Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Дижитал шилжилт: Виртуал орчинд ажиллах нь


Densmaa 2023-11-29 02:11

МУИС-ийн профессор, МУИС-ийн дэргэдэх “Гарааны дижитал солюшнс” ХХК-ийн захирал А. Энхбаяр: "Виртуал технологиудыг хөгжүүлж түүх өв соёлыг залуу үедээ шинэлэг байдлаар хүргэхээр ажиллаж байна".

   “Дижитал шилжилт: Виртуал орчинд ажиллах” нь хэлэлцүүлэг олон улс төдийгүй дэлхийн түвшинд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачдын мэдлэгийн менежмент, онол практикийн туршлагаас суралцах, тэдэнтэй ярилцлага өрнүүлэх боломжийг нээж өгдгөөрөө онцлогтой. Энэхүү цуврал хэлэлцүүлэгт ХБНГУ-ын Мюнхений Их Сургуулийн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ерөнхийлөгч доктор, профессор Ханс-Вернер Зинн, Транспаренси Интернэшнл төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч доктор профессор Петер Айген зэрэг эрдэмтэн уригдан оролцож, сонирхолтой илтгэл хэлэлцүүлж байжээ. Энэ удаагийн хэлэлцүүлгийн хүндэт илтгэгчээр МУИС-ийн профессор, МУИС-ийн дэргэдэх “Гарааны дижитал солюшнс” ХХК-ийн захирал А. Энхбаяр уригдан оролцлоо.

А. Энхбаяр: Аж үйлдвэрийн шинэ эрин эхэлж байна. Энэ эриний гол өөрчлөлтийг дижитал шилжилт гэж яриад байна. Дижитал шилжилт гэдэг ойлголт нь ерөнхийдөө 10 гаран технологи дээр суурилж бий болж байгаа юм. Та бүхний сайн мэдэх хиймэл оюун ухаан, янз бүрийн дижитал технологиуд, интернэт, 5G гээд л өчнөөн технологиуд байна. Энэ бүгдийг зэрэг хөгжүүлэх боломж хязгаарлагдмал байна. Бид нарын гол зорилго бол метаверс, виртуал реалити гэх мэт виртуал технологиудын тухай ойлголтыг олон нийтэд хүргэх. Эдгээр технологийг хөгжүүлээд түүх өв соёлыг залуу үедээ арай шинэлэг байдлаар хүргэх, боловсролын хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна. Миний хувьд энэ удаагийн илтгэлээрээ виртуал технологи гэж юу вэ? хэрхэн ашиглахад вэ? ямар давуу талтай вэ? дэлхий ер нь хаашаа яваад байна вэ гэдгийг энгийн байдлаар тайлбарлаж өгнө. Виртуал орчинд ажиллах чадварыг дунд сургуулийн хүүхдүүд, оюутнууд илүү сайн эзэмшиж байна. Учир нь тэд виртуал орчинд ороод янз янзын тоглоом тоглож байна. Мөн виртуал орчинд ганцхан хүн тоглох биш сурах, ажил хийх, музей үзэх зэргээр бодит амьдрал дээр ашиглах боломжтой гэдгийг ойлгож эхэлж байна. Дэлхий нийттэй харьцуулахад манай улс ямар түвшинд явж байна гэж асуулаа. Дэлхий бол асар хурдтай хөгжиж байна. Манай улсын хувьд энэ хөгжлийн хурднаас нээх хол хаягдаагүй ямар ч байсан дэлхий хаашаа явж байна бид тийшээ явж байгаа. Бидний гол зорилго бол дэлхий нийт ингэж хурдацтай хөгжиж байхад бид хоцорч болохгүй ядаж зэрэгцээд явах хэрэгтэй гэдэг үүднээс чадах ядахаараа хөгжүүлээд явж байна. Жишээ нь Монголын анхны түүх соёлын “Гүег” метаверс гэдгийг байгууллаа. Дэлхий дээр амьдарч байгаа 30 гаруй мянган хүн бүртгүүлж ороод түүх соёлтой танилцаж, музей үзэж болж байна. Удахгүй виртуалаар сургуульд сурч ажиллах боломжтой болно гэх мэт иймэрхүү зүйлийг хийгээд явж байна.

     Доктор профессор А.Энхбаяр нь Япон Улсын Иватэ их сургуульд Инженерчлэлийн ухаанаар 2013 онд докторын зэрэг хамгаалсан. Улмаар 2014 оноос эхлэн МУИС-ийн дэд профессор, профессорор, 2019 оноос МУИС-ийн дэргэдэх “Гарааны дижитал солюшнс” ХХК-ийн захирлаар тус тус ажиллаж байна. Компьютер график, виртуал реалити технологийг өв соёл, боловсролд нэвтрүүлэх зорилгоор “Хархорум хотыг виртуал орчинд сэргээн байгуулах” инновацын төсөл, “Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн дижитал загваруудыг математикийн аргаар судлах нь” зэрэг 10 гаруй төсөл удирдан хэрэгжүүлээд байна. Одоо түүний яриаг үргэлжлүүлэн хүргэе.

А.Энхбаяр: 2020 онд Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойд зориулаад Хархорум хотыг 800 жилийн өмнөх байдлаар нь виртуал байдлаар байгуулж хэрэглэгчид компьютер VR  төхөөрөмжөөр ороод үзээд байх боломжтой программ хийсэн. Энэ төслийн гол ач холбогдол нь юу вэ гэхээр түүх өв соёлыг залуу үеийнхэнд шинэлэг хэлбэрээр хүргэх, түгээн дэлгэрүүлэх юм. Хархорум хотыг монголчууд болон дэлхий даяараа 800 жилийн өмнө эзэнт гүрний нийслэл байсан гэдгээр нь бүгд л мэддэг. Гэхдээ мэддэг боловч хэн ч бодитоор харж үзээгүй. Тиймээс хүмүүсийн сайн мэддэг төсөөлдөг зүйлийг яг бодитоор дүрсэлж үзүүлсэн. 800 жилийн өмнө Хархорум хот, манай эзэнт гүрний нийслэл ийм байжээ гэдгийг л хүмүүст хүргэх зорилгоор үүнийг хийсэн. Энийг үзсэнээр залуу үеийнхэн өөрсдийнхөө түүх, соёлоор бахархах нэг боломж бүрдэж байгаа юм. Орон зайн харгалзахгүй дэлхийн хаанаас л бол хаанаас ороод Хархорум хотыг үзээд тайлбарыг нь сонсох боломжтой. Энэ төсөл 3 жил орчим үргэлжилсэн. Өв соёлын асар үнэ цэнтэй зүйлийн тухай учраас мэдээллийг зөв өгөх ёстой гэдэг зарчим баримталсан. Тиймээс энэ төслийг хэрэгжүүлэхэд маш том баг, олон судлаачидтай хамтарч ажилласан. Дундад зууны үеийн археологийн судлаач Эрдэнэбат ахлагчтай багш, түүхчид орсон. 13-р зууны үеийн хүмүүсийн хувцас хэрэглэл судалдаг судлаач хамтарч ажилласан. Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдийн дижитал загвар байгуулах төсөл мөн л анх хийсэн төслүүдийн нэг. Өндөр гэгээний хосгүй үнэт бүтээлүүдийг тусгай аргаар 3D технологиор хийсэн. Тухайн бүтээлүүд нь ямар учир утгатай бүтээл юм ямар ур хийцтэй вэ гэдгийг нь бодитоор үзэж байгаа юм шиг харах боломжтой. Энэ төслийн хүрээнд виртуал музей нээгээд Улаанбаатар хот болон орон нутгийн 7-8 музейд байрлуулсан.

     Дэлхий нийтээр үйлдвэржсэн нийгмээс мэдээлэлжсэн нийгэмд шилжиж байгаа өнөө үед мэдээллийн технологид суурилсан ажил, үйлчилгээ эрс нэмэгдэж байна. Иймд харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлага бүхий л улс орны өмнө тулгарч байгаа юм. Монгол улсын хувьд мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд ажиллах чадварлаг боловсон хүчний хүрэлцээ дэлхий нийттэй харьцуулахад бага байдаг. Иймээс улсдаа тэргүүлэгч МУИС мультимедиа технологийн анги нээж энэ чиглэлийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн.  Мөн мэдээлэл технологийн салбарын шилдэг багш нарыг урьж ажиллуулах, оюутан сурагчдын судалгаа хийх, дадлагажих орныг сайжруулах чиглэлд ихээхэн анхаарч ажилладаг тухай МУИС-ийн Улс Төр, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн захирал С. Мөнхбат ийнхүү ярилаа.

С. Мөнхбат: МУИС судалгааны их сургууль болох зорилтын хүрээнд дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиудад магистр докторын зэргээ хамгаалсан шилдэг залуучуудыг урьж багшлуулж байна. Манай сургуулийн багш нарын 50-аас доошгүй хувь нь гадаадын их дээд сургуулиудад магистр докторын зэрэг хамгаалсан. Тэр утгаараа гадаад сурсан сургуулийнхаа сургалт судалгааны ололт амжилтыг Монголд нэвтрүүлэх, цаашлаад өөрийнхөө сургалтын арга барилд ашиглах тал дээр амжилттай ажиллаж байна. Тийм учраас МУИС цаашдаа үндэсний хэмжээний манлайлагчдаас гадна дэлхийд өрсөлдөх чадвартай шилдэг боловсон хүчнүүдийг бэлтгэх гэсэн эрхэм зорилго дор нэгдэн ажиллаж байна. Оюутнуудыг дадлагажуулах чиглэлд мэдээж уламжлалт дадлагын түшиц газруудтай хамтран ажилладаг. Мөн сүүлийн жилүүдэд  оюутнуудын интершип хөтөлбөрийн хүрээнд зөвхөн дотоодын төрийн байгууллагууд хувийн хэвшлийн байгууллагууд ААН-үүдээс гадна харилцаа холбоо, хамтын ажиллагаатай  дэлхийн шилдэг их дээд сургуулиуд солилцооны шугамаар илгээж байна. Жишээлбэл Токиогийн их сургууль Сөүлийн их сургууль, Америкийн тэргүүлэх сургуулиуд Европын тэргүүлэх сургуулиудтай оюутан солилцдог. Ингэснээр оюутнууд маань тухайн улсын их дээд сургуулиудын сургалт судалгааны орчинтой танилцаж маш их мэдлэг сурч ирдэг. Ер нь дэлхийн шилдэг сургуулиуд хэрхэн хөгжиж байна яг тэр чиглэл рүү Монгол Улс хөгжих ёстой. Энэ тал дээр оюутнууд чиг баримжаатай болоод ирнэ гэдэг бол бид нарт маш чухал алхам юм.

    Одоогоос найман жилийн өмнө компьютер график, мультимедиа судалгааны нээлтэй лабораторийг байгуулжээ. Тус лабораторид нь энэ төрлийн технологи сонирхдог залуусын судалгааг хийлгэж тодорхой хэмжээний боловсон хүчнийг бэлтгэсэн. Өнөөгийн байдлаар тэдгээр залуучууд мэдээлэл технологийн салбарын удирдах төвшинд ажиллаж, гол чиг хандлагыг нь тодорхойлж байна. Харин энэ удаагийн хэлэлцүүлэг нь тухайн салбарынханд илүү хөгжих, дэлхийн чиг хандлагыг ойлгох, туршлага судлах боломжийг олгож буй гэдгийг МУИС-ийн профессор Н.Бурмаа хэллээ.

Н.Бурмаа: Бид олон улсад төдийгүй дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн судлаачдыг Монгол Улсад тэр дундаа Монгол Улсын тэргүүлэгч Их сургууль МУИС-д урьж хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Энэ хэлэлцүүлгийн давуу тал бол шилдэг илтгэгч нартай шууд ярилцлага өрнүүлж, асуулт асуух боломжтой байдгаараа их онцлогтой.  Энэ удаагийнх 22 дахь нь болж байна. Тэгэхээр өмнө нь 21 хүн оролцсон гэсэн үг. ХБНГУ Англи, Шинэ Зеланд, Франц, Испани зэрэг улс орнуудын шилдэг илтгэгч, экспертүүд оролцсон. Энэ удаагийн илтгэлийг сонсохоор ирсэн хүмүүс ихэвчлэн Цахим хөгжил, мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнүүд байна. Оролцогчид цахим шилжилт гэж юу вэ? цахим шилжилт, дижитал шилжилтийн ялгааны талаар ойлголт авлаа. Мөн виртуал орчинд яаж ажиллах юм вэ? Ялангуяа энэ Х, Y, Z-т үеийнхэнтэй хэрхэн хамтарч ажиллах вэ?  гэдэг талаар тодорхой мэдээлэл өгсөн хэлэлцүүлэг боллоо.

    Энэ удаагийн хэлэлцүүлэгт МУИС, Удирдлагын академи, ШУТИС, Дотоод хэргийн их сургууль, Төмөр замын дээд сургууль зэрэг их дээд сургуулиудын оюутан, багш нар оролцлоо. Мөн Монгол Улсын Төрийн Албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Мэдээллийн аюулгүй байдлын газар, Нийгмийн даатгалын газрын мэдээллийн технологийн төв, Нийслэлийн цахим хөгжлийн технологийн газар зэрэг байгууллагуудын төлөөлөл 150 гаруй мэргэжилтэн оролцсон юм.

Үзсэн: 766

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна