"Мандмал их наран мэт миний Монголын хүүхнүүд"
Төр засгаа зөв жолоодож, улс гэрээ бүрэн бүтэн авч явахад “уран бэрийн нүүдэл” хэрэгтэй.
Айл гэрийн хоймрыг алгасаж тусдаггүй нарыг “Мянган гэрэлтэй” гэдэг юм гэнэ билээ. Гэр бүрт гэрэлтсэн Монголын сайхан хүүхнүүдээ Мандмал их наран хэмээн магтъя.
Бүрэн дэлгэрсэн лянхуй адил гоо үзэсгэлэнт, үр ханиа өрцнийхөө дор хадгалан хайрлах миний Монголын хүүхнүүд - Мянган гэрэлт мандмал их наран байлгүй яахав. Цадиг түүхийн их бичээсэнд Гоо марал, Алун гоо, Монголжин гоо, Баргужин гоо хэмээн эрхэмлэн нэрлүүлсэн дээдэс их хатдаасаа эхлээд хацар гоо хүүхнүүдээ магтъя.
Миний Монголын хүүхнүүдийн элэнц эмэг ямархуу улс байсныг 1253-1255 онуудад Монгол нутгаар жуулчилж байсан Гильям де Рубрук тэмдэглэн үлдээхдээ:
“ ... тэд ачаа бараа зөөж гэрээ ачаалдаг. Үнээ сааж ааруул хурууд хийдэг. Арьс боловсруулж шөрмөсөн уисаар гутал хувцас оёдог.Эсгий хийж гэр орноо бүрдэг”. Тийм ажилсаг авхаалжтай хүүхнүүд хэмээн магтсан бол, Марко Поло “Аян замын тэмдэглэлдээ: “Монгол эмэгтэйчүүд нум сумаар харваж чаддаг. Моринд гарамгай. Эрчүүдээ дайнд мордсон үед арталын үүргийг маш сайн гүйцэтгэдэг” хэмээн Монгол эмэгтэйчүүдийн зориг хатуужлыг гайхан дуу алдсан байдаг.
“Хөх судар”-т бичсэнээр бол 1204 оны улсын их чуулганд олон охид хүүхнүүд оролцсоны дотор жонон Мухулайн охин Саран хөхөө, Боорчийн охин Ундран гэрэл,Ажинай мэргэний охин Хун нуур болон Чингис хааны эх Өүлэн ээж, Чингис хааны их хатан Бөртэ үжин нар оролцсон ажээ. Тэрхүү хуралдайд оролцсон 9 эмэгтэйг “Эхнэрийн ёс сахилгыг эс алдсан алдарт эмэгтэйчүүд” хэмээн сайшаагаад, Хэрээдээс олзлогдсон Солонго охины ой ухааныг хотол даяар гайхан магтаж, “уудам мэргэн” хэмээн цоллон, малгай хоолойвч, эрхи-ээр шагнасан гэдэг.
Гэрийн ёсыг сайтар сахисан эмэгтэйг сайшаан шагнах уламжлалт ёс Богд хаант Монгол улсын үед ч мөрдөгдөж байжээ. Олноо өргөгдсөн 1914 онд Богд хааны зарлигаар Зостын чуулганы гүн Буянхишигийн авааль гэргий Алтанцэцэгийг, анх хадмалснаас хойш гэрийн ёсны хэлхээ журмыг чанд сахиж явсны тул өндөр өргөмжлөл олгож байжээ. Энэ мэтчилэн Монголын 40 гаруй эмэгтэйд төрийн өргөмжлөл олгож байсан байна.
