Монгол Улсын иргэд Вьетнам руу визгүй зорчино
Монгол Улсын иргэд 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн БНСВУ руу визгүй зорчдог болно.
2023 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр Ханой хотноо “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан бөгөөд энэхүү хэлэлцээр ирэх 3 дугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байгаа юм. Ингэснээр, БНСВУ руу Монгол Улсын иргэд тус улсад 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна.
2024 онд Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр талууд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, ойн хүрээнд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар зорчигч, ачаа тээврийг хослуулан хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байдаг.
Үзсэн: 667
Tweet