Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзлаа


Densmaa 2023-10-20 09:10

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзжээ.

Ерөнхийлөгч хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх нь чухал болохыг онцолсон байна. Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд ноогдуулж буй татварын хэмжээг бууруулах асуудлыг ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр Ерөнхийлөгч нар тохирсон байна. Төрийн тэргүүн нар Монгол, Оросын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэл хийх, Монгол Улсын баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замуудын бүтээн байгуулалтад хамтран ажиллах талаар санал солилцжээ. ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангахаа Ерөнхийлөгч В.Путин мэдэгдсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв. Мөн Монгол Улсын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны хүрээнд Эгийн голын усан цахилгаан станц байгуулах асуудлыг талууд нарийвчлан судлахаар болов.

Хоёр улсын төрийн тэргүүн ирэх жил тохиох Халхын голын хамтын ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх нь хоёр улсын дайчин нөхөрлөлийг мөнхжүүлж, залуу, хойч үед түүхэн үнэнийг таниулахад чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдсэн байна. Түүхт ялалтын баярт оролцох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг Ерөнхийлөгч В.В.Путин талархан хүлээн авчээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хоёр орны соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх нь чухлыг онцлон тэмдэглэсэн байна.

Үзсэн: 624