Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийж байна
Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын харилцааг өргөн хүрээтэй салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хуралд оролцох үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъянтай уулзав. Уулзалтаар Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын харилцааг өргөн хүрээтэй салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий дахинд тулгарч буй сорилтыг даван туулахад олон улсын хамтын нийгэмлэг төдийгүй улс бүр хувь нэмрээ оруулахын ач холбогдлыг тэмдэглэж, эдгээр чиглэлд хоёр улсын санаачилга, зорилтуудыг уялдуулан үр дүнтэй хамтран ажиллахын чухлыг онцлов. Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян тус улсын хөгжлийн хөтөлбөр, ирээдүйн зорилтуудын талаар танилцуулж, цаашид Монгол Улстай энэ өдөр байгуулж буй баримт бичгүүдийн хүрээнд олон салбарт хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагаагаа нягт, тууштай хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Дашрамд дурьдахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг АНЭУ-ын Абу Даби хотноо хүрэлцэн ирэхэд Монгол Улсын сүлд, монгол бичиг бүхий гэрэлтүүлгээр тус хотын өндөр барилгыг чимэн угтжээ. Монгол Улс, АНЭУ-ын хооронд 1996 онд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсаас АНЭУ-д суугаа Элчин сайд Ш.Одонбаатар 2021 онд анхны суурин Элчин сайдын хувиар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.
Үзсэн: 541
Tweet