“Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо
“Монголын сайхан бичигтэн-2023” уралдаанд 1600 орчим хүн, түүний дотор БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орон, Япон, БНЧУ-ын монгол бичигтнүүд бүтээлээ ирүүлжээ
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сониноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уралдааны найман ангилалд тэргүүн байр эзэлсэн оролцогсдод шагналыг нь гардуулан баяр хүргэж, амжилт хүсэв. Тэрбээр цаашид үндэсний бичгийг төрийн харилцаанд хэрэглэхэд шаардагдах бэлтгэлээ бүрэн хангах, төрийн албан хаагчдыг монгол бичигт сургах, монгол бичгийн олон улсын стандарт кодчилол боловсруулж батлуулах, “Үндэсний бичгийн журамласан толь” бүтээж хэвлүүлэхийг Засгийн газар, холбогдох яамд эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ. “Монголын сайхан бичигтэн-2023” уралдаанд 1600 орчим хүн, түүний дотор БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орон, Япон, БНЧУ-ын монгол бичигтнүүд бүтээлээ ирүүлжээ. Уралдааны хамгийн бяцхан оролцогч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хоёрдугаар ангийн сурагч Э.Алтантүлхүүр, хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн, 101 настай Жигмэдсүрэн, нийслэлийн Хан -Уул дүүргийн иргэн, 79 настай С.Цэнд-Аюуш нар байлаа.
Үзсэн: 909
Tweet