Улаанбаатар хотноо Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал болно

АНУ, БНСУ, Их Британи, Казахстан, Канад, ОХУ, Польш, Турк, Унгар, Герман, Хятад, Япон, Киргиз, Чех, Австрали, Швейцарь, Тайвань, Норвеги, Итали, Дани зэрэг 20 гаруй орны 307 эрдэмтний илтгэл хэлэлцэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 9-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал болно. Энэ удаагийн их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулах юм. “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор болох уг их хурал нь "Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монголчууд", "Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе", "Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз", "Монголын гадаад ертөнц ба харилцаа" зэрэг салбар хуралдаанаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, нүүдэлчдийн түүх, уламжлал, монгол хэл, утга зохиол, нийгэм-эдийн засаг, улс төр, гадаад, дотоод ертөнц, соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг онцлон анхаарсан гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Тус хурлын нээлт энэ сарын 10-нд Төрийн ордонд болох бөгөөд АНУ, БНСУ, Их Британи, Казахстан, Канад, ОХУ, Польш, Турк, Унгар, Герман, Хятад, Япон, Киргиз, Чех, Австрали, Швейцарь, Тайвань, Норвеги, Итали, Дани зэрэг 20 гаруй орны 307 эрдэмтний илтгэлийг хэлэлцэх юм. Мөн монгол судлалын залуу үеийг дэмжихэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулна. Энэ хүрээндээ залуу монгол судлаач дэд салбарыг докторын түвшний судлаач нарт бий болгож, нийт 59 залуу монгол судлаач илтгэл тавина.
Үзсэн: 1905
Tweet