Ulaanbaatar photo week
Соёлын яамнаас Соёлын сэргэлт 2023 аяны хүрээнд 200 гаруй уран бүтээлчдийг нэгтгэсэн үзэсгэлэнг зохион байгууллаа.
Аливаа үйл явдлыг хоромхон зуурын агшинд зургийн хальснаа мөнхөлж, үзэгчдэд хүргэж чаддагаараа урлагийн төрөл дотроо гэрэл зураг хамгийн хүчтэйд тооцогддог. Энэ л хүчтэй урлагийн төрөл рүү залуу үе хүч түрэн орж, шилдэг гэрэл зурагчдын залгамж халаа болж явна. Энэ утгаараа тус үзэсгэлэнд мэргэжлийн уран бүтээлчдэд төдийгүй гэрэл зураг сонирхогч залууст зориулсан сургалтын хөтөлбөр багтаж буйгаараа баялаг болсон юм. Мөн энэхүү анхны нэгдсэн үзэсгэлэн нь Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого, Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Соёлын сэргэлт” үйл ажиллагааны хэрэгжилтэд тодорхой хувь нэмэр оруулж буйг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.
Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн ярихдаа:
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны үйл ажиллагааг дэмжин Соёлын яамнаас Соёлын сэргэлт 2023 аяны хүрээнд 200 гаруй уран бүтээлчдийг нэгтгэсэн үзэсгэлэнг зохион байгуулж байна. Ulaanbaatar photo week гэсэн нэрийн дор энэ салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулж, олон нийтийн соёлын боловсролд хувь нэмэр оруулах үүднээс энэ үйл ажиллагааг дэмжиж байгаа юм. Гэрэл зураг гэдэг бол урлагийн дотроос хамгийн хүчтэй. Магадгүй 1 секунтэд авсан гэрэл зураг дэлхийг өөрчлөх, хүн төрөлхтнийг өөрчлөх тийм боломжтой байдаг жанр. Энэ утгаараа сүүлийн үед гэрэл зураг сонирхогчдын тоо маш их болсон. Жишээлбэл гар утсаараа гэрэл зураг авдаггүй хүн бараг байхгүй гэж хэлж болно.
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоонд өнөөдрийн байдлаар 200 гаруй мэргэжлийн зурагчин бүртгэлтэй байдаг бол гэрэл зураг сонирхогчид хэдэн мянгаараа тоологддог. “Ulaanbaatar photo week” үзэсгэлэнд гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим байгууллагын 190 гаруй гэрэл зурагчин оролцлоо. Тухайлбал, “Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Гамма” болон бусад хэвлэл мэдээллийн гэрэл зургийн агентлагууд, “Бүсгүй мэлмий” эмэгтэй гэрэл зурагчдын нэгдэл, спортын гэрэл зурагчид, баримтат зургийн “Батзориг сан”, өв соёлын “Эгэл” төсөл хэрэгжүүлэгчид мөн гэрэл зургийн үйлчилгээ эрхэлдэг студи, клуб, компани, хувь хүмүүс, сонирхогчид оролцжээ. Гэрэл зургийн бүхий л төрөл жанр энэхүү үзэсгэлэнд багтаж үзэгчдэд хүрч байгаараа илүү сонирхолтой гэдгийг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар хэллээ.
Ц.Батбаатар: Монгол Улсын Соёлын Яамны дэмжлэгтэйгээр гэрэл зурагчид маань анх удаа ийм нэгдсэн үзэсгэлэн хийж байна. Энд нийтдээ 25 павильон үйл ажиллагаа явуулж байна. Ганц өөрийн бие даасан зурагаараа оролцож байгаа хүмүүс байна. Зарим ньхэд хэдээнээ нэгдээд үзэсгэлэн гаргасан тохиолдолч байна. Ингээд тооцохоор нийтдээ 190-ээд гэрэл зурагчны бүтээл байна. Жишээ нь хэвлэлийн гэрэл зурагчин буюу хэвлэл мэдээллийн салбарыг зурагжуулж байгаа 15 гэрэл зурагчин нэгдсэн байна. 40 орчим эмэгтэй гэрэл зурагчид нэгдээд оролцож байна. Тэдний цаана орон нутгаас оролцож байгаа гэрэл зурагчид Хийморь нэртэй үзэсгэлэн гаргасан байна. Үүнээс харахад бүгд л ингээд өөрийн гэсэн онцлогтой. Хэвлэлийн гэрэл зургийнхан, төсөл хөтөлбөрийнхөн, Шинжлэх ухаан танин мэдэхүйн гэрэл зураг, бие даасан архитектурын гэрэл зурагчид, Спортын гэрэл зурагчид гээд төрөл бүрийн бүтээлүүдэ байна. Гэрэл зураг бол урлаг юм. Гэрэл зураг бол хүний бүтээл учраас ямар үнэ цэнтэй байх вэ гэдгийг үзэгчдэд мэдрүүлэхийг хүссэн. Анх удаа зарлаж байгаа гэхэд гаднынхан оролцох санал маш ирсэн. Зочин гэрэл зурагчнаар ОХУ-аас нэг зурагчин оролцож байна. Мөн Орост амьдардаг уран бүтээлчийн Байгаль нуурын тухай уран бүтээлийг энд авчирч дэлгэсэн. Уг уран бүтээлч маань Байгаль нуурыг өвөрмөц маягаар үзүүлэхийг зорьсон сонирхолтой гэрэл зургуудтай. Энэхүү үзэсгэлэнг жил бүр уламжлал болгоод зохион байгуулж, үзэсгэлэнгийн чанарыг улам сайжруулж, олон улсын цаашлаад бүс нутгийн томоохон гэрэл зурагчдын хамарсан үзэсгэлэн болгохыг зорьж байна.
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо нь Монгол Улсын мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч, дэмжигч, гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, тогтвортой, үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний төрийн бус байгууллага юм. Тус холбоо нь Монголын гэрэл зургийн хөгжлийг шинэ төвшинд гаргана гэсэн алсын хараатай ажилладаг. Мөн уламжлалт гэрэл зураг дээр үндэслэсэн, өнөөгийн хөгжилд нийцсэн, ирээдүйд дэлхийн жишигтэй эн зэрэгцэх, Монгол онцлогийг харуулсан мэргэжлийн чиг хандлагад хүрч хөгжих гэсэн эрхэм зорилго дор нэгдэн ажиллаж байна. Холбооны зурагчид Монгол Улсын Засгийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Оюуны Өмчийн газар, Архивын ерөнхий газар, Монголын Аялал Жуулчлалын Холбоо зэрэг байгууллагуудтай хамтран Монголын түүхийг гэрэл зургийн хальснаа мөнхөлсөөр байгаа юм.
“Ulaanbaatar photo week” нэгдсэн үзэсгэлэнг хөдөө орон нутгаас олон шилдэг гэрэл зурагчин зорин ирж оролцлоо. Тодруулбал, Орон нутгийн гэрэл зурагчдын нийгэмлэг “Хийморь” үзэсгэлэнгээрээ оролцсон юм. Тус нийгэмлэгт 21 аймгийн 50 орчим зурагчин идэвхтэй ажилладаг. Энэ удаа бусад уран бүтээлчдийн үзэсгэлэнгээс ялгарахын тулд хөдөө орон нутгийн давуу талыг ашиглан монгол адууны хийморь, өв соёлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ. Одоо та бүхэнд Орон нутгийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн тэргүүн Г.Баясгалантөгсийн яриаг хүргэе.
Г. Баясгалантөгс: 21 аймгийн гэрэл зурагчдын хамтарсан Орон нутгийн гэрэл зурагчдын нийгэмлэг гэж бий болоод 4-5 жил болж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд 29 гэрэл зурагчны 72 бүтээлээр оролцож байна. Бид монголчуудын өв соёл дундаас адуун соёлыг цулталчлах түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор Хийморь нэртэй үзэсгэлэнг дэлгэсэн. Аймаг болгондоо гэрэл зургийн салбар холбоотой тэгээд салбар холбооны гишүүд нь манай нийгэмлэгт харьяалагдаад явдаг. Манайх жил бүрийн намар, өвөлдөө нэгдсэн аяллууд зохион байгуулдаг. Ирэх жилээс ч Хийморь үзэсгэлэнгээ илүү өргөн хүрээнд тусдаа тийм бие даасан үзэсгэлэн болгож, гэрэл зургийн альбом гаргах төлөвлөгөөтэй байна.
“Ulaanbaatar photo week” үзэсгэлэнд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг гэрэл зургийн бүтээлүүдээ дэлгэн үзүүллээ. Үүнд “Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг МОНЦАМЭ агентлаг сурвалжилсан нь", "1990 оны Ардчилсан хувьсгал", "Анхны ардчилсан сонгууль", "Монгол Улс НҮБ-д элсэв" зэрэг нэн ховор түүхэн зураг багтжээ. Үүнээс гадна төрийн айлчлал, Улаанбаатар хот, соёл урлаг, спорт, улс төрийн үйл явдлын сэдэвтэй МОНЦАМЭ агентлагт одоо ажиллаж буй гэрэл зурагчдын нийт 50 орчим бүтээлийг толилуулсан байна. МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн түүхийг бүтээлцэж яваа, түүнтэй салшгүй холбоотой хүн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Т.Чимгээ. Тэрээр гэрэл зургийн салбарт 40 жил ажиллаж байна.
Т.Чимгээ: Би 1982 онд Нийтийн ахуйн үйлчилгээний техникийн мэргэжлийн сургуулийн гэрэл зурагчны ангийг төгссөн. Тэр цагаас хойш өнөөдөр хүртэл гэрэл зурагчин хийж байна. Хамгийн гоё юм нь тэр болж байгаа агшныг тэр чигээр нь хальсанд буулгаад сонин дээр гаргах байдаг. Би хэвлэл мэдээллийн байгууллагад 27 дахь жилдээ ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн байгуулалагад бидний үүрэг бол үйл явдлын гол чухал баримтыг гэрэл зургаар харуулах. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд авсан гэрэл зургуудаас онцлох гэх юм бол их зүдэрч байж авсан зураг ч бий, их баярлаж авсан зураг ч бий, уйлж авах зураг ч бас бий. Тухайн болж байгаа үйл явдлаасаа хамаардаг. Би энэ удаагийн арга хэмжээнд өөрөө бие дааж үзэсгэлэн гаргаагүй. Бүсгүй мэлмий гээд эмэгтэй гэрэл зурагчдын нэгдэлтэй хамтарсан үзэсгэлэн гаргасан. Харин бие дааж Финландад 6 сарын хугацаатай үзэсгэлэн гаргасан. Мөн Японд бас үзэсгэлэнгээ гаргаж байсан. Гэрэл зурагчин хүн хөдөө ч явсан, аялалд гарсан ч нэг тийм сонирхолтой дүрс буулгах юмсан гээд л үргэлж боддог.
Монголын эмэгтэй гэрэл зурагчдын дунд үлгэр жишээ болсон нэгэн эрхэм бол Цэдэвсүрэнгийн Нина. Тэрээр 1942 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрж, 1969 оноос гэрэл зураг авч эхэлжээ. Тэрээр гэрэл зургаараа 1981 онд Олон улсын “Интерпресс” фото уралдааны дөрөвдүгээр байр, ЮНЕСКО-гийн Соёлын сангийн уралдаанд дөрвөн удаа шагналт байр, Олон улсын Улаан хавирган сар уралдааны гран-при шагнал хүртсэн юм. Мөн “Хөвсгөл”, “Улаанбаатар”, “Өндөр гэгээн Занабазар”, “Монгол зоос” зэрэг ном цомгууд хэвлүүлэн гаргасан төдийгүй, бие даасан “Хүүхэд байгаль” үзэсгэлэнгээ дэлгэж байжээ. Түүний ажил, амьдралын түүхээс үлгэр жишээ авч олон эмэгтэй гэрэл зурагчид өнөөгийн монгол гэрэл зургийн салбарт манлайлж явна.
“Ulaanbaatar photo week" үзэсгэлэнд спортын 12 гэрэл зурагчин 60 гаруй бүтээлээ дэлгэлээ. Онцлох бүтээлүүдээс дурдвал спортын гэрэл зурагчин Д.Нямбилэгийн “Ханжоу 2022” 19 дэх удаагийн Азийн Наадам, “Бээжин 2022” Өвлийн Олимп, Жюү жицүгийн ДАШТ, “Белград-2023” чөлөөт бөхийн ДАШТ-ий ялалт ялагдлын агшинг мөнхөлсөн бүтээлүүд байлаа. Мөн “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Харцагийн спортын сэдэвт таван зураг бусдаасаа онцлог байж чадсан юм. Спортын гэрэл зураг бусад төрлийг бодвол сайн үзүүлэлттэй дуран, техник хэрэгсэл, аппараттай байхаас гадна илүү мэргэжлийн байхыг зурагчнаас шаарддаг гэж гэрэл зурагчин Э.Харцага ярьж байна.
Э.Харцага: Спорт гэдэг бол их мэдрэмж шаардсан, цаг хугацаа, сэтгэл зүрх шаардсан салбар шүү дээ. Спортын зураг авахад хамгийн гоё байдаг. Яагаад гэхээр хэн нэгний хэвлэлийн хурал хүлээхгүй, хэн нэгний даалгавараар хийхгүй яг өөрөө сэтгэл гаргаж хийдэг ажил. Би энэ үзэсгэлэнд оролцсон тамирчин Мандахнарын зургийг онцолмоор байна. 2008 оны олимпод Монгол улс бокс, жудогоор маш сайн байсан. Тэгээд би 2010 онд анх удаа Гуанжугийн наадамд явсан. Гэтэл манай боксынхон, жүдогийнхон маань амжилт муу байсан. Тэгээд Азийн наадмын сүүлийн 3 дахь өдөр манай улсын тамирчин Мандахнар аваргын алтан медалийг илт давуу, уран барилдаанаар авсан. Тэр агшныг би зураг болгон авсандаа маш их баярладаг. Тухайн үедээ Мандахнар тамирчин улсын аваргаас медаль авч чадаагүй байсан. Тэгсэн мөртөө Төв аймагт байдаг гэрээсээ өдөр бүр хотод ирж бэлтгэлээ хийдэг байсан. Түүнийг нь дасгалжуулагч нар нь ажиглаад энэ хүн бол алдааг ойлгочихсон байна, маш сайн формтой байна гээд аваад явсан. Ингэж итгэл хүлээлгэсэн тамирчин нь Монгол улсын нэрийг өндөрт өргөж аваргын алтан медалийг авчирч байсан. Тиймээс би энэ зургандаа маш их хайртай. Спортод маш их өрсөлдөөн байдаг. Тамирчид дэвжээн дээр өрсөлдөж байхад би бас давхар өрсөлдөж байдаг. Одоо нас яваад Монголын тамирчдынхаа ялалтын агшинг нулимстай авдаг болсон.
Бидний дараагийн онцлог хүн бол СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн гэрэл зургийн багш Т.Алтанзагас. Тэрээр мэргэжлийн гэрэл зургийн чиглэлээр 2019 оноос багшилж эхэлжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд өөрийн бие даасан бүтээл болон шавь нарынхаа уран сэтгэмжээр бүтсэн бүтээлүүдээр оролцож байна.
Т.Алтанзагас: Монголын анхны мэргэшсэн гэрэл зургийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлдэж байгаа сургууль юм. Энүүгээр манай оюутнуудын бүтээлүүд байна. Гэрэл зураг гэдэг зүйл бол хүний тархинд бүтдэг. Тэрийгээ ямар ч дүрсээр хамаагүй хүмүүст гаргаж харуулах хэрэгтэй болдог. Энэ болохоор монгол судар маягаар хийсэн “Нохдын зураг оршивой” гэдэг фото бүтээл. Манай шавь өөрийнхөө зургийн төслийн гол агуулгыг энд монгол англиар бичиж авсан зургуудаа яг судар шиг хийж өгсөн. Судрын цаасаа боловсруулаад гадна талын дизайныг нь хүртэл өөрөө сэтгэж хийдэг байгаа. Мөн энд манай бас нэг оюутны бүтээл байна. Энэ оюутан маань өөрөө -3,5 гэсэн үзүүлэлттэй хараа муутай. Тиймээс нүдний шилгүйгээр аливаа зүйл яаж хардаг вэ гэдгээ харуулахыг зорьсон бүтээл юм. Тэрээр яг фото камерын эргэдэг зарчмаар энэхүү бүтээлээ хийсэн.
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос оролцогчдоо дэмжих, сурталчлах ажлын хүрээнд үзэсгэлэнгийн өдрүүдийг агентлаг, нийгэмлэг, хувь уран бүтээлчдийн нэрэмжит болгон олон талт боломжийг олгосон байна. Мөн монголын гэрэл зургийн хөгжлийн чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний хурал, дрон, гар утсаар зураг авах, шинэ техник, технологийг танилцуулах сургалт, үзүүлэх тоглолт, ярилцлага, гэрэл зурагчны аппарат хэрэгслийн засвар үйлчилгээ, “Монголын нэг өдөр” гэрэл зургийн уралдаан, “Хуучин гэрэл зургийн цүнх” үзэсгэлэн зэрэг хөтөлбөр явууллаа. Ийнхүү Монголын үе үеийн гэрэл зурагчид нэгэн дээвэр дор чуулан өөрсдийн ололт амжилт, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, салбарын хөгжлийн чиг хандлагаа тодорхойллоо.
Үзсэн: 796
Tweet