Энэ мэтчилэн Монголын эмэгтэйчүүд Монгол газар төрт ёс үүсэн бүрэлдсэн аль тэртээ цаг үеэс эхлэн өнөөгийн дэвшил хөгжил бүхий эрин зуун хүртэл амь амьдрал, амин зуулгаа бүрэн бүтэн авч явж ирсэн баатарлаг түүхийн элч, гэрч нар билээ. Өнгөрсөн түүхийн ээдрээт он жилүүдэд Монгол хэмээх улс гэрийн ариун дагшин гал голомтыг бүрэн бүтнээр нь сахин хамгаалж, гэр бүтэн, нэр бүтэн, өрх бүтэн, өмч бүтэн явж ирсэн түүхийг Монгол эмэгтэйчүүд, эхчүүд үгүйгээр салган ойлгохын аргагүй.
Түүхийн олон үеийн нугачаанд эмэгтэйчүүд эр нөхөртөө өмөг түшиг, үр хүүхэддээ өр нимгэн эх нь болж, туурга тусгаар улсын тулах нэг багана нь байлаа.
Өнөөдөр ч энэ үүрэг хэзээ хэзээнээс илүү хэвээрээ л байна.
Үндэсний стасистикийн хорооны мэдээнээс хэдэн тоо баримт дурдъя.
Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 50,9 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эмэгтэйчүүдийн 2/3 нь хотод, үлдсэн хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Мөн нийт эмэгтэйчүүдийн 99 хувь нь бичиг үсэг тайлагдсан, 3 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой байгаа бол эрэгтэйчүүдийн хувьд 5 хүн тутмын нэг нь дээд боловсролтой байгаа нь дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Мөн хөдөлмөр эрхлэж байгаа нийт хүмүүсийн 48 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Энэ нь Монголын эмэгтэйчүүд мэдлэг боловсролтой болж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож байгаагийн илэрхийлэл юм. Харин тэд төр засгийн удирдлагад буюу шийдвэр гаргах түвшинд хэр оролцоотой байгааг УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөс харж болно. Өнөөдөр УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 17.3 хувь байгаа нь дэлхийн дунджаас 8 орчим хувиар, Азийн дундажаас 12 хувиар бага байгаа юм.
Монгол улсын үндсэн хуульд, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг тунхагласан байдаг. Монгол улс эмэгтэйчүүдийн эрхийн тухай бүхий л олон улсын конвенц, гэрээ хэлэлцээр, баримт бичигт алгасалгүйгээр нэгдсэн. Түүнчлэн Улсын Их Хурлаас Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний Хөгжлийн цогц бодлогыг баталж, 2021 он гэхэд улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30-аас доошгүй хувьд хүргэх зорилт тавьсан. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенц, хөгжлийн бодлого, хөтөлбөрт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сонгох, сонгогдох тэгш эрхийн талаар тусгасан хэдий ч бодит байдал дээр нэр дэвших гарааны нөхцөл хүйсийн хувьд ялгаатай байгаагаас үүдэн эрэгтэйчүүд илүү их нэр дэвшиж байгаа нь сонгогчдын эрх хязгаарлагдаж, тэнцвэр алдах нөхцөлийг бүрдүүлсэн хэвээр байна.
Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо бага байгаа нь хэд хэдэн шалтгаантай байдаг. Энэ нь нэг талаар үндэстний уламжлалт сэтгэлгээтэй холбоотой. Эмэгтэй хүнийг төрд зүтгүүлэхээс илүү гэрт зүтгүүлж ирсэн уламжлалт ойлголт хэвээр байна. Хичнээн мэдлэг боловсролтой ч гэсэн эмэгтэй хүнийг эрэгтэй хүний ард тавих сэтгэлгээ. Нөгөө талаар эмэгтэй хүн эмэгтэй хүндээ таатай биш ханддаг байгалийн шинж нөлөөлж байна. Энэ нь эмэгтэй сонгогчид эмэгтэй нэр дэвшигчдийг бус эрэгтэй нэр дэвшигчдийн төлөө дийлэнхдээ саналаа өгсөн байдаг. Жишээлж яривал, байгууллага хэлтсийн даргыг хүртэл эмэгтэй хүн биш байгаасай хэмээн ярилцах нь бий.
Сая үгүүлсэн баримтаас харвал төр засгаа зөв жолоодож, улс гэрээ бүрэн бүтэн авч явахад зарим үед “уран бэрийн нүүдэл” хийх хэрэгтэй мэт.
Угаасаа гэр барьж гэрийн тооно өргөхөд хос багана хэрэгтэй болдог. Энэ хос баганын нэг нь яах аргагүй эмэгтэй хүн байдаг. Эмэгтэйчүүд маань нийгмийн амьдралд улам бүр идэвхтэй оролцож, боловсрол мэдлэгтэй хүмүүсийн тоо ихэсч, эмэгтэй хүнийг үзэх уламжлалт хандлага өөрчлөгдөж байгаа энэ цаг үе цаашаа улам бүр төгөлдөржинө.
Одоо хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Цэдэвдамбын Ганчимэгтэй ярилцъя. Дархан-Уул аймгийн ИТХ нийт 33 төлөөлөгчтэйгөөс 4 нь л эмэгтэй төлөөлөгч байдаг. Цэдэвдамбын Ганчимэг бол тэдний нэг юм.
Ц. Ганчимэг: Би ер нь төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагаар хүмүүжсэн гэж хэлж болно. Олон улсын төрийн бус байгууллага, орон нутаг, үндэсний хэмжээний хүүхэд, залуучуудын хөгжлийн болон бусдад боломж олгоход чиглэсэн төрийн бус байгууллагуудаар олон жил ажилласан. Ингэж ажиллаж явж байгаад охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэл рүү өөрийн эрхгүй хазайгаад улмаар Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр нэрээ дэвшүүлэх зориг гаргасан. Ингээд аймгийхаа эмэгтэйчүүдийн байгууллагад ажиллаж эхэлсэн. Ингээд ажиллаад явж байхан яаж дуу хоолойгоо сонсгох вэ? Зөвхөн оролцоод эсвэл элдэв янзын төсөл хөтөлбөр санаачлаад явах нь яг нэг дороо дэвхцээд байгаа юм шиг, хүмүүст ч хүрэхгүй, шийдвэр гаргах түвшинд бүр ч очихгүй байсан. Тэгэхээр өөрөө манлайлаад, өөрөө оролдоод үзье гэж шийдээд 2020 онд анх удаа орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Ингээд харахад зөвхөн төрийн бус байгууллагаараа дамжуулж ажиллах, төлөөллөөр манлайлж ажиллах хоёрын ялгаа тэнгэр газар шиг өөр байдгийг мэдэрч байна. Тиймээс эмэгтэйчүүд өөрсдөө зориглоод оролдоод үзэх юм бол ажлын явц урагшладаг юм байна гэдгийг сонгогдохоос өмнө жилийн ажил, одоо хийж байгаа ажлын үр дүнгээс их ялгаатай харагдаж байгаа юм.
Асуулт: Дандаа эрчүүдтэй баг болж ажилладаг юм байна. Ингэж ажиллахад хүч дутах ч юмуу хүндрэл бэрхшээл гарч байсан уу?
Ц. Ганчимэг: Ер нь зөндөө л хүндрэлтэй тулгардаг. Би Дарханыхаа гэр хороололд нэр дэвшиж, сонсогдсон төлөөлөгч. Ингээд явж байхад “эмэгтэй хүн бол ийм, эрэгтэй хүн бол тийм” гэсэн олон нийтийн хэвшмэл ойлголттой өөрийн эрхгүй тулгардаг юм байна лээ. Зөвхөн нам улс төрийн институтын хүрээнд төдийгүй олон нийт эмэгтэй хүнийг анхнаасаа харахдаа өндөр шалгуураар хардаг юм байна гэдгийг 2020 оноос эхлээд өнөөдрийг хүртэл мэдэрч байна. Хүмүүстэй уулзаад явж байхад “эмэгтэй юм байж чи” гээд зрителиэс загнаад эхэлдэг. Хүний эрх гэж ганцхан эрх л байгаа шүү дээ. Сонгох, сонгогдох эрхийнхээ дагуу “төлөөлөх” чин хүсэл эрмэлзлээ илэрхийлээд явж байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүний нэгийг илүүтэйгээр онцолж “чи эмэгтэй юм байж” гэж олон нийт ханддаг. Тэр бол миний хувьд хамгийн хэцүү зүйлүүдийн нэг байсан. Тэр шалгуурт нийцүүлэн улс төрийн зорилго, үзэл бодлоо илэрхийлж явна гэдэг бол бас их том шалгуур болсон хэвээр байна. Гэхдээ олон нийтийн дунд байдаг “эрэгтэй хүн дарга байх ёстой, эрэгтэй хүн сонгуульд дэвших ёстой” гэсэн хэвшмэл ойлголт харьцангуй багасаж байна. Бага ч гэсэн дэвшил бол гарч байна. Гэсэн ч өөрчлөлтөд маш их цаг хугацаа орохоор л байна даа гэж санагддаг.
