Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

"Мөнгөлөг шагшуурга-2024"


Densmaa 2024-01-26 01:01

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Мөнгөлөг шагшуурга-2024" мөсний баяр Ховд аймгийн Хар-Ус нууранд боллоо.

    Ховд аймаг нь Монгол алтайн их уулсын бүсэд орших бөгөөд Мөнххайрхан, Баатархайрхан, Хөхсэрхийн нуруу, Мянган угалзат зэрэг том том уул нуруудтай. Аймгийн нийт нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлдэг. Ховд, Буянт, Булган, Чонохарайх, Цэнхэр зэрэг том голууд тус аймгийн нутгаар урсах бөгөөд Хар-Ус, Хар, Дөргөн зэрэг нуурууд мэлтэлзэн оршдог. Монгол орны баруун хязгаар Ховд аймагт захчин, мянгад, дөрвөд, урианхай, казак, торгууд, өөлд гэх зэрэг үндэстэн ястнгууд амьдарч бүгд өөр өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас, дуу бүжиг зэрэг соёлын ялгаануудыг бий болгосон байдгаараа ихээхэн онцлогтой. Энэхүү Баруун Монгол түмний угсаатны соёлын онцлогийг таниулж, үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Мөнгөлөг шагшуурга-2024" мөсний баяр Ховд аймгийн Хар-Ус нууранд болж өндөрлөлөө. Тус баярыг анх 2009 онд байгаль хамгаалагчид, малчдын бүлэг, нөхөрлөлийн санаачилагаар зөвхөн Ховд аймгийн Хар-Ус нууранд өндөглөдөг Борцгор хотон шувуу болон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уриан дор зохион байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойш мөсний баярыг есөн удаа зохион байгуулжээ. Сүүлийн жилүүдэд мөсний баярын цар хүрээг нэмэгдүүлж баруун монголчуудын өв соёлын наадам хэлбэрээр зохион байгуулж буй талаар Ховд аймгийн засаг дарга Э. Болормаа ийнхүү ярилаа.

Э. Болормаа: Өнгөрсөн жил 2 өдөр нийлээд давхардсан тоогоор 35 мянган хүмүүс оролцсон бол энэ жил эхний өдөр гэхэд 40 мянган хүн оролцсон гэсэн тооцоог ажлын хэсгийнхэн гаргасан байна. Энэхүү мөнгөлөг шагшуурга арга хэмжээ 2009 оноос эхлээд нутгийн ард иргэд малчдын санаачилгаар эхэлсэн бол өнөөдөр өргөжин тэлсээр баруун бүсийн хэмжээний Монгол улсын урдаа барьдаг аялал жуулчлалын арга хэмжээ болсон байна. ЗДТГ-аас үүнийг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах цас мөсний баяр гэхээсээ илүү өвлийн өв соёлын олон угсаатны наадам болгох томоохон зорилгыг тавьсан байгаа. Өвлийн аялал жуулчлалыг амжилттайгаар хэрэгжүүлэхэд хэд хэдэн зүйлсүүдийг онцолж байгаа. 1-рт хэзээ болон нь тодорхой байх ёстой. Тиймээс бид өнгөрсөн жилийн арга хэмжээний хаалт дээр 2024 оны 1 сарын 3 дахь 7 хоногийн амралтын өдрүүдэд болно гэж зарласан. Цаашдаа ч гэсэн жил болгон 1 сарын 3 дахь 7 хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулна. Үүний үр дүнд холоос олон жуулчид ирсэн байна. Монгол улсын өнцөг булан бүрээс дотоодын жуулчид маань ирсэн байна. 2-рт өв соёлын арга хэмжээнүүдээ нэлээн өргөн дэлгэр болгосон. Арваад тэмцээнийг үндэслэн хийж байна. Мөн Мөнгөлөг шагшуурга 2024 –ийг Монголын сайхан соёл болсон Жангар туулийг хайлах ёслолоор эхлүүллээ. 3-рт ЖДҮ эрхлэгчид рүү анхаарсан. Худалдаа аж үйлдвэрийн танхимтай уялдаатайгаар ирсэн жуулчид үзэж харах юмнаас илүүтэйгээр худалдан авах зүйлсүүд байх ёстой гэдэг зорилтыг тавьсан. Ингээд баруун 5 аймгийнхаа ЖДҮ-лэл эрхлэгчдийг урьж дотоодын бүтээгдэхүүний борлуулалт хийхийг уриалсан. Цагаан сарын өмнө болоод ч тэр үү борлуулалт сайн байна. Увсын чацаргана , Говьалтайн чонон хармаг гэх зэрэг брэнд бүтээгдэхүүнүүдээ бүгд худалдаалсан.  Мөн хол ойроос зорин ирсэн хүмүүс монгол дээлээ өмсөж өв соёлоороо бахархан оролцсон хүн болгон энэ арга хэмжээг үнэхээр чимж чадлаа. Цаашид Монгол Улсын өвлийн аялал жуулчлалын урдаа барьсан арга хэмжээ болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

     “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баярын үеэр “Жангар” тууль хайлах ёслол, “Олон угсаатны өвлийн гоёл” загварын наадам, Монгол туургатны “Мөсөн сур харваа”, “Мөнгөн тэшүүр” сонирхогчдын уралдаан, “Бидний наадгай” олон угсаатны үндэсний тоглоом наадгайн уралдаан зэрэг олон арга хэмжээ зохион байгууллаа. Одоо үргэлжлүүлэн Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэнгийн яриаг хамтдаа сонсъё.

Б.Сандагсүрэн: Олон угсаатны өлгий Ховд нутгийн брэнд ажил мөнгөлөг шагшуургатай холбоотойгоор олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Баруун бүсийн спорт загасчлалын тэмцээн далай нуур дээр явагдаж байна. Мөн үүнтэй Ховд аймгийн хэмжээнд олон угсаатны хувцасны салон  нээлтээ хийсэн.  Мөнгөлөг шагшуурга баярын арга хэмжээтэй холбоотой маш олон төрлийн тэмцээн уралдаан боллоо. Тухайлбал тэшүүрийн уралдаан, хөл бөмбөгийн тэмцээн, адуучин тэмцээн, тэмээний уралдаан, ганган тэмээтэй хос шалгаруулах, олон угсаатны хоолны үйлчилгээ гэх мэт. Энэ жил баруун 5 аймгийн хэмжээнд хийж байгаагаараа онцлог. Иймээс баруун 5 аймгийн хурлын дарга, засаг дарга, тамгын газрынхан, соёл урлагийнхан гээд маш олон бүрэлдэхүүнтэйгээр ирж оролцож байна.

     Энэ жил мөсний баярын хүрээнд Жангар тууль хайлах ёслолыг анх удаа зохион байгуулснаараа онцлог байлаа. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн батламжит туульч, доктор Э.Баатаржав Жангар туулийн 3-5 бүлгийг товшуур хөгжимд тулгуурлан хайлсан байна. Жангар бол 15 дугаар зууны үед Ойрад түмний дунд зохиогдож, нийт Монголчуудын дунд тархсан ардын аман зохиолын нэг төрөл болох баатарлаг тууль юм. Жангар, Гэсэр, Монголын нууц товчоо зохиолуудыг Монголчуудын эртний утга зохиолын гурван оргил хэмээн нэрлэдэг.

     Хар ус нуурын мөсний баярын үеэр өвөл цагийн уламжлалт тоглоом наадгай, олон үндэстэн угсаатны соёл уламжлал бүхий сонирхолтой олон арга хэмжээнүүд болдгоороо онцлогтой. Үүний нэг нь “Мөнгөн тэшүүр” тэмцээнд бөгөөд энэ удаагийн тэмцээнд 5 насны ангилалд 137 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. 11-14 насны эмэгтэй ангилалд Мөст сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ижилхүслэн тэргүүн байр эзэлж, Жаргалант сумын 1-р сургуулийн сурагч Ариунжаргал хоёрдугаар байр эзэлсэн байна. Харин 15-18 насны эмэгтэй ангилалд 14 хүн оролцсоноос тэшүүрийн спорт сонирхогч Цэцэгмаа дэд байр эзэлжээ.

Цэцэгмаа: Би түрүү жил аав ээж хоёрынхоо авч өгсөн тэшүүрийг авчраад гулгаад тоглож байсан чинь манай багш намайг тэмцээн болох гэж байна чи оролцооч гэсэн. Тэгээд анхны тэмцээндээ тэр үед оролцоод 3 дугаар байр эзэлсэн. Харин энэ жил 2 дугаар байранд орлоо. Нэг шат ахилаа. Ээж аав 2 надад энэ тэшүүрийг авч өгсөн. Том болоод эргээд бодоход яагаад сонирхсон бэ гэхээр олон хүмүүстэй өрсөлдөхөөсөө илүү өөртэйгөө их өрсөлдөх юм шиг санагддаг. Маш их мэдрэмж шаарддаг спорт болохоор надад их таалагддаг. Тэмцээнд орсон бүх хүмүүстээ та нар бүгдээрээ мундаг байсан шүү. Зориод орж байна аа гэдэг чинь өөрийгөө  даван туулсан нэг том амжилт. Тиймээс илүү сайжраад дараагийн Мөнгөлөг шагшуургаараа өрсөлдье өө гэж хэлмээр байна.

     Харин насанд хүрэгчдийн эрэгтэй ангилалд Баян-Өлгий аймгаас зорин ирж оролцсон аврагч, гал сөнөөгч Узгэрис тэргүүн байр эзэлжээ. Тэрээр хүүхэд байхаасаа тэшүүрийн спортоор хичээллэж эхэлсэн боловч дунд нь завсарлаж гулгаагүй удсан байна. Харин “Мөнгөлөг шагшуурга-2024”-ийн тэшүүрийн тэмцээнд оролцож хүүхэд насны дурсамжаа сэргээжээ. Одоо түүний сэтгэгдлийг хамтдаа сонсъё.

Узгэрис: Би тэшүүрийн спортоор анх 5 дугаар ангидаа хичээллэж эхэлсэн. 2018 онд Ховд аймагт мөсний баярт ирээд 200 метрээс алтан медаль 500 метрээс мөнгөн медаль авч байсан. Түүнээс хойш  6 жил болсон байна.  6 жилийн дараа ахин тэшүүр өмсөж уралдаад түрүүлсэндээ баяртай байна.

      Баруун Монгол түмний соёлыг сурталчлах мөсний баярын үеэр “Шагшуурга галерей”-г дэлгэсэн нь үзэгчдийн талархлыг ихээр хүлээлээ. Тус задгай галерейд орон нутгийн 8 уран бүтээлчийн 200 гаруй шилдэг гэрэл зургийн байршуулжээ. Ховд нутаг бол үзэсгэлэнт байгаль, ховор ан амьтан, түүх соёлын нандин өв соёл ихтэй. Үүнийг гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээж нийтийн хүртээл болгох нь маш чухал гэдгийг гэрэл зурагчин Цэвээнравдан хэлж байна.

Цэвээнравдан: Ховд аймгийн тухайд хадгалж хамгаалж хойч үедээ зургаар болон дүрс бичлэгээр үлдээх олон сайхан нандин өв соёлтой. Түүнийг түгээн дэлгэрүүлэх олон түмэнд хүргэх нэг арга зам нь гэрэл зураг юм. Тэр бүхнийг манай гэрэл зурагчид контент бүтээгчид тал бүрээс нь авч тухайн үедээ сурталчлахаас гадна хойч үедээ өв болгож архивлан үлдээх чухал ажлыг хийж байна. Нэгэн мэргэн хүний хэлсэн үг байдаг үг үүл мэт арилахад гэрэл зураг л гагцхүү газар шороо мэт мөнхөрмүй. Гэрэл зураг бол тухайн агшныг үлдээдгээрээ түүхийн чухал ач холбогдолтой зүйл юм аа гэдгийг хэлье. Ховд аймагт маш өндөр ур чадвартай гэрэл зурагчид олон байгаа. Тэдгээрээс нэлээд хэдэн зурагчин энд гэрэл зургаа тавьж сонирхуулж байна. Энэ зургийг үзсэнээрээ Ховд аймгийн байгалиар аялсан юм шиг, Ховд аймагт байдаг олон  овог угсаатны өв соёлыг үзсэн юм шиг болж, мөн зэрлэг амьтан ургамлыг үзэж сонирхох боломжтой.  Энэ үзэсгэлэн манай нутагт ийм зүйлүүд байдаг түүнийг бид хайрлаж хамгаалах ёстой гэдэг сэдлийг төрүүлж байгаагаараа их ач холбогдолтой.

     Мөн Хар ус нуурын мөсний баярын үеэр атан тэмээний уралдаан болж 40 гаруй тэмээ уралдсанаас Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн малчин Э.Мөнгөншагайн унасан тэмээ түрүүлж, Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Т.Өсөхбаярын унасан тэмээ аман хүзүүджээ.

“Мөнгөлөг шагшуурга-2024” арга хэмжээний хүрээнд “Алтайн Сугас” загасчлалын тэмцээн Ховд аймагт анх удаа боллоо. Тус тэмцээнийг спорт загасчлалыг түгээн дэлгэрүүлэх, загасчлалын талаар хуулийн мэдээлэл хүргэх зорилго дор зохион байгуулжээ. Байгаль орчин аялал жуулчлалын яамны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Дөргөн сумын Далай нууран дээр  загасчлалын тэмцээнээ хийж, сумын байгаль орчны улсын байцаагч нар хянан явуулжээ. Тэмцээнд нийт 70 гаруй загасчин оролцсон гэдгийг зохион байгуулагч Бямбасүрэн хэлж байна.

Бямбасүрэн: Ховд аймгийн ЗДТГ Хар ус нуурын тусгай хамгаалалттай газар Тунгалаг буянт загасчлалын холбоо хамтран зохион байгуулсан Алтайн сугас спорт загасчлалын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. За энэхүү тэмцээнд нийт 15 баг бүртгүүлж оролцсоноос эхний 4 байрыг шалгаруулж тэмцээнийг дүгнэж байна. Тэмцээн  үндсэн 2 үе шаттай зохион байгуулагдсан. Э эхний шат цаг 30 минутын хугацаанд зохион байгуулагдаж 5 загас барьсан. 2 дугаар үе шат 2 цагийн хугацаатай зохион байгуулагдаж 8 загас нийт 13 загас барьж дүнгээ гаргалаа. Тэмцээн Дөргөн сумын Далайн нууран дээр зохион байгуулагдсанаараа онцлогтой. Бид бүхэн энэхүү тэмцээнийг зохион байгуулахдаа хууль дүрмийн дагуу албан ёсны зөвшөөрлийг Байгаль орчны яамнаас авсан. Мөн спорт загасчлалыг хөгжүүлэх өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд байгальд ээлтэй эко хоггүй байх, загасаа хайрлаж хамгаалах гэсэн уриатайгаар зохион байгууллаа.

     Хар ус нуурын мөсний баярт өндөр настан Р.Каватей оролцож анч бүргэдтэй зураг даруулах үйлчилгээ үзүүлжээ. Бүргэд нь том биетэй махчин шувуу бөгөөд Харцагынхан овогт хамаардаг. 60 гаруй зүйл байхаас ихэнх нь Евроази, Африкаар нутагладаг байна. Бүргэд нь бусад махчин шувуудаас хүчирхэг том бие, бахим хошуугаараа ялгардаг. Монгол нутагт Цармын, таравжи, бор, хан гэсэн дөрвөн төрлийн бүргэд байдаг ажээ.

Р.Каватей: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багт амран Каватей байна. Би эрт үеэс уламжлал болж ирсэн бүргэд тэжээдэг. Ховд аймгийн хар ус нууранд болж буй мөнгөлөг шагшуурга арга хэмжээнд ирж бүргэдтэй зураг авхуулах үйлчилгээ үзүүлж байна. Ховд аймагт бүргэдтэй ганцхан би байдаг. Би энэ бүргэдээ нэг настай ангаахай байхаас нь тэжээсэн. Тэжээгээд 4 сар болж байна. Миний бүргэд хүмүүсийг гартаа бариад зураг авхуулахад янз бүрийн зан авир гарахгүй, хүнд дассан бүргэд юм.

    Ийнхүү нүүдэлчин монголчуудын түүх өв соёл, ёс заншлын үнэт дархлааг тээн яваа Ховд нутгийнхан үндэсний өв соёлоороо бахархах түүнийгээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор байгалийн үзэсгэлэнт Хар ус нууртаа мөсний баяраа амжилттай хийлээ. Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай, цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур бөгөөд Хар нуур, Дөргөн нууруудыг оролцуулан 1997 онд улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Тус цогцолбор газарт 54 зүйлийн хөхтөн амьтан, 268 зүйлийн жигүүртэн шувуу, 455 зүйлийн өвс ургамал, 4 зүйлийн загас, 6 зүйлийн мөлхөгч, 131 зүйлийн шавж амьдардгийг тогтоосон байна. Хар ус нуурын хотгор тектоник үүсэлтэй боловч удаан хугацаанаа ширгэж татарснаас эргийн байдал налуу талархаг болсны дээр эргийн зурваст зэгс шигүү ургаж намагжсан байна. Хар ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь 400 ам километр талбайтай, 30 орчим километр урт, усны мандлаас 272 метр өндөр Агшаб хэмээх арал бөгөөд тэрээр Хар ус нуурыг хойд урд гэсэн том жижиг хоёр хэсэгт хуваадаг байна. Хар ус нуурыг хамарсан уг цогцолбор газрын байгалийн тогтоцыг судлаачид гайхамшигтай хэмээн дуу алддаг. Энд цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс байдаг бөгөөд байгалийн гайхамшигт урлан мэт оршдог. Зарим тохиолдолд үзүүлэн болгож зориуд урласан мэт харагддаг. Энд ирсэн гадаадын жуулчид Хар ус нуурыг “газрын диваажин” хэмээн шагшин магтдаг ажээ.

Үзсэн: 809

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна