Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Ухаалаг ложистикийн үйлчилгээ – Цусан бүтээгдэхүүний хүргэлт”


Densmaa 2023-11-16 03:11

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хүртэлх нийт 4,75 км зайд “AirTruck” буюу тусгай ложистикийн дрон ашиглан 5 кг буюу 15 нэгж цус цусан бүтээгдэхүүнийг хүргэлээ.

    Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь болох 1,6 сая хүн нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Хотын замын хөдөлгөөнд 685 мянган тээврийн хэгэсэл оролцож 9-13 км цагийн хурдтай зорчиж, хөдөлгөөн удааширч, түгжрэл үүсч байгаа нь эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хүртээмж, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Европын Холбооны 2022 онд нийтэлсэн гамшгийн үеийн шуурхай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах загвар зөвлөмжид дурдсанаар цус цусан бүтээгдэхүүний хангамж хүртээмжийн зураглалыг тодорхойлох нэн чухал шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Цус сэлбэлт судлалын үндэсний төв Нарлаг Улаанбаатар Ротари клубтэй хамтран 2020 онд анх удаа Монгол Улсад дрон ашиглан цус цусан бүтээгдэхүүн  тээвэрлэхээр туршилт судалгааны ажлыг эхлүүлсэн байдаг. Цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд Цус сэлбэлт судлалын үндэсний төв 2023 онд 70 эмнэлэгт өдөрт 1-2 удаа цус, цусан бүтээгдэхүүн нийлүүлжээ.

    Иймд цус, цусан бүтээгдэхүүнийг хэрхэн түргэн шуурхай хүргэж болох талаар 2023 оны 9 дүгээр сарын 28-нд болсон Монгол, Японы төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан “Шинэ үеийн ухаалаг тээвэрлэлт Монголд” симпозиумын үеэр ярилцсан байна. Үүний үр дүнд Монголын шинэ үеийн ухаалаг ложистикийг дэмжих Монгол-Японы хамтарсан ажлын хэсгийг байгуулж талууд санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тус хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотод дрон ашиглан эмнэлэг хооронд цус тээвэрлэх туршилтын үйл ажиллагааг 2023 оны 11 дугаар сарын 13-нд хийлээ. Тодруулбал, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хүртэлх нийт 4,75 км зайд “AirTruck” буюу тусгай ложистикийн дрон ашиглан ачааг тээвэрлэх анхны туршилтыг амжилттай хийж гүйцэтгэсэн юм. Энэхүү тусгай ложистикийн дрон нь 5 кг буюу 15 нэгж цус цусан бүтээгдэхүүнийг цагт 36 км хурдтайгаар буюу. 4,75 км зайг 12 минутад туулсан юм. Туршилтын үеэр бид Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал АУ-ны доктор Н. Эрдэнэбаяртай уулзсан юм.       

     Н. Эрдэнэбаяр: Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь улсын хэмжээнд цус, цусанд бүтээгдэхүүний нөөц, аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Өөрөөр хэлбэл төрийн болон хувийн хэвшлийн бүх эрүүл мэндийн байгууллагууд ялангуяа хэвтрүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгүүдтэй тусгай гэрээ байгуулж хамтран ажилладаг. Бид гэрээнийхээ дагуу захиалсан бүтээгдэхүүнийг нь олгож ажилладаг. Өнөөдөр явж байгаа тогтолцоогоор тухайн эмнэлэгт захиалга нь бэлэн болмогц эмнэлгээс нэг түргэний машин явдаг. Машинд нэг жолооч, нэг сувилагч заавал явдаг. Тэгэхээр хамгийн багадаа 2 хүн явж байгаа юм. Заримдаа машин маань талдаа 20 орчим км газрыг туулах шаардлагатай болдог. Жишээ нь Яармагийн ЭНҮТ2-оос бараг 20 км зайд хүргэлт хийх шаардлагатай болдог гэсэн үг. Дийлэнх эмнэлэг 5-8км-ын радиуст байрлаж байна. Бидний хийсэн судалгаагаар эдгээр эмнэлэгт хүргэлт хийхэд дундаж түгжрэлтэй үед 30-60 минутыг талдаа зарцуулж байна гэсэн дүн гарсан. Дээр нь хүн хүч, бинзен тосны зардал гарахаас гадна замын хөдөлгөөний ачааллыг ч мөн нэмэгдүүлж байгаа юм. Хэрвээ бид дроноор бүтээгдэхүүнээ хүргэдэг болчихвол нэлээд хэмнэлт үүснэ гэж бодож байна. Нөгөө талаас цус цусан бүтээгдэхүүнийг яаралтай үед тээвэрлэх шаардлагатай байдаг. Манайх гарч байгаа улаан эсийн бүтээгдэхүүн, ялтас эс, сийвэнгийн бүтээгдэхүүнүүд нь 3 өөр температурт хадгалдаж, тээвэрлэдэг. Энэ шийдлийг Япон инженерүүд судлаж, гаргаад өнөөдөр бид з өөр бүтээгдэхүүнийг 3 өөр температур бүхий 1 хайрцагт хийж тээвэрлэх туршилтыг хийж байгаа гэдгээрээ онцлог юм. Дараагийн нь яах вэ гэвэл энэ өвлийн туршид дроны сайжруулалт хийнэ. Монгол улсын онцлог тухайлбал энэ хүйтэн нөхцөлд, агаарын нягтшил бага үед яаж ашигтай ажиллуулах вэ гэдэг дээр Япон инженерүүд ажиллах юм. Ингээд ирэх хавраас илүү олон нислэг хийгдэх байх. Тэгээд ер нь дан ганц эрүүл мэндийн салбар биш харилцаа холбоо, шуудан, янз бүрийн бараа бүтээгдэхүүн, бүр хоол хүргэлт гэх зэрэг ердийн хэрэглээ тал руу хөгжиж явна гэж тооцоолж байгаа юм.