Асуулт: Ялангуяа эмэгтэйчүүд хүүхдүүдэд чиглэсэн шийдвэр гаргахад танай ИТХ-ын танхимынхны зүгээс өөрийг тань хэр дэмжиж ажилладаг вэ?
Ц. Ганчимэг: Би өөрөө нам улс төрд шинэ, төлөөллийн засаглалдаа шинэ учраас эхлээд өөрийгөө ойлгуулах, тавьж байгаа зорилго, зорилтоо ойлгуулахад цаг хугацаа орсон. Харин одоо аймаг орон нутагт хэрэгжүүлж байгаа нийгэм рүү чиглэсэн, хүний хөгжил рүү чиглэсэн бодлого боловсруулалт, бодлого хэрэгжүүлэлтэд бага ч гэсэн өөрчлөлт гарч байна гэж боддог. Тэр нь манай 4 эмэгтэй төлөөлөгч хүний хөгжлийн чиглэлд ийм, тийм зүйл хийе гээд янз янзын байдлаар өөр өөрсдийнхөө илэрхийлж, өөрсдийн чадах түвшинд нэлээд шүүмжлэлтэй хандаж ярьсанаас ч тэр үү тодорхой хэмжээнд өөрчлөлт гарч байна. Гэхдээ эхэндээ ерөөсөө хүлээн зөвшөөрөгдөхөд их хэцүү байсан. “Нэг их жендэр ярьдаг хүүхэн гараад ирж” гээд сонсдоггүй, үл ойшоосон байдалтай ханддаг байсан. Гэсэн ч бага багаар энэ хандлага өөрчлөгдөөд өнөөдөр асуудаг, сонсдог түвшинд хүрсэн гэж би хувьдаа боддог.
Асуулт: Жендэрийн тэгш оролцооны талаар олон улсын туршлага ямар байна вэ?
Ц. Ганчимэг: Одоо хүйсийн эрх тэгш байдал, жендэр гээд бүхий л түвшинд ярьж байна. Ганцхан Монголд ч биш олон улсын хэмжээнд үүнийг ярьж байна. Яагаад ингэж яриад байна вэ гэвэл нэгдүгээрт маш олон орны парламентын засаглалын түвшинд хийсэн судалгаа байдаг. Аз жаргалтай орон гэж хаана байна вэ? Аз жаргалын индекс хаана өндөр байна вэ? гэхээр нөгөө өндөр хөгжилтэй Америк, Япон зэрэг улсууд бүр сураггүй байгаа юм. Харин Скандинавын орнуудын индекс дээшээ гараад ирсэн байдаг. Энэ нь юутай холбоотой байна вэ гээд судлаад үзвэл шийдвэр гаргах түвшиндээ, хоёр хүйсийн эрх тэгш байдал хамгийн ойрхон байгаа газруудад аз жаргалын индекс, амьдралын чанарын асуудал арай өөр байнаа гэсэн судалгаа байгаа юм. Хоёр хүйсийн төлөөлөл, эрх мэдлийн хэмжээ ойрхон байснаар нийгмийн асуудлаа шийдэхдээ энэ тэнцүүхэн оролцож байгаа нь тэр аз жаргалын индексийн тоог өсгөж байгаа юм. Хоёрдугаарт шийдвэр гаргах түвшинд, улс төрд байгаа эмэгтэйчүүдийн оролцоо сайжрах тусам тухайн орны аз жаргалын индекс өгсөж байна, ил тод байдал сайжирч байна, авилгын индекс буурч байна. Үүнийг статистик тоогоор судлаад нотлочихсон байна. Тиймээс л эмэгтэйчүүдээ түлхүү оруулаачээ, дэмжээчээ гээд байгаа юм. эмэгтэй хүн өөрөө улс төрд төлөөлж ажиллана гэдэг бол тодорхой хэмжээний зориг, золиосын асуудлууд байдаг. Эрэгтэй хүн бол ажил, гэр, карьераа бүгдийгнь тэнцүүлээдар гэрээ хаяхгүйгээр аваад явах боломжтой байдаг.