээллээр хангах чиглэлээр эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 ажилтныг Япон улсад сургаж дадлагажуулах юм.
Үзсэн: 3330
Tweet