Үндэсний мэтгэлцээний лигийн шилдэг оролцогчидтой уулзлаа
Мэтгэлцээн бол оюун ухааны спорт учраас ялагч байх нь чухал бус оролцогч байх нь хамгийн чухал
УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний мэтгэлцээний лигийн шилдэг оролцогчидтой уулзлаа. Энэ жилийн мэтгэлцээнд 40 багийн 200 өрсөлдөгч оролцсон бөгөөд эцсийн шатанд 20 оролцогч шалгарсан байна. Тэд нийгмийн тулгамдсан асуудал буюу авлига хээл хахуулийн асуудалтай хэрхэн тэмцэх, нийслэлийн замын түгжрэлийн шийдэл, Үндэсний баялгийн санг хэрхэн тэгш хуваарилах вэ зэрэг асуудал болон төсөв, боловсрол, хүүхдийн мөнгө зэрэг сэдвээр баримт, нотолгоотой мэтгэлцлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар, мэтгэлцээн бол оюун ухааны спорт учраас ялагч байх нь чухал бус оролцогч байх нь хамгийн чухал. Харин ялагчид нь үзэгч, сонсогчид буюу олон нийт юм. Өнөө цагийн мэдээ, мэдээллийн давалгаанд сэтгэлийн хөөрлөөр хандаж, буруу, зөрүү дүгнэлт гарган, улмаар энэ бүхэн ардчиллын хөгжилд саад, тээг болж байна. Харин мэтгэлцээнээр дамжуулан олон ургальч үзэл бодлын дор баримт, нотолгоотой, эх сурвалжтай мэдээллийг нийгэмд түгээж, залуучуудын дуу хоолойг олон нийтэд хүргэж чадаж байна. Энэ бол ардчиллын хөгжилд оруулж буй та бүхний хувь нэмэр төдийгүй шийдвэр гаргагчдад шийдлийг олоход баримт, нотолгоотой асуудал дэвшүүлж буй нь мэтгэлцээний тэмцээний ач холбогдол оршиж байна хэмээн онцоллоо.
Үзсэн: 1048
Tweet