Тэднийг дэмждэг гэр бүл, эхнэр нь ард нь байж байдаг. Харин эмэгтэй хүн болгоныг ойлгодог эр нөхөр, ар гэр бас байдаггүй. Эрчүүдийн хувьд “бохир улс төрд орж яадаг юм, хэрэггүй” гэсэн нөхрүүд дийлэнх нь байдаг учраас энэ хэвшмэл ойлголтыг халж, бодлого, тогтолцооны өөрчлөлтүүдийг квотын дэмжлэг болон бусад зүйлсээр дэмжээд эмэгтэйчүүдийн олон төлөөллийг гаргаж ирвэл түүнийгээ дагаад нийгмийн асуудлууд илүү сайн шийдэгдэх боломжтой юм.
Асуулт: Ээжүүд маань хөвгүүдээ өсгөхдөө эмэгтэйчүүдийн талаар зөв ойлголт өгч, зөвлөж чадвал ирээдүйд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой болов уу гэж бодож байна. Энэ тал дээр таны бодол ямар байна вэ?
Ц. Ганчимэг: Үнээн. Хүүхдүүдийнхээ хөгжил хүмүүжлийн толь нь бид нар өөрсдөө юм. Би ч гэсэн хүүтэй. Гэхдээ эмэгтэй хүнтэй зөөлөн харьц, хүндэлж харьц, хайрла гэж хэлж л өсгөж байгаа болохоос биш эмэгтэй хүн чинь ерөнхийлөгч болж болно шүү дээ гэдгийг тэр бүр хэлдэггүй байх жишээтэй. Тиймээс үг үйлдлээрээ илэрхийлж байж нийгэм хүлээн зөвшөөрөх нь амар болно гэж бодож байна. Тийм ч учраас эмэгтэй хүн ч гэсэн сансрын нисгэгч, IT инженер, дарга, ерөнхийлөгч болж чаднаа гэдгийг бид үлгэрлэн харуулж, нийгэмд ойлгуулах хэрэгтэй байна.
Эмэгтэйчүүд бол улс үндэстний эдийн засгийн өсөлт, хөгжилтөд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн гэр бүлийн хүрээнд хоол хүнс, эрүүл мэнд, хүүхдийн сурлага боловсролд шууд оролцдог утгаараа тухайн гэр орон, нутаг дэвсгэртээ нөлөө нь байнгын шинжтэй учраас зөвхөн одоо цагаар зогсохгүй тэрхүү нөлөө нь ирээдүй ч ул мөрөө үлдээдэг онцлогтой гэж үздэг.
Энэ удаагийн нэвтрүүлгээрээ Монголын сайхан эмэгтэйчүүдээ айлын хоймор алгасаж тусдаггүй мянган гэрэлт мандмал их нартай зүйрлэлээ. Та нар минь Монголын төрийг 40 жил амар амгалан байлгасан цэцэн Мандухай хатны ухааныг залгаж төрийн хэрэгт улам олноороо оролцоосой билээ.
Үзсэн: 668
Tweet