    Өнгөрөгч 9 дүгээр сард зохион байгуулсан Монгол, Японы төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан “Шинэ үеийн ухаалаг тээвэрлэлт Монголд” симпозиумын үеэр байгуулагдсан Монголын шинэ үеийн ухаалаг ложистикийг дэмжих Монгол-Японы хамтарсан ажлын хэсэгт Монголын талаас Ньюком групп, Мобиком корпораци, ТокТок компаниуд болон  Цус сэлбэлт судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг орсон бол Японы талаас Aeronext, KDDI Smart Drone, Seino, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА зэрэг байгууллагууд орж ажиллаж байгаа юм. Эдгээр байгууллагууд хамтран дрон хүргэлтийн сүлжээ болох SkyHub® хэмээх ухаалаг ложистикийн шинэ системийг Монголд хэрэгжүүлэх боломжийн талаар судлаж, дрон ашиглан эмнэлэг хооронд цус тээвэрлэх туршилтын ийнхүү хийж байгаа нь энэ юм. 

       Бид Японы талаас хамтран ажиллаж байгаа Aeronext компанийн ажилтан Нацуко Итогоос дроны туршилтын ажлын талаар асууж сонирхсон юм.        

Нацуко Ито: Бид өнөөдрийн туршилтыг хийхийн тулд 6 сар гаруйн өмнөөс бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Өнгөрөгч 9 сарын сүүлээр зохион байгуулсан Монгол, Японы төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан “Шинэ үеийн ухаалаг тээвэрлэлт Монголд” симпозиумын үеэр дроноор хүргэлт хийх асуудлыг ярилцаж, ажлын хэсгийг байгуулсан. Өнөөдөр ажлынхаа үр дүнгийн туршилтыг олон нийтэд танилцуулж байгаадаа баяртай байна. Монгол орныг яагаад сонгосон тухайд гэвэл бид бизнесийн төсөл бичиж JICA-д өргөдөл гаргасан юм. Харин JICA-гаас манай төслийг үр дүнтэй гэж үзэж дэмжсэнээр хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Монгол орны тухай ложистикийн хувьд олон сорилтыг давах шаардлагатай орон гэж үзээд төслөө хэрэгжүүлэхээр сонгож авсан. Нийслэл Улаанбаатар хот нь замын түгжрэл ихтэй тул дроноор хүргэлт хийж олон нийтэд тулгамдаж буй түргэн шуурхай хүргэлт хийх асуудлыг шийдэж болох юм гэж бодсон. Бид Японы 8 хотод дроноор хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг. Харин Монголд дроноор хүргэлт хийж байгаа явдал нь гадаадад хийж байгаа анхны туршилт гэдгээрээ онцлог юм. Японд бид ихэнхдээ хүнс болон өргөн хэрэглээний бараа, хувцас зэргийг хүргэдэг бол Монгол хийж байгаа анх удаагийн туршилтаар цус, цусан бүтээгдэхүүн хүргэж байна. Дроноор хүргэлт хийх үнэ өртгийн хувьд ойрын ирээдүйд ашигтай ажиллана гэж бид итгэж байгаа юм. Үүний тулд хэрхэн ашигтай ажиллаж болох талаар бизнес моделийг бид боловсруулж байна. Бид цаашдаа “Ток ток”, “Мобиком” зэрэг Монголын олон компани, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах талаар ярилцаж байна. Миний хувьд Монгол орон, монголчуудтай ажиллах үнэхээр сайхан санагддаг учраас хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.

     Энэ удаагийн туршилтын нислэг хийж байгаа дроны өртөг нь 3 сая орчим иен буюу 69 сая төгрөг юм байна. Японд автомашинаар хүргэлт хийхэд 1 хүргэлтийн зардал 200-300 иен орчим байдаг бол одоогоор дрон ашиглаж хүргэлт хийхэд үүнээс 10 дахин илүү зардалтай байгаа юм. Гэхдээ технологийн хувьд нэг нисгэгч олон дроныг нэг зэрэг хянаад нисгэх давуу талтай учраас ирээдүйд автомашинаар хүргэлт хийснээс хамаагүй хямд зардалтай болно гэж Аэро-некст компанийнхан тооцоолж байгаа аж.  Бид тус компанийн гүйцэтгэх захирал Кэйсүке Тожи-той уулзаж Монголд дроноор хүргэлт хийхэд байгаль цаг агаарын ямар хүндрэл байгаа, үүнийг хэрхэн шийдэж байгааг нь асууж сонирхлоо.

