Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал”


Densmaa 2023-08-18 04:08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотноо боллоо.

     Анх 1959 онд зохион байгуулсан Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн их хурлаас үүдэлтэй энэхүү их хурал нь нэгэн жарны түүхтэй юм. Хүйтэн дайн, даяарчлал, нийгмийн шилжилт, цар тахал зэрэг түүх нийгэм, улс төрийн янз бүрийн цаг үеийг туулан амжилттай зохион байгуулагдсаар XII их хурлаа ийнхүү амжилттай зохион байгууллаа. 5 жил тутам болдог энэ удаагийн Монголч эрдэмтний их хуралд дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаач оролцож, монголын түүх, антропологи, археологи, хэл бичиг, урлаг, утга зохиол, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, соёл уламжлалын чиглэлээр судалгаа шинжилгээнийхээ үр дүнг хэлэлцүүлжээ. Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлыг нээж Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн юм.

  Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монголчууд бидний төрт ёс, түүх соёл, өв уламжлалыг судлан шинжилж, хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд оруулсан хувь нэмрийг үнэлэн дүгнэж, дэлхий ертөнцөд сурталчлан таниулсан үе үеийн эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээ, бүтээл туурвил, хичээл зүтгэлийн үр дүнд “Монгол судлал” хэдэн зууны өмнөөс үүсэн бий болж эдүгээг хүртэл өргөжин хөгжсөөр ирсэн билээ.

Монгол судлал дэлхий дахинаа эрчимтэй хөгжихийн хэрээр монголчууд бидний үүх түүх, өв соёлын тухай үнэн бодит мэдлэг мэдээлэл хүн төрөлхтний хүртээл болж, Монгол Улсын нэр хүнд, монгол үндэстний нэгдмэл үнэт зүйл улам бүр өсөн бэхжиж байна. Энэ удаагийн Олон улсын монголч эрдэмтний XII их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан Эзэн Богд Чингис хаан болон өргөмжлөгдөж, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоосон түүхтэй билээ. Өнгөрсөн жил Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиосон бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэн, судлаачид оролцсон. Тус хурлын оролцогчид Монгол Улсын Төрийн тэргүүний санаачилгыг дэмжин Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулсан нь монгол судлал, тэр дундаа Чингис хаан судлалд чухал алхам боллоо. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа олон улсын тавцанд улам өсөн бэхжиж байгаа бөгөөд өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчлахдаа “Монгол Улс бол энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн дэлхий нийтэд зарласан билээ. Энэ бол зуун зууныг өртөөлөн ирсэн эвийг сахиж, энхийг эрхэмлэн, амар амгалан аж төрөх монгол төрийн үзэл санаа, үнэт зүйлийг өнөө цагийн монголчууд бид өвлөн уламжилж, залгамжлан баримталж байгааг үнэлсэн хэрэг юм.

Цаашид ч Монгол улс дэлхий дахины энх тайван, хүн төрөлхтний амар амгалан, аюулгүй байдлын төлөөх үйлсэд идэвх санаачилгатай оролцож, энэхүү байр сууриа улам бүр бататган бэхжүүлэх болно.

     Өнөөдрийн байдлаар олон улсын хэмжээнд монгол судлалын чиглэлээр дагнан судалгаа шинжилгээ явуулж буй 23 төв, хавсарга байдлаар судалгаа эрхэлж буй 20 төв, нийт 43 төв, салбар үйл ажиллагаа эрхэлж байна. Цаашид монголч эрдэмтдийг гадагш алдах урсгал буюу “brain drain”-ыг сааруулж, “brain gain” болгон хувиргах, гадаадад буй эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг буй болгоно гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан илтгэлдээ онцолсон юм. Цаашид Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүждэг залуу монгол судлаачдад зориулсан сургалт, ахисан төвшний сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг буй болгож, олон улс дамнасан залуу судлаачдын сүлжээ, хамтын нийгэмлэгийг бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллахаар төлөвлөж байна.

      Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хурлын үеэр хэлсэн үгэндээ, Монголын түүх, хэл, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр зэрэг бүхий л салбарын судалгааг явуулах, монгол судлалыг дотоод, гадаадад тогтвортой хөгжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд Монголын төрөөс тодорхой бодлого, шийдвэр гаргаж хэрэгжүүлж ирлээ. “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-үүдийг баталж, “Монгол судлалыг дэмжих сан”, Монгол судлалын үндэсний зөвлөлийг байгуулж, Монгол судлалыг нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Дээрх хүчин чармайлтын үр дүнд Монгол судлалын бодлогын хэрэгжилтийн үйл ажиллагаа нэгдмэл зохион байгуулалттай болж, тус салбар өргөжин хөгжих суурь тавигдсан билээ.

Түүнээс гадна, дэлхий дахин, бүс нутгийн түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмрийг тодруулан судлах ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж, тодорхой ахиц дэвшил гараад байна. Цаашид Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүний улсууд буюу Их хааны улс, Алтан орд улс, Цагаадайн улс, Ил хант улсын түүхэнд холбогдох баримт хэрэглэгдэхүүн, эх сурвалжийг илрүүлэн олж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, шаардлагатай тохиолдолд тухайн улсын нутаг дэвсгэрт археологийн малтлага судалгаа явуулах ажлыг дэмжих болно. 

Монголч эрдэмтний их хурал зохион байгуулагдаж буй энэ өдрүүдэд Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол судлалын үндэсний зөвлөлөөс Олон улсын залуу монгол судлаачдын зуны сургуулийг зохион байгуулж, тус сургуульд гадаадын 30 шахам залуу судлаач оролцож байгаа явдал бол дэлхийн Монгол судлалын ирээдүй гэрэлтэй, залгамж халаа нь бэлтгэгдэж байгааг тод харуулж байна. Цаашид ч Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүждэг залуу монгол судлаачдад зориулсан сургалт, ахисан төвшний сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг буй болгож, олон улс дамнасан залуу судлаачдын сүлжээ (network), хамтын нийгэмлэг (community)-ийг бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллахаар төлөвлөж байна. Монголч эрдэмтдийг гадагш алдах урсгал буюу brain drain-ыг сааруулж, brain gain болгон хувиргах, гадаадад буй эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг буй болгох болно. 

       Монголч эрдэмтдийн XII их хурал "Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монголчууд", "Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе", "Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз", "Монголын гадаад ертөнц ба харилцаа", "Монголчуудын соёл: Уламжлал ба шинэчлэл", “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” зэрэг салбар хуралдааны хүрээнд болсон юм. Ялангуяа “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” салбар хуралдаанд Чингис хаан судлалын олон сонирхолтой илтгэлүүд тавигдсан.  Энэ салбар хуралдаанд 14 орны 54 монгол судлаач өөрийн биеэр, 12 судлаач цахимаар оролцон илтгэл тавилаа.  Илтгэлээс онцолбол, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн болон биологийн ухааны доктор Юлий Иванович Дробышев “Чингис хааны сүүлчийн гэрээслэл” илтгэлээ хүргэсэн юм.  Тэрбээр “Түүх судлаачид, сонирхогчдын дунд Чингис хаан энэ хорвоог орхихоосоо өмнө үр хүүхдүүд, ач нар, ойрын хүмүүстээ дэлхийг бүхэлд нь эзлэхийг захисан гэсэн ташаа ойлголт бий. Монголын эзэн хаан өөрөө дэлхийг бүрэн эзэлж  чадаагүй тул нас барахынхаа өмнө ийнхүү захисан гэдэг. Гэвч ингэж хэлсэн тухай ямар түүхэн баримт бичигт тэмдэглэгдсэн бэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэр үеийн түүхэн баримт бичгүүдийг үзэхэд "дэлхийг эзлээрэй" хэмээн захисан талаар юу ч  байдаггүй. Харин тэрбээр үр хүүхэд, ач нартаа өөрийнх нь халааг авах Өгөдэй хаанд захирагдаж, эв нэгдэлтэй байхыг захисан талаар түүхэн баримт бичгүүдэд тодорхой бичсэн байдаг” гэдгийг онцоллоо. Ингээд та бүхэнд доктор Юлий Иванович Дробышевийн яриаг хүргэе.

       Юлий Иванович Дробышев: Чингис хаан бүх дэлхийг эзлэхийг гэрээсэлсэн гэж олон хүн боддог. Гэвч бодит байдал дээр тийм зүйл байгаагүй. Миний илтгэлийн гол сэдэв бол энэ. 13-14-р зууны эхэн үеийн эх сурвалжуудад ийм зүйл огт дурдагдаагүй байдаг. Эх сурвалжид их гүрний угсаа залгамжлагчийг томилох, хөвгүүдээ эв нэгдэлтэй байх, шинэ хаан Өгөдэйд үг дуугүй захирагдах, Тангад улсыг бүрэн мөхөөх, Алтан улсыг хэрхэх тухай Чингис хааны үлдээсэн нэн тодорхой гэрээслэл байдаг. Харин бүх дэлхийг эрхшээлдээ оруулах тухай яриа нь сүүлд гарсан зохиомол түүх бөгөөд олон хүний оюун санаанд түүгээрээ оршсоор байгаа нь харамсалтай юм. 

       Мөн Польшийн монголч эрдэмтэн Барея Стажиньска "Надад монголчуудын бурхны шашны түүх маш сонирхолтой санагддаг. Түүнчлэн Чингис хааны түүхийг заавал мэдэх хэрэгтэй. Их Монгол Улсын цаашдын хөгжил болон дэлхийн олон газартай хэрхэн холбогдсон зэрэг нь үнэхээр сонирхолтой.  Монгол Улсыг тусгаар тогтнолтой болгохын төлөө маш идэвхтэй ажиллаж байсан Польшийн монголч судлаачийн тухайн үеийн буюу 1912 оны материал одоо ч Краков дахь архивт хадгалагдаж байгаа. Цаашид зөвхөн Польшид байгаа монголч эрдэмтэд биш дэлхийн нийт монголч эрдэмтэд ирээд судлахыг урьж байна" гэсэн юм. 

     Польшийн монголч эрдэмтэн Барея Стажиньска: Монгол улс тусгаар тогтнолоо олох гэж маш их идэвхтэй ажиллаж, хүчин чармайлт гаргаж байсан. Тэр үетэй холбогдох материалууд Польшид Краковын архивт байна. Тэр материалууд үнэхээр сонирхолтой. Цаашид зөвхөн Польшид байгаа монголч эрдэмтэд биш орон орны монголч эрдэмтдийг ирж судлаасай гэж хүсч байна.      

    “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор болсон энэ удаагийн их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулжээ. Мөн АНУ, БНСУ, Их Британи, Казахстан, Канад, ОХУ, Польш, Турк, Унгар, Герман, Хятад, Япон, Киргиз, Чех, Австрали, Швейцарь, Тайвань, Норвеги, Итали, Дани зэрэг 20 гаруй орны эрдэмтдийн илтгэлийг хэлэлцлээ. Унгар улсын эрдэмтэн, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч Бирталан Агнеш болон БНХАУ-ын монголч эрдэмтэн Боржигидай Мөрөн нартай уулзаж сэтгэгдлийг нь сонирхсон юм.

     Унгарын эрдэмтэн, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч Бирталан Агнеш: 5 жил тутам олон улсын хэмжээнд монгол судлалтай ямар нэгэн байдлаар холбоотой монгол орныг судалдаг монголч эрдэмтдийг нэг дор цуглуулж хурал зохион байгуулах нь их чухал. Яагаад гэхээр энд цуглаж бие биенийхээ гаргасан бүтээлүүдтэй танилцах боломжийг бүрдүүлж өгдөг. Ийм том үйл явдлыг өөр улсад зохион байгуулснаас илүү Монгол улсад зохион байгуулах нь илүү оновчтой юм. 

    БНХАУ-ын монголч эрдэмтэн Боржигидай Мөрөн: 5 жилд нэг удаа олон улсын монголч эрдэмтэн судлаачид нэг дор цуглаж ажиллах нь холбоо харилцаагаа бэхжүүлэх, эрдэм шинжилгээний ажлаа танилцуулж хэлэлцүүлэх, залуу эрдэмтэн судлаачдаа хөгжүүлэх, бэлтгэх гэх зэрэг ийм олон талын утга агуулгатай үйл явдал юм.

    Энэ удаагийн Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлын нэг онцлог нь монголч эрдэмтдийн залуу халааг бэлтгэх тэднийг дэмжихэд чиглэж байсан юм. Энэ хүрээнд Залуу монгол судлаач зуны сургуульд хамрагдсан докторын төвшний судлаач нарт илтгэлээ хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

    СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор М.Энхбаатар: Энэ жилийн хувьд Залуу монгол судлаачдын илтгэлийг хэлэлцүүлж байна. Үүн дээрээ нэмээд уламжлал болгон явагддаг Залуу монгол судлаачдын зуны сургууль явагдаж байна. Энэ нь нэг цаг үед давхардаад явж байна. Залуу судлаачдын илтгэлүүд үндсэндээ Монголын түүх, хэл соёл, монгол хэл бичиг гэсэн 2 хэсэгтэй байгаа юм. Энэ хүрээнд 21 агуулга дээр 50 гаруй илтгэл байна. Үүний 20 орчим нь гадны орны илтгэлүүд байна. Үүн дээр Зуны сургуулийн монгол судлаачдын 10-аад илтгэл орж байна гэсэн үг. Ингээд нийтдээ 50 гаруй илтгэл хэлэлцүүлж байгаа юм.

   Сонирхуулахад, Монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурлыг 1959 онд Улаанбаатар хотод зохион байгуулж, тухайн үед Монголын шинжлэх ухааны академийн дэргэд 1970 онд академич Б.Ширэндэвээр ахлуулсан хэл бичгийн эрдэмтдийн их хурал зохион байгуулах байнгын хороо байгуулсан байна. Байнгын хороо хэд хэдэн удаа хурал зохион байгуулж, 1987 онд болсон монголч эрдэмтдийн тавдугаар их хурлаас Олон улсын монгол судлалын холбоог байгуулж, тухайн үеийн Сайд нарын зөвлөл албажуулж тогтоол гаргаж байжээ. Энэ холбоонд дэлхийн 40 орчим орны 600 гаруй судлаач гишүүнчлэлтэй байдаг аж. Холбооны ерөнхийлөгчөөр нь Унгар улсын эрдэмтэн Бирталан Агнеш ажиллаж байна.

Үзсэн: 2351

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна