Говь гурван сайхан уулын Зүүнсайхан ууланд орших Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга
Даланзадгад хотоос баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх гурван том нурууг Говь гурван сайхан уул гэдэг
Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Зүүнсайхан ууланд орших Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол боллоо. Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, уул овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл гэдгийг тодотгов. Мөнх хөх тэнгэртээ сүсэлж, хөрст дэлхийгээ шүтэн, байгальтайгаа эвсэн найрсаж, уул ус, ургамал модоо амьтай, эзэнтэй хэмээн хайрлан дээдэлж ирсэн нүүдэлчин монгол түмний соёл иргэншлийн гайхамшиг, давтагдашгүй онцлог гэдгийг хэлэв. Байгаль эхээ хайрлан хамгаалж аж төрөх монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн дээдэлж, ой, усны нөөцийг нэмэгдүүлэхэд хүн бүр хувь нэмрээ оруулахын чухлыг тэмдэглэлээ. Говь гурван сайхан уулын Их тахилгат хайрхны тэнгэрийг Өгэдэй хааны үеэс тахиж байсан түүхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигаар Говь гурван сайхан уулын Зүүнсайхан ууланд орших Их тахилгат хайрхныг төрийн тахилгатай болгосон юм. Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх гурван том нурууг Говь гурван сайхан уул гэдэг.
Үзсэн: 880
Tweet