Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс, БНТУ-тай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна


Densmaa 2024-01-18 12:01

“VOM podcast” нэвтрүүлэгт БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш оролцлоо.

Асуулт: Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаад баярлалаа. Монгол-Турк улс өнө эртний холбоотой улс. Харин энэ 2024 онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна. Та юуны өмнө хоёр орны харилцааны өнөөгийн байдлын талаар  танилцуулна уу?

Элчин сайд Зафер Атеш: Турк Улс, Монгол Улстай 1969 онд дипломат харилцаа тогтоосон. 1996 онд Турк Улс Улаанбаатар хотод өөрийн элчин сайдын яамаа нээсэн бол Монгол Улс Анкара хотноо 1997 онд элчин сайдын яамаа нээсэн. Тэр үеэс хойш манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт хөгжиж ирлээ. Мөн өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмол хийж ирсэн. Ялангуяа “ковид” цар тахлаас хойш хоёр орны харилцаа эрчимтэйгээр хөгжиж байна. Цаашид ч улам эрчимжүүлэхийн төлөө бид ажиллах болно. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллаагааг өргөжүүлэхийн зэрэгцээ соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг бусад бүх салбарт харилцаагаа өргөжүүлж, шинэ түвшинд гаргахыг зорьж байна.

Асуулт: Энэ жил тохиох 55 жилийн ойн хүрээнд хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааны түвшнийг ахиулж, “стратегийн түншлэл”-д хүргэх асуудлыг хоёр улсын Гадаад харилцааны яамнаас ярьж байсан. Энэ бүхнийг ажил хэрэг болохын тулд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

Элчин сайд Зафер Атеш: Манай хоёр улс өнөөдөр иж бүрэн түншлэлийн харилцаатай. Улс төрийн зорилгын хувьд энэ түвшинг стратегийн түншлэлд хүргэн ахиулах хэрэгтэй. Иймд эхний боломж гармагц энэ харилцааг стратегийн түншлэлд хүрснийг зарлах төлөвлөгөөтэй байна. Магадгүй энэ жил үүнийг зарлана гэж бодож байна. Учир нь манай хоёр орны төрийн тэргүүн нарын харилцан айлчлал энэ онд хийгдэхээр яригдаж байна. Мөн түүнчлэн сайд нарын болон парламентын түвшний харилцан айлчлал хийнэ. Тухайлбал Үндэсний их хурлын дарга болон Гадаад бодлого, Үндэсний батлан хамгаалах хорооны төлөөлөгчид энэ онд Монголд айлчлахаар төлөвлөсөн. Эдгээр өндөр дээд түвшний айлчлал нь дипломат харицаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд хийгдэх юм.

Асуулт: Турк манай “гуравдагч хөрш” улс. Тиймдээ ч манай улс Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй харилцаандаа онцгой ач холбогдол өгч, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэхийг эрмэлзэж ирсэн. Монголчууд Турк руу 30 хоног визгүй зочдог болсон, мөн худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тулгамдаж байсан тээвэр, логистикийн асуудлыг талууд шийдвэрлэснээр манай хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байна. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд  цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

Элчин сайд Зафер Атеш: Сүүлийн жилүүдэд манай хоёр орны худалдааны харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа “ковид” цар тахлаас хойш эрчимтэй өсөж байна. “Ковид”-ын өмнө хоёр орны худалдааны эргэлт нийтдээ 38 сая ам.доллар байсан бол 2022 онд энэ тоо 110 сая ам. долларт хүрч өссөн. Өнгөрөгч 2023 оны статистик хараахан гараагүй байгаа боловч 2022 оныхтой төстэй тоо гарна гэж бодож байна. Харин энэ жилийн хувьд бид худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэхийг хүсэж байна. Худалдааны салбарт хамтран ажиллах хоёр механизм байдаг. Үүний нэг нь Турк-Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, нөгөө нь  Турк-Монголын бизнесийн зөвлөл юм. Турк-Монголын бизнесийн зөвлөлөөс Турк-Монголын бизнес форумыг зохион байгуулдаг бөгөөд энэ жил энэхүү форумыг Улаанбаатар хотод зохион байгуулна гэж бодож байна. Уг форум нь хоёр орны худалдааны харилцааг эрчимжүүлж, өсөлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн бид Турк-Монголын аялал жуулчлалын форумыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Монгол Улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Мөн Turkish Airline компани Турк, Монголын хооронд шууд нислэг үйлдэж байна. Иймд аялал жуулчлалыг дэмжих Монгол Улсын хүчин чармайлтад бид хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа юм. Ингэхдээ зөвхөн Турк төдийгүй гуравдагч улс орнуудтай аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллах сонирхолтой байна. Турк-Монголын аялал жуулчлалын форум нь хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Учир нь Турк Улс жил бүр 50 сая гаруй жуулчин хүлээн авдаг. Тиймээс бид аялал жуулчлалын салбарт өөрийн орны туршлагыг хуваалцахдаа бэлэн байна. Монгол бол туркчуудын зүрх сэтгэлд ойрхон байдаг орон. Иймд тэднийг ч мөн Монголд зочлохыг уриалах юм.  

Асуулт: Манай хоёр орон нэн эртний харилцаатай байсны баримт болох түүх соёлын олон дурсгал Монгол, Туркийн газар нутгаас олдсоор байна. 2022 онд Монгол-Туркийн хамтарсан судалгааны баг Туркийн зүүн хэсгийн Ван мужаас Хүлэгү хааны зуны ордны туурь олсон, мөн Монголын Архангай аймгаас эртний ховор олдворуудыг олж илрүүлсэн. Хоёр орны түүх, соёлын хамтын ажиллагааны талаар танилцуулна уу?

Элчин сайд Зафер Атеш: Туркчууд монголчуудтай маш эртнээс харилцан холбоотой амьдарч ирсэн. Монгол Улс Туркийг “гурав дахь хөрш” гэж үздэг. Харин би Туркийг Монгол Улсын “хамгийн эртний хөрш” орон гэж хэлмээр байна. Зөвхөн дан ганц би төдийгүй туркчууд бүгд л Монголын тухай надтай адил бодолтой байдаг. Түүхийн олон жилийн туршид бид нэг газар нутагт, зэрэгцэн оршиж байсан. Тиймээс ёс уламжлал, соёл гээд бидэнд ижил төстэй олон зүйл бий. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд Монголын өв соёлыг хадгалах, хамгаалах, сурталчлах чиглэлд эрчимтэйгээр хамтран ажиллаж байна. Тухайлбал Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА-гийн шугамаар Архангай аймгийн Хөшөө цайдамд музей байгуулсан. Мөн одоо Налайх дүүрэгт Тоньюкукийн гэрэлт хөшөөнд зориулсан музейг барьж байна. Энэ харилцаа цаашид ч үргэлжлэх болно. Гэхдээ зөвхөн нэг чиглэлд биш хоёр тийш чиглэсэн ажлыг хийж байна. Тухайлбал хоёр орны археологчид Хүлэг хааны зуны орны туурийг Туркийн зүүн хэсгийн Ван мужаас олсон тухай та түрүүнд дурдсан. Үүнтэй холбоотой судалгаа шинжилгээний ажил одоо ч үргэлжилсээр байна. Туркийн талаас энэ ажилд онцгой ач холбогдол өгч, дэмжиж ажиллаж байна. Энэхүү олдворын гол ач холбогдол нь Чингис хааны ач хүү Хүлэг хаан өнөөгийн Туркийн зүүн хэсэгт ирээд, тухайн газар нутгийг ихэд таашааж өөрийн зуны орд өргөөгөө тэнд байгуулсан байгаа юм. Туркийн археологчид жил хагас гаруйн өмнө уг зуны ордны туурийг олж илрүүлсэн. Түрүүн хэлсэнчлэн судалгааны ажил үргэлжилсээр байгаа бөгөөд цаашид илүү олон түүхэн олдворыг олох байх гэж найдаж байна. Уг зуны ордноос олдсон олдворуудтай төстэй олдворыг Хархорум хот болон Эрдэнэзуу хийдийн ойролцоогоос мөн олж илрүүлж байсан байдаг. Иймд археологи, соёлын хамтын ажиллагаа нь манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд зүй ёсоор багтдаг бөгөөд бид цаашид энэ хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө дэмжиж ажиллах болно.

