Нийгмийн хамгааллын салбар дахь Монгол-Польшийн хамтын ажиллагаа
БНПУ-ын ЭСЯ, Монголын Дауны Холбоо, Польшийн Тусгай хэрэгцээт боловсролын академи, Хүүхдийн нөхөрлөлийн нийгэмлэгээс дауны хам шинжтэй хүүхдийг хэрхэн асрах талаар сургалт зохион байгууллаа.
Монгол-Польшийн харилцааны түүхийг сөхвөл эрт дээр үеэс эхлэлтэй. Монголчуудын өвөг дээдэс болох Хүннүгийн удам угсаатнууд IV, V зууны үед Польшийн нутагт байлдан дагуулал хийж байсныг түүхэн баримтууд өгүүлдэг.
Харин орчин цагийн Монгол-Польшийн харилцааны түүх Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа 1950 оны 4 дүгээр сарын 14-нд тогтоосноор эхэлдэг. Манай улс 1959 онд Варшавт, Польшийн тал 1960 онд Улаанбаатарт ЭСЯ-аа тус тус нээжээ. Тэр цагаас хойш манай хоёр орон улс төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, батлан хамгаалахын салбарт хамтран ажилласаар ирсэн. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байна. Үүний нэг баталгаа бол 2023 оны 4 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт манай улсад төрийн айлчлал хийсэн юм. Айлчлалын хүрээнд олон салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулсны зэрэгцээ бизнесийн болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар яриа өрнүүлж байсан юм. Өнөөдөр бид нэвтрүүлэгтээ хүүхэд хамгаалал, түүн дундаа тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хамгаалах, хөгжүүлэх салбарт Монгол-Польшийн хамтын ажиллагаа хэрхэн өрнөж байгаа талаар өгүүлэхээр бэлтгэлээ.
Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны Яамны Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын Дауны Холбооны үйл ажиллагааг дэмжсээр ирсэн. Тухайлбал БНПУ-ын Элчин сайдын яамнаас 2022 онд 3 үе шаттай төсөл хэрэгжүүлсний дотор Монголын Дауны Холбооны Хөдөлмөр сургалтын төвийг 2022 онд санхүүжүүлж байгуулж өгсөн юм. Энэхүү сургалтын төв нь кофе шопийн үйл ажиллагаа явуулж, даунтай залуусыг хөдөлмөрт бэлтгэж, ажлын байранд дадлагажуулдгаараа онцлог.
Түүнчлэн Монголын даунтай хүүхдүүдийн боловсролд дэмжлэг үзүүлэх тал дээр Польшийн тал идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм. Үүний нэг жишээ нь Монгол Улс дахь БНПУ-ын Элчин сайдын яам, Монголын Дауны Холбоо, Польш улсын Тусгай хэрэгцээт боловсролын академи, "Хүүхдийн нөхөрлөлийн нийгэмлэг"-ээс Улаанбаатар хотноо 2023 оны 10 дугаар сард дауны хам шинжтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан сургалтыг ЭМЯ-нд зохион байгуулсан явдал байлаа. Сургалтын үеэр бид Монголын Дауны холбооны гүйцэтгэх захирал Б.Наранжаргалтай уулзсан юм.
Б.Наранжаргал: Монголын дауны холбоо БНПУ-ын ЭСЯ-тай олон жилийн турш хамтарч ажилласаар ирсэн. БНПУ-ын ЭСЯ-ны зүгээс манай холбооны үйл ажиллагааг дэмжиж олон төсөл хэрэгжүүлж байсан. Тухайлбал ковидын дараа манай дээр 3 үе шаттай төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд манай холбооны 2 гишүүн маань 100 жилийн түүхтэй “Польшийн найзуудын нийгэмлэг”-ийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжилтнүүдээс нь туршлага судлахаар Польшид очиж ажилласан. Энэ үеэр Польшийн талтай 4 ажлыг цаашид хамтран хийхээр төлөвлөсөн нь одоо эхнээсээ ажил хэрэг болоод явж байна. Үүний нэг нь Польшоос мэргэжилтнүүдийг урьж, эцэг эхчүүд болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдэд даунтай хүүхдүүдтэй хэрхэн ажиллах, тэднийг хөгжүүлэх зэргийн талаар сургалтыг авлаа. 5 хоногийн сургалт маань маш амжилттай боллоо. Энэ удаагийн сургалт болон айлчлалын үеэр үйл ажиллагаатай нь танилцсан байгууллагуудынхаа үндсэн дээр цаашид ямар ажил хийхээ хамтран боловсруулах юм. Ингэхдээ даунтай хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш, мэргэжилтнүүдэд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлагыг гаргахаар зорьж ажиллаж байна.
Асуулт: Монголд даунтай хүүхэд хэд байдаг вэ? Бүртгэлжүүлсэн байдаг уу?
Монголын дауны холбооны гүйцэтгэх захирал Наранжаргал: Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг даунтай тэд, аутизмтай тэд гэж нарийн тоолсон стастистик тоо байдаггүй. Манай холбоонд ирж бүртгүүлсэн даунтай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн тоогоор л бид одоохондоо баримжаа авч байгаа юм.
Асуулт: Энэ удаагийн сургалтаар даунтай хүүхдүүдтэй ажиллах мэргэжилтэн, багш нарын талаар их ярилаа. Манайд ер нь даунтай хүүхдүүдтэй ажиллах хүний нөөц хэр байдаг вэ?
Б.Наранжаргал: Мэдээж тусгай хэрэгцээт хүүхдүүдийн багш нар байгаа. Гэсэн хэдий ч яг Польш шиг аутизмтай ч юм уу, даунтай хүүхдүүдтэй ажиллах гадаад, дотоодод тусгайлан бэлтгэгдсэн боловсон хүчин байхгүй байна. Гэхдээ Монголын дауны холбоонд маань олон жил ажилласан зөвлөх багш нар бий. Тэр багш нар маань мэргэжлийг нь албан ёсоор сураагүй ч гэсэн олон жил даунтай хүүхдүүдтэй ажилласан туршлага, мэдлэгтэй, тэдэнтэй хэрхэн ажиллах арга барилаа олчихсон хүмүүс байдаг.
Асуулт: Даунтай хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй уулзаж, ажиллаж байхад тэдэнд хамгийн их тулгамдаж байгаа асуудал юу байдаг вэ?
Б.Наранжаргал: Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ асраад нийгэмшүүлэхийн зэрэгцээ, өөрсдөө ажил хөдөлмөр эрхлээд, нийгэмшээд явах боломж нь маш хязгаарлагдмал байна. Тэдгээр хүүхдүүдийг өөрсдөөс нь өөр хараад асраад хамгаалаад эцэг эхчүүдэд өөртөө зориулах цаг зав боломж гаргах тийм боломж манайд ховор байгаад байна.
Монголын Дауны Холбоо нь 2008 онд дауны хам шинжтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн санаачилгаар байгуулагдсан төрийн бус, ашгийн бус байгууллага юм. Тус байгууллага нь дауны хам шинжтэй хүмүүсийг Монгол улсын үнэ цэнэтэй, нийгмийн харилцаанд эрх тэгш оролцдог татвар төлөгч иргэн болгох эрхэм зорилго, алсын хараатай ажилладаг бөгөөд дауны хам шинжтэй хүүхэд, залуус мөн тэдний гэр бүлийн эрхийн төлөө зогсдог цорын ганц байгууллага юм. Энэ хугацаанд тус холбоо нь 500 гаруй гэр бүлийг нэгэн дээвэр дор нэгтгэжээ. Тус холбоо олон улсын болон дотоодын аж ахуй нэгж байгууллагуудын хандив, тусламжаар, гишүүнчлэлийн аливаа нэгэн татваргүйгээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг аж. БНПУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан Даунтай хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан сургалтын үеэр “Польшийн найзуудын нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал Моника Жагодзинска-тай уулзаж ярилцсан юм. Варшав хотод төвтэй, энэхүү хүүхэд хамгааллын төрийн бус байгууллага нь Польш даяар 2000 гаруй орон нутгийн салбар төвтэй бөгөөд өнчин болон тусгай хэрэгцээт хүүхдүүдэд бүх төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байгууллага аж.
Моника Жагодзинска: Манай байгууллага өнгөрөгч 2022 оноос Монголын дауны холбоотой хамтран ажиллаж эхэлсэн. 2022 онд Монголын дауны холбооны тэргүүн болон гүйцэтгэх захирлыг Польшид урьж, туршлага солилцож, хэрхэн хамтран ажиллах тухай ярилцсан. Харин энэ удаа Монголын даунтай хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зориулсан сургалт зохион байгуулахаар ирсэн. Монголд анх удаа ирсэндээ баяртай байна. Цаашид Монгол дахь БНПУ-ын ЭСЯ-аар дамжуулан Монголын даунтай хүүхдүүдэд туслах хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байна. Монголд хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдүүдэд туслахад хамгийн хэрэгтэй байгаа зүйл нь хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх явдал гэж харлаа. Польшид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг 15000 гаруй төрийн бус байгууллага байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төрийн бодлого, тэдгээр төрийн бус байгууллагаар дамжин хүмүүст системтэйгээр хүрдэг. Харин Монголд ийм бодлого, систем дөнгөж эхлэл төдий байна. Ийм төрлийн төрийн бус байгууллага ч маш цөөн байгаа тул бидний зүгээс өөрийн туршлага боломжийг ашиглан хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна.
БНПУ-ын татварын хуулинд хувь хүн өөрийн төлж байгаа орлогын албан татварынхаа 1-1,5 хувийг өөрийн дэмжихийг хүсдэг ТББ-ын үйл ажиллагаанд зарцуулах саналаа өгдөг юм байна. Тэрхүү саналын дагуу нийгэмд хамгийн үр ашигтай үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ууд санхүүжилтээ босгодог гэнэ. Тиймээс чанартай, хүртээмжтэй үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ууд олон нийтийн дэмжлэг, санхүүжилт авч, олон нийтэд тайлагнадаг нь манай улсад хэрэгжүүлмээр туршлага юм. “Польшийн найзуудын нийгэмлэг”-ийн хувьд ч иргэдийн саналын дагуу тэдний татвараар санхүүждэг байгууллага аж. “Польшийн найзуудын нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал Моника Жагодзинска ч Польшийн энэ туршлагыг Монгол нэвтрүүлэх боломжийн талаар Монгол Улсын их хурлын болон холбогдох албаны хүмүүстэй хийх уулзалтын үеэрээ ярилцана гэж хэлж байлаа. Бид мөн Варшавын тусгай боловсролын их сургуулийн профессор, сэтгэлзүйч Дорота Данелевичтай уулзаж, тусгай мэргэжилтэн багш нарыг хэрхэн бэлдэг талаар асуусан юм.
Дорота Данелевич: Сэтгэл зүйч хүний хувьд дэлхийн бүх ээж нар адилхан юм байна гэдгийг энд ирээд бас харлаа. Би Варшавт дауны хам шинжтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй уулздаг. Энд ирээд Монголын эцэг эхчүүдтэй уулзахад бид сэтгэл зүйн хувьд ч, мэдрэмжийн хувьд ч тэр яг адилхан юм байна гэдгийг олж харлаа. Энэ нь миний хувьд чухал туршлага боллоо. Монгол ирээд даунтай хүүхдүүдтэй ажиллах мэргэжилтэн бэлдэх асуудал хамгийн чухал гэж харагдлаа. Варшавын Тусгай боловсролын их сургууль нь 100 жилийн түүхтэй бөгөөд 54000 гаруй оюутан манай сургуулийг төгсөж гарсан. Монголоос манай сургуульд ирж суралцаж, мэргэжил эзэмших нь нээлттэй. Иймд манай сургуульд ирж суралцахыг уриалж байна. Манай сургууль дан ганц тусгай боловсролоос гадна хэл засалч, сэтгэл зүйчдийг бэлддэг. Эдгээр мэргэжил нь даунтай хүүхдүүдтэй ажиллахад маш чухал юм. Польшид 50000 гаруй дауны хам шинжтэй хүүхэд байдаг. Тэдгээр хүүхдүүдийг төрсөн цагаас нь эхлээд сургалтад хамруулдаг. 0-3 насны, дараа нь тусгай цэцэрлэг, сургуульд бүрэн хамруулдаг.
Дауны хам шинж нь хүний биеийн эсүүдэд илүүдэл хромсом агуулагдсанаар бий болох генетикийн өөрчлөлт юм. Хүний эс бүхэн нь биеийн өсөлт болон хөгжлийг хянах шаардлагатай бодисууд бий болгодог бичил биетүүд гэж ойлгож болох юм. Эсүүд бөөм агуулдаг бөгөөд түүнд генүүд хадгалагддаг. Генүүд нь хромсомд байрладаг. Эс болгон 23 хос хромсом агуулдаг бөгөөд 23 нь ээжээсээ 23 нь ааваасаа авдаг. Тиймээс хүн болгон 46 хромсомтой. Харин 21 дэх хромсом хос биш 3 болж хуваагдсанаар дауны хам шинжийг үүсгэдэг аж. Одоогоор шинжлэх ухаан энэхүү 21 нь хромсомын илүүдэл нь юунаас болж үүсч байгааг олж мэдэхгүй байна. Дауны хам шинжтэй хүн бүхний сурах чадвар тодорхой хэмжээгээр удаан байна. Дауны хам шинжтэй хүмүүсийн дунд нийтлэг эрүүл мэндийн онцлогууд байдаг бөгөөд зарим өвчинд өртөмтгий байх талтай. Гэсэн ч хамгийн гол нь дауны хам шинжтэй хүн бүхэн өөрийн гэсэн онцлог шинж чанартай давуу болон сул талтай байдаг байна.
Улаанбаатар хот дахь БНПУ-ын Элчин сайдын яам Монголын дауны холбооны үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ажилласаар ирсэн бөгөөд тун удахгүй даунтай хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд зориулсан гарын авлагыг хэвлүүлэн гаргах гэж байгаа юм байна. БНПУ-ын ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга Хэйнович Стефан уг гарын авлагын талаар ийнхүү ярьж байна.
Хэйнович Стефан: Энэхүү гарын авлага нь дан ганц даунтай төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд зориулсан гарыг авлага гэдгээрээ онцлог. Энэхүү гарын авлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд өөрсийн мэдлэг, туршлагадаа үндэслэн бичсэн учраас өөрийн хайсан асуултдаа хариулт олохыг хүссэн эцэг, эх хэн бүхэнд хэрэгцээтэй ном гэж бодож байна. Уг ном нь дауны хам шинжтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн санаачлан байгуулсан Польшийн ТББ-аас эхлэн гаргасан ном бөгөөд одоо 4 дэх хэвлэл нь хэдийнээ хэвлэгдээд байгаа юм. Гэрийн нөхцөлд эдгээр хүүхдүүдтэй хэрхэн харилцаж, ажиллах талаар зөвлөмж, зөвлөгөө бүхий энэ номыг бид монгол хэл рүү орчуулах ажил ид явж байна. 2023 оны сүүлч гэхэд энэхүү номоо хэвлүүлж бэлэн болгохоор ажиллаж байна.
"БНПУ-ын Элчин сайдын яам цаашид ч Монголын дауны холбооны үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах болно" гэж БНПУ-ын ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга Хэйнович Стефан ярианыхаа төгсгөлд онцолсон юм.
Үзсэн: 1115
Tweet