Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгос Улс хариуцсан захирал Таехюн Ли-г хүлээн авав
Цаашид аж үйлдвэрийн парк байгуулах, Улаанбаатар хотод тулгамдаад буй үер усны байгууламжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллах боломжтой гэсэн юм
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгос Улс хариуцсан захирал Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм. Төслийн хүрээнд гэр хорооллын иргэдийг утаа бага гаргадаг зуух болон халаалтын хэрэгслээр хангах, Улаанбаатар хотын утааг бууруулах дунд хугацааны арга хэмжээг боловсруулсан. Үүний дүнд хүлэмжийн хийн ялгарлыг 21,700 тонноор бууруулах зорилтод бүрэн хүрээд байна. Мөн Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төслийн хүрээнд төвлөрлийг сааруулах, үер усны барилга, байгууламжийг сайжруулах төсөлд хамтран ажиллах талаар санал солилцов. Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгос Улс хариуцсан захирал ноён Таехюн Ли “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон ажил хийсэн ч орон сууцжуулах ажлыг цогцоор ийнхүү төлөвлөж байгаа нь сайшаалтай. Цаашид аж үйлдвэрийн парк байгуулах, Улаанбаатар хотод тулгамдаад буй үер усны байгууламжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллах боломжтой” гэсэн юм.
Үзсэн: 768
Tweet