Асуулт: Эдгээр газар цаашдаа аялал жуулчлалын онцгой маршрут болж болох юм.

Элчин сайд Зафер Атеш: Тийм ээ, эдгээр олдвор нь аялал жуулчлалын болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Миний бодлоор хамгийн чухал манай хоёр ард түмний иргэд хоорондын харилцааг ойртуулахад илүү нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Жишээ нь монголчууд Туркид ирэхдээ Хүлэг хааны зуны ордны туурь байсан газарт зорчиж болно. Магадгүй энэ судалгааны ажлын хүрээнд тэнд музей барихыг үгүйсгэхгүй. Тэгвэл монголчууд тэнд очиж, өвөг дээдсийнхээ амьдарч байсан газрыг үзэх боломжтой болно. Туркчуудын хувьд мөн адил шалтгаанаар Монголыг зорьж болно.

Асуулт: Манай хоёр орны хувьд эртнээс холбоотой байсныг батлах нэг зүйл нь монгол, турк хэлний төсөөтэй байдал гэж хэлж болно. Монгол, туркээр ижил дуудлага, утгатай үг олон байдаг. Тухайлбал арслан, хатан, сандал зэрэг үгийг нэрлэж болно. Та энэ талаар сонирхон судалж байгаа гэж өмнө нь ярьж байсан. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

Элчин сайд Зафер Атеш: Юуны өмнө би мэргэжлийн хэл шинжээч биш гэдгээ хэлмээр байна. Гэсэн ч хоёр хэлний төсөөтэй талыг сонирхдог. Хэл шинжээчдийн хэлж байгаагаар монгол, турк хэлэнд 2000 гаруй төстэй үг байгааг судалсан байдаг. Миний хувьд өдөр бүр нэг шинэ төстэй үг олж мэддэг. Энэ тухайгаа Монгол найз нөхөдтэйгөө хуваалцаж, ижил төстэй үгийг жишээгээр тайлбарлаж, ярилцдаг. Зөвхөн үг төдийгүй дүрмийн хувьд, өгүүлбэр зүйн хувьд ч адил зүйл маш олон. Үүнийг манай хоёр ард түмэн олон зуун жилийн туршид хамт амьдарч байсан түүхтэй холбон тайлбарлаж болно гэж бодож байна. Үүний нэг баталгаа нь хэлний төстэй байдал юм. Та түрүүн хэдэн жишээ үг хэлсэн. Би ч мөн ижил төстэй үгсээс хэдэн жишээ хэлмээр байна. Тухайлбал алтан-altin, эрдэм - erdem, үзэм-ьzьm, шар-sarı, хөх-gok, хар-kara гэх мэтчилэн маш олон үг хэлж болно. Өөр бусад ямар ч хэлэнд ийм олон ижил төстэй монгол үг байдаггүй. Үүний нэгэн адил ийм олон ижил төстэй турк үг монгол хэлнээс өөр хэлэнд байдаггүй. Надаас турк хэлтэй хамгийн төстэй хэл ямар хэл вэ гэж асуувал монгол хэл гэж би хариулах болно. Тиймээс би үүнийг “үнэт эрдэнэ” гэж хувьдаа эрхэмлэн нэрлэмээр байна. Энэ бол манай хоёр орны ард түмний соёлын эрхэм нандин үнэт өв юм.

Асуулт: Хэл шинжлэлийн чиглэлд хоёр тал хамтарсан судалгаа хийдэг үү?

Элчин сайд Зафер Атеш: Та мэдэж байж магадгүй. Туркийн Измир Катип Челеби их сургууль, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны протокол байгуулсан.  Энэ хүрээнд хоёр сургуульд хоёуланд нь Түрэг судлалын тэнхим ажилладаг. Измир Катип Челеби Их сургуульд таны асуусан турк, монгол хэлний судалгааг хийдэг. Тэд турк, монгол төстэй үгсийн жагсаалтыг гаргахаар судалгааны ажил хийж байгаа юм.  

Асуулт: Хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны тухай ярина уу?

Элчин сайд Зафер Атеш: Манай хоёр орон боловсролын салбарт маш сайн хамтын ажиллагаатай. Бид Туркийн засгийн газрын тэтгэлгийг жил бүр олгож байна. Та бид хоёрыг ярьж байх энэ үед манай засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байгааг дуулгахад таатай байна. Иймд Туркэд суралцахыг хүсэж, зорьж байгаа Монгол найз, ахан дүүстээ манай тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгөхийг урьж байна. Энэ жил яг хэдэн хүнд тэтгэлэг өгөхийг хэлж мэдэхгүй байгаа ч жил бүр тэтгэлэгт хамрагдах хүний тоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Тухайлбал өнгөрсөн жил 64 хүн манай засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан. Тэтгэлэгт сургалтын төлбөр, 2 талын нислэгийн зардал, дотуур байр, сар бүрийн амьжиргааны тэтгэлэг болон даатгал зэрэг тухайн хүний суралцах хугацааны бүхий л зардлыг оруулсан. Нийтдээ 1600 гаруй монгол энэхүү тэтгэлэгт хамрагдан БНТУ-д суралцаад байгаа юм. Үүн дээр хувийн зардлаараа Туркэд суралцсан монголчуудыг нэмвэл энэ тоо 2000 давах юм. Туркэд төгсөгчид манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааны гүүр болдог гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. АТА буюу Туркэд төгсөгчдийн холбоо Монголд маш идэвхитэй үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал жил бүрийн Туркийн засгийн газрын тэтгэлэг зарлагдах үеэр Туркэд хэрхэн суралцах талаар олон нийтэд чиглэсэн арга хэмжээг тус холбооноос зохион байгуулдаг. Энэ ялдамд та бүхнийг манай Элчин сайдын яамны сошиал хаягаар зочилж, Туркийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг урьж байна.

Асуулт: Ямар салбар, чиглэлээр суралцах хүн энэ тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж болох вэ?

Элчин сайд Зафер Атеш: Тэтгэлэгт хөтөлбөрт тодорхой нэг заасан мэргэжил, чиглэл байхгүй. Ямар ч мэргэжлээр суралцахыг хүссэн хүн тэтгэлэгт материалаа өгч болно. Хүсэлт өгсөн хүмүүсийн материалыг Анкара хотноо шалгаж, дүгнээд хариуг өгдөг. Туркийн их сургуулиуд маш сайн боловсрол олгодог учир монгол анд нөхөддөө Туркид очиж суралцахыг санал болгож байна.

Асуулт: Энэ жил манай хоёр орны дипломат харилцааны 55 жилийн ойг тэмдэглэх учир Элчин сайдын яам маш завгүй ажиллах байх. Элчин сайдын яамны зүгээс цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлын тухай танилцуулна уу?

Элчин сайд Зафер Атеш: Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн хоёр орны ерөнхийлөгч, сайд нар, парламентын зэрэг өндөр дээр түвшний харилцан айлчлал ойн хамгийн чухал хэсэг байх бөгөөд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Түүнчлэн соёлын арга хэмжээг зохион байгуулна. Мөн хоёр талын Шинжлэх ухааны академи хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Та бүхнийг манай сошиал хаягийг дагаарай гэж дахин хэлмээр байна. Та бүхэн манай хаягийг дагаснаар үйл явдлын шинэ мэдээтэй цаг алдалгүй танилцах боломжтой юм.

Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ирээдүйд улам бүр гүнзгийрэн хөгжинө гэж найдаж байна. 

Элчин сайд Зафер Атеш: Баярлалаа. Танай нэвтрүүлгээр дамжуулан хоёр орны харилцаа, хамтын ажиллаагаа болон ойрын үед хийхээр төлөвлөж байгаа ажил, ирээдүйн хэтийн төлөвийн талаар олон нийтэд мэдээлэл өгсөндөө баяртай байна. Энэ боломжийг гаргаж өгсөн MNB-ийн хамт олонд талархснаа илэрхийлэхийн ялдамд цаашид ч хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлмээр байна.

Үзсэн: 836

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна