Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын III бага хурал ирэх 6 дугаар сард болно
Руанда Улсын Кигали хотноо 2024 оны 6 дугаар сард болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын III бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны анхны хуралдаан Нью-Йоркид боллоо.
Хуралдааныг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд болон Австри Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч А.Маршик нар даргалав. Хуралдааны ерөнхий хэлэлцүүлгийн үеэр бага хурлын бэлтгэл ажлын явцыг танилцуулсны зэрэгцээ гишүүн улс, НҮБ-ын системийн болон олон улсын бусад байгууллагын 60 гаруй төлөөлөгч үг хэлж, Кигали хотноо болох бага хурлын ач холбогдол, Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын тогтвортой хөгжилд үзүүлэх хувь нэмрийн талаар санал солилцсон байна. Хуралдааны үеэр болсон ДГХБО-ын хөгжлийн ирэх 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэгт гишүүн улсуудын төлөөлөгчид идэвхтэй оролцож, төгсгөлийн баримт бичигт тусгах санал, байр сууриа илэрхийлжээ. ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хоёрдугаар хуралдаан энэ оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд болох ба энэ үеэр бага хурлын төгсгөлийн баримт бичгийн албан бус хэлэлцүүлэг үргэлжилэх юм.
Үзсэн: 351
Tweet