      Aeronext компанийн гүйцэтгэх захирал Кэйсүке Тожи: Ашиглаж байгаа батерей маань температур багасахын хэрээр ашиглагдах хугацаа нь огцом багасдаг. Тиймээс дроны функциональ чанараас гадна батерейгаа яаж дулаан байлгаж, ашиглах хугацааг нэмэгдүүлэх вэ гэдэг дээр асуудал гарч ирсэн. Мөн цусны улаан эсийн хувьд тасалгааны температурт байхад асуудалгүй учраас тэр чигт нь саванд хийсэн, сийвэнгийн хувьд хөлдүүгээр нь тээвэрлэх шаардлагатай учраас саванд нь хөргөгч бүтээгдэхүүн хамтад нь хийж тээвэрлэж байна. Цус тээвэрлэх нь нийгмийн хариуцлага гэдэг утгаараа энэ удаа орж ирж байгаа боловч дроноор бусад бараа бүтээгдэхүүнийг ч мөн тээвэрлэх бүрэн боломжтой. Эрэлт шаардлага нь байвал бидний хувьд хэзээд хамтран ажиллахад бэлэн байна. Одоогийн байдлаар Африкт цус хүргэлтийг дроноор гүйцэтгэж байна. Учир нь Африкийн орнуудад зам маш муу байдаг тул агаараар хүргэлт хийх шийдлийг илүү түлхүү ашиглаж байна. Одоогийн манай нисгэж байгаа дроны хувьд Монголын 12, 1 дүгээр сарын маш хүйтэн температурт ашиглахад хэцүү гэж бодож байна. Гэхдээ бид Монголд олон дахин туршилт хийж, бүтээгдэхүүнээ сайжруулж, дэлхийн хаана ч, хэдэн градусын халуун, хүйтэнд ч нисэх дроныг хийх бүрэн боломжтой гэж тооцож байгаа юм. Мөн дрон нь салхитай үед тогтворгүй болдог бол манай дроны хувьд хүндийн төвийг сайтар тооцоолж хийсэн учир барагийн салхийг тэсвэрлээд нисэх хүчин чадалтай гэдгээрээ онцлог. Японы хувьд эрүүл мэндийн бүтээгдэхүүнээс гадна дроныг хүнсний хэрэглээ зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хүргэлтэд ашиглаж байна. Гэхдээ дроныг байгалийн гамшиг тохиолдсон үед хүнс ус, эм тариа гэх мэт зүйлсийг хүргэхэд ашиглахад тохиромжтой гэж бодож байна. Японы өнөөгийн хууль дүрмийн дагуу дроны өөрийн жинг оруулаад нийтдээ 25кг байх ёстой гэсэн заалт байдаг. Тиймээс одоогийн байдлаар 5кг орчим ачааг дроноор хүргэж байна. Энэ нь хэрвээ унасан тохиолдолд том дрон байвал илүү их хэмжээний хохирол учруулах магадлалтай гэж үзсэнээс болсон дүрэм журам юм. Харин технологийн хувьд том дрон хийгээд илүү их хэмжээний ачааг хүргэх бүрэн боломжтой.  

   Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) нь хөгжиж буй орнуудын тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Японы аж ахуйн нэгжүүдийн оролцоо, бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ирсэн бөгөөд энэхүү судалгааны ажил ч уг хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болж байгаа юм. Японы Aeronext болон Seino компаниудын хөгжүүлсэн, одоогоор Японы хэд хэдэн бүс нутагт хэрэгжих шатандаа байгаа шинэ ухаалаг ложистикийн систем болох SkyHub®-ийг Японоос гадаад улсад тэр дундаа Монгол улсад нутагшуулж, хөгжүүлэх эхний  алхам болж байгаагаараа энэ удаагийн туршилт онцлог байлаа. Мобиком Корпораци харилцаа холбооны дэд бүтэц талаас хамтран ажиллаж буй бөгөөд учир нь хүргэлтийн дроныг LTE сүлжээгээр дамжуулан хянах, алсын зайнаас удирдах боломжийг олгож байгаа юм. Монгол улсын хувьд эхний ээлжид эмнэлгийн хангамж буюу цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэх, цаашлаад онцгой байдал болон ердийн хоол хүнс, бараа хүргэлтийн үйлчилгээнд ч дроныг ашиглан, тээвэр логистикийн шинэ дэд бүтцийг бий болгох боломжтойг төслийн багийнхан хэлж байлаа.

     Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулан дрон ашигласан шинэ үеийн ухаалаг тээвэрлэлтийн системийг нэвтрүүлэх нь эрчим хүч хэмнэх, нүүрсхүчлийн хийг бууруулах зэргээр байгаль орчинд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй нийгэм, эдийн засаг, инновац, дэд бүтцийн хөгжилд чухал үр нөлөө үзүүлэх юм.

Үзсэн: 885

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна