Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис манай улсад төрийн айлчлал хийж байна


Densmaa 2023-09-01 11:09

Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь Гэгээн хутагт, Пап Францисын гадаад улсад хийж буй 43 дахь айлчлал юм. Пап Францисын айлчлалын гол цөм нь 1500 орчим католик сүсэгтнүүдтэй хийх уулзалт юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис манай улсад 9 дүгээр сарын 1-ээс 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон холбогдох албаны хүмүүс түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тосож авлаа. Түүнийг хүндэтгэн авах ёслол 9 дүгээр сарын 2-нд Сүхбаатарын талбайд болох юм. Үүний дараа Пап Францис Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзалт хийж, дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар, ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ нар түүнд бараалхах юм.

Энэхүү айлчлалтай холбогдуулж Гэгээн Ширээт Улсын Хэвлэл мэдээллийн албаны дарга Маттео Бруни наймдугаар сарын 29-ний мягмар гарагт Ватиканд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний хооронд Пап Францисын Монголд Улсад хийх айлчлалын хөтөлбөрийг олон нийтэд танилцуулж, сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулжээ. Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь Гэгээн хутагт, Пап Францисын гадаад улсад хийж буй 43 дахь  айлчлал юм байна. Гэгээн Ширээт Улсын Хэвлэл мэдээллийн албаны дарга Маттео Бруни, Пап Францисын Монгол Улсад хийж буй айлчлалын гол цөм нь 1500 орчим католик сүсэгтнүүдтэй хийх уулзалт болохыг дурдаад 13 дугаар зуунаас эхлэлтэй хоёр улсын харилцаа 1992 онд дипломат харилцаа болон өргөжиж, анхны шашин дэлгэрүүлэгчдийг Монгол Улсад ирэхийг урьснаас хойш 30 гаруй жилийн хугацаанд хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг онцолжээ. Тэрбээр мөн "Айлчлалын үеэр Улаанбаатар дахь "Мөсөн өргөөн"-д  зохион байгуулах талархал магтаалын мөргөлд Монгол Улс дахь католик шашны сүсэгтнүүдээс гадна ОХУ, БНХАУ, Таиланд, Казахстан, Киргиз, Азербайжан, Вьетнам зэрэг хөрш зэргэлдээ орнуудаас сүсэгтнүүд оролцох юм байна. 9 дүгээр сарын 4-нд  "Хүн" театрт болох шашин хоорондын уулзалтад бөө мөргөл, шинтоизм, буддизм, ислам, иудаизм, индуизм болон бусад шашны шашны төлөөлөгчид оролцох ба энэхүү арга хэмжээ нь Монголын ард түмнийг олон арван жилийн турш тодорхойлж ирсэн энх тайвнаар зэрэгцэн орших хүсэл эрмэлзлийн илэрхийлэл болно" хэмээн тэмдэглэжээ. Уулзалтад Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид болон их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид ажиглагчаар оролцох юм байна.

Айлчлалтай холбогдуулан “Пап Францисын Монгол Улс дахь айлчлал” сэдэвт шуудангийн маркийг худалдаанд гаргалаа. Шуудангийн маркийг нээх ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэсэн бол Кардинал Луис Антонио Тагле “Шуудангийн маркийн нээлтийн ёслолд оролцож байгаадаа баяртай байна. Энэ нь хоёр улсын ард түмэн, хүн хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал” гэлээ. “Пап Францисын Монгол Улс дахь айлчлал” сэдэвт маркийг 22,500 ширхэг хэвлэжээ.

Мөн түүхэн айлчлалыг угтан Монголбанк, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Монгол-Итали” дурсгалын ялтсан зоосыг гаргалаа. Ромын Пап IV Инносент энх тайвныг хүсэн Монголын их хаан Гүюгт бичсэн захидлыг дипломат элч Плано де Карпини гардуулж байгааг зоосонд дүрсэлсэн байна. Их хаанд бараалхаж байгаа энэ мөчийг Италийн зураач Жерардо Доттори зурсан бөгөөд 1949 онд Плано де Карпинигийн төрөлх нутаг Мажионэ хотын захиргааны зөвлөлийн танхимын хананд мөнхөлсөн байдаг.Дурсгалын зоос 5 грамм жинтэй, 999.9 сорьцтой цагаан мөнгөн ялтсан зоос бөгөөд 150х65 мм хэмжээтэй юм.

Үзсэн: 1160

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна