Монгол, Туркийн ерөнхийлөгчид харилцан айлчлал хийнэ
“Элчин сайд ярьж байна” нэвтрүүлэгт БНТУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш оролцлоо
Асуулт: Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгч байгаад баярлалаа. Турк улс манай “гуравдагч хөрш” улс. Тиймдээ ч манай улс Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй харилцаандаа онцгой ач холбогдол өгч, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэхийг эрмэлзэж ирсэн. Та Монголд томилогдон ирээд 2 жил орчим болж байна. Энэ хугацаанд юу хийж амжуулав, аль салбарт түлхүү анхаарч ажилласан бэ? Одоо Монгол Улсад хэрэгжүүлж байгаа Туркийн төсөл хөтөлбөрүүдээс товч танилцуулна уу?
Элчин сайд Зафер Атеш: Юуны өмнө манай хоёр орны харилцааны талаар ярих боломж олгосон та бүхэнд талархсанаа илэрхийлье. Турк, Монгол улсууд найрсаг харилцаатай орнууд. Манай хоёр орны харилцаа зуу зуун жилийн түүхтэй. Олон зууны турш эвтэй найртай оршиж ирсэн ард түмэн. Тийм ч учраас одоо манай хоёр орны харилцаа бүх салбарт ахиж, хөгжиж байгааг харж байгаадаа баяртай байдаг. Таны хэлсэнчлэн би Монгол улсад томилогдон ирээд бүтэн хоёр жилийг хэдийнээ өнгөрөөгөөд байна. Энэ хугацаанд өөрийн хэрэгжүүлэх ёстой үүрэг, хөтөлбөрийн дагуу олон салбарт анхаарал хандуулан ажиллаж байна. Нэгдүгээрт хоёр орны хоорондын албан айлчлалын тоо, давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаа. Цар тахалаас шалтгаалан нэлээд хугацаанд ямар нэгэн айлчлал хийгдээгүй, хэсэг хугацаанд завсарласан. Цар тахалаас хойш бид хамгийн түрүүнд Эдийн засаг, худалдааны Монгол-Туркийн Засгийн газрын хамтарсан хуралдааныг хийсэн. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга ноён Г.Занданшатар өнгөрсөн 2022 оны 10 дугаар сард БНТУ-д албан ёсны айлчлал хийсэн. Түүнчлэн БНТУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2022 оны 6 дугаар сард, БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд 2022 оны 11 дүгээр сард Монгол Улсад тус тус айлчилсан. 2023 оны 3 дугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд хатагтай Б.Батцэцэг БНТУ-д айлчлал хийсэн. Энэхүү айлчлал нь 31 жилийн дараа Монгол Улсаас БНТУ-д Гадаад харилцааны сайдын түвшинд хийсэн айлчлал байсан гэдгээрээ онцлог байсан. Түүнээс өмнө буюу 1992 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын асан Ц.Гомбосүрэн БНТУ-д айлчилж байсан юм. Батцэцэг сайдын айлчлалын үеэр хоёр талын олон асуудлын талаар ярилцаж, шийдэлд хүрч, 4 баримт бичиг гарын үсэг зурсан. Үндсэндээ маш чухал айлчлал болсон гэдгийг дурдах нь зүйтэй. Эдгээрээс гадна бид олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Юуны түрүүнд бизнес форум болон аялал жуулчлалын форум зохион байгуулахаар төлөвлөж байна. Энд томилогдон ажиллах хугацаандаа худалдаа болон хөрөнгө оруулалтын салбарт түлхүү анхаарч ажиллана. Өөрийн хүлээсэн үүргийн хүрээнд худалдааны салбарт хамтран ажиллах боломжтой олон хөндөгдөөгүй талбар байгаа тул бүгдийг анхааран ажиллах болно. Намайг анх томилогдон ирж байхад манай хоёр орны худалдааны эргэлт 40 мянган ам.доллар байсан бол өнөөдрийг хүртлэх хугацаанд энэ тоо эрчимтэй өсч 2022 оны эцсийн дүнгээр 110 мянган ам.долларт хүрээд байна. Гэхдээ энэ тоо цаашид өсөх боломжтой. Ойрын ирээдүйд Туркийн томоохон компаниуд Монголд ирж, хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Үүний зэрэгцээ Монголын бизнесийн компаниуд Туркид очиж хамтын ажиллагаа эхлүүлэх боломжтой харагдаж байгаа юм. Иймд бид Монголд, Туркид тус тус нэг бизнес форум зохион байгуулсан. Өнгөрсөн 2022 оны 6 дугаар сард Монголд бизнес форум зохион байгуулсан бол УИХ-ын дарга ноён Г.Занданшатарын айлчлалын үеэр Анкара, Истанбул хотуудад бизнес форумыг зохион байгуулсан юм. Энэ үеэр хоёр талын бизнесийн олон төлөөлөл цуглаж, хамтын ажиллагааны олон боломжуудын талаар ярилцсан. Түүх, соёл, археологийн салбарт бидний хамтын ажиллагаа өргөн хүрээнд маш амжилттай хөгжиж байна. Өнгөрсөн 2022 оны 7 дугаар сард Турк-Монголын хамтарсан судалгааны баг Туркийн зүүн хэсгийн Ван мужаас Хүлэгү хааны зуны ордны туурь олж, одоо судалгааны ажил нь үргэлжлэн явж байна. Мөн хоёр орны археологийн хамтарсан багийн судалгаагаар Монголын Архангай аймгийн Хашаат сумын Номгон гэдэг газраас нэн ховор олдворуудыг олж илрүүлсэн бөгөөд эдгээр нь VII зууны сүүл үед амьдарч байсан Түрэгийн хаант улсын 2 дахь хаан болох Кутлуг хааны тахилын онгон, хөшөө чулууны бичээс мөн гэж судлаачид үзэж байгаа юм. Орхоны хөндийн сав газар дахь Түрэгийн дурсгал болон Күльтегин, Тоньюкукийн гэрэлт хөшөөний цогцолборыг XIX зууны сүүл үед олж илрүүлсэн байдаг. Харин удаан хугацааны дараа эдгээр маш чухал олдворыг олж, нээсэн явдал нь хоёр орны түүх соёлын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулах онцлог чухал нээлт болсон гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Тэгэхээр түүх соёлын салбарт бид хамтдаа маш их зүйлийг хийгээд байна гэж хэлж болно. 2007-2008 оны үед ТИКА-гийн тусламжаар Хархорин суманд түүхийн дурсгалыг хадгалах, хамгаалахад чиглэсэн ажлуудыг хийж хожим нь Орхоны хөндийн Хөшөө Цайдамд музей байгуулсан. Мөн Налайх дүүрэгт Мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөөний цогцолборыг байгуулсан. Одоо харин Мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөөнд зориулсан бас нэгэн музейг Налайх дүүрэгт байгуулах ажил эхлээд явж байна. Энэ бүхнээс хоёр орны түүх соёлын дурсгал, ялангуяа Монголтой холбоотой соёлын дурсгалыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах тал дээр амжилттай хамтран ажиллаж байна гэж дүгнэж болох юм. Монгол улс нь түүх соёлын арвин баялаг өвтэй ард түмэн. Турк Улс Монгол Улсын “Гурав дахь хөрш”-ийн хувьд энэ салбарт хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхдээ таатай байх болно.
Асуулт: Монголчууд Турк руу 30 хоног визгүй зорчдог болсон, мөн худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тулгамдаж байсан тээвэр, логистикийн асуудлыг талууд шийдвэрлэснээр манай хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж 100 сая ам.долларыг даваад байна. Цаашид энэ өсөлтийг улам бүр нэмэгдүүлэхийн тулд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ? Туркийн бизнес эрхлэгчид аль салбарт монголчуудтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулах сонирхолтой байна вэ?
Элчин сайд Зафер Атеш: Миний хувьд дээр дурдсанчлан худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааны боломж бололцоог ажил хэрэг болгох тал дээр илүү анхаарал хандуулан ажиллах болно. Анх би Монгол ирээд манай хоёр орны эдийн засгийн сул орон зайд бие биеэ нөхөх боломж байгааг харсан. Өөрөөр хэлбэл Туркид хэрэгтэй байгаа бүтээгдэхүүн Монголд байна. Эсрэгээрээ Монголд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн Туркид байна. Энэ нь манай хоёр орон бизнесийн хамтын ажиллагаанд маш өргөн боломж байна гэсэн үг юм. Тэгэхээр худалдааны эргэлт цаашид ч нэмэгдэх нь тодорхой. Би түрүүн хэлсэнчлэн бид хоёр талын бизнес айлчлалыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. Бизнес форум бол нэг механизм нь юм. 2023 оны хувьд бид Улаанбаатар хотноо бизнес форум зохион байгуулах санаатай байна. Бас нэгэн онцлох салбар нь аялал жуулчлалын салбар юм. Өнгөрсөн 2022 оны сүүлээр манай иргэний нисэхийн албаны хүмүүс хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Улмаар хоёр орны хооронд шууд нислэгийн тоог нэмэхээр шийдвэрлэсэн юм. Ингээд МИАТ болон Туркиш эйрлайнс компаниуд Улаанбаатар-Истанбулын нислэгийн тоог 7 хоногт 7 удаа буюу өдөр бүр 1 нислэг болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр зөвхөн худалдаа төдийгүй иргэд хоорондын харилцаа сайжрахад чухал хувь нэмэг оруулна гэж итгэж байна.
Асуулт: Манай хоёр орон нэн эртний харилцаатай байсны баримт сэлт болох түүх соёлын олон дурсгал Монгол, Туркийн газар нутгаас олдсоор байна. Эдгээр олдворын судалгааны ажлыг эрчимжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалт татах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэлхий нийтэд сурталчлах тал дээр хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
Элчин сайд Зафер Атеш: Дээр дурдсанчлан Туркийн тал энэ чиглэлд идэвхитэй хамтран ажиллаж байгаа бөгөөд үүнийгээ үргэлжлүүлэх болно. Аялал жуулчлалын салбар бол Туркийн хамгийн чухал салбаруудын нэг. Тиймдээ ч аялал жуулчлалын чиглэлд туршлагатай орон гэж хэлж болно. Тиймээс энэхүү туршлагаа Монголын талтай хуваалцах боломжтой. Туршлага хуваалцах хамгийн тохиромжтой арга нь аялал жуулчлалын форум зохион байгуулах юм. Учир нь аялал жуулчлалын холбоо бүх компани аж ахуйн нэгжүүд нэг дор цуглардаг учир хамгийн харилцан туршлага солилцох хамгийн тохиромжтой арга хэмжээ юм. Мөн хоёр талдаа аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломж өргөн байгаа юм. Миний ажиглаж байгаагаар монголчуудын аялах дуртай газруудын тоонд Турк улс зүй ёсоор орох болж Турк руу явах монголчуудын тоо нэмэгдэж байна. Түүнчлэн Монголд ирэх Туркийн жуулчдыг татахад анхаарах хэрэгтэй. Мөн бид гуравдагч орнуудаас жуулчин татах ажилд хамтран ажиллах боломж байгаа юм. Энэ ажилд Туркиш Эйрлайнс чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. Учир нь Туркиш Эйрлайнс нь дэлхийн бараг бүх томоохон хот руу шууд нислэг хийдэг авиа компани юм. Тиймээс Истанбулаар эсвэл Туркиш Эйрлайнсийн нислэгээр дамжиж гуравдагч орноос жуулчид, хөрөнгө оруулагчид Монголд ирэх боломж нээлттэй байгаа юм. Энэ мэтчилэн аялал жуулчлалын салбарт манай хоёр орны хамтын ажиллагаа хөгжих болно.
Асуулт: Монголчууд Турк руу визгүй зорчдог болсноор иргэд хоорондын харилцаа идэвхжиж, гүнзгийрч байна. Соёлын сурталчилгаа болон боловсролын салбарын хамтын ажиллагаанд ямар дэвшил гарч байна вэ?
Элчин сайд Зафер Атеш: Боловсролын салбарын хамтын ажиллагаанаас хариултаа эхэлье. Манай хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа маш амжилттай хөгжиж байгаа. Жил бүр Туркийн засгийн газрын тэтгэлэгээр Монгол оюутнуудыг Туркид сургаж байна. Тэтгэлэг өгөх оюутны тоо жил бүр өөр байдаг. Дараа жилд хэдэн оюутныг тэтгэлгээр сургах вэ гэдгийг өмнөх жилийн суралцагчдын сургалтын үнэлгээнд тулгуурлан шинэчлэдэг. Монгол Улсад суугаа Элчин сайдын хувь би энэ тоог улам бүр нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажилладаг. Туркийн сургалтын тэтгэлгийн талаарх мэдээлэл сурталчилгааг бид жил бүр хийдэг. Монголын сонсогч, үзэгч залуучуудад хандан хэлэхэд твиттер, фэйсбүүк зэрэг манай ЭСЯ-ны сошиал медиа хаягуудаар зочилж, дагаарай. Бид сургалтын тэтгэлгийн талаарх мэдээллийг цаг тухай бүрт нь мэдээлж, зарладаг. Мөн тэтгэлгээс гадна Турктэй холбоотой соёл урлагийн болон ЭСЯ-аас зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг манай сошиал медиа хаягаар дамжуулан мэдээлдэг юм. Түүнчлэн та бүхэн сонирхсон асуултаа бидэнд ирүүлж хариулт авч болно. Соёл урлагийн хамтын ажиллагааны хувьд гэвэл өнгөрсөн 2022 онд бид Туркийн кино өдрүүд, концерт зэргийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Бид энэ ажлаа үргэлжлүүлэн хийх болно. Мөн Турк дэх Монгол Улсын ЭСЯ-ны зүгээс ч Монголыг Туркид сурталчлах ажлуудыг бас хийж байгаа гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн сүүлийн үед Монголын үзэгчид Туркийн олон ангит кинонуудыг сонирхон үзэх нь нэмэгдсэн. Энэ ташрамд Монголын сонсогч, үзэгчдийг Туркийн кинонуудыг үргэлжлүүлэн үзэхийг хүсэе. Эдгээр киног үзэхэд манай хоёр орны амьдрал ахуй, түүх, соёл, хэл зэрэг зүйлс адил төстэй болохыг ойлгох болно. Дараа нь мэдээж Туркид очоод бодит амьдрал дээр Турк орон ямар вэ гэдгийг харж болно шүү дээ.
Асуулт: Энэ оны эхэнд Туркийн зүүн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь нас хохирч, ихээхэн гарз хохирол учирсан сонсогчдынхоо өмнөөс дахин харамсаж буйгаа илэрхийлье. Монгол орон, ялангуяа нийслэл Улаанбаатар хот маань газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байрладаг. Дөнгөж саяхан манай геологичид Туркийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтарсан судалгаа хийхээр Туркийг зорьж байгаа тухай ярьж байсан. Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх тал дээр хоёр хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
Элчин сайд Зафер Атеш: Юуны өмнө энэ 2023 оны 2 дугаар сарын сүүлээр Туркийн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа бид бүхэнтэй эв санааны нэгдэлтэй байж, тусламж дэмжлэг үзүүлсэнд Монголын ард түмэн, Монгол Улсын засгийн газарт гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Олон жилийн дараа манай оронд ийм хүчтэй байгалийн гамшиг тохиож, олон хүний амь нас хохирсон. Өмнө нь 1999 онд Туркийн баруун хойд хэсэгт томоохон газарт хөдлөлт болж байсан юм. Гэхдээ энэ удаагийнх богино хугацаанд маш хүчтэй олон давтамжтай хөдөлснөөрөө онцгой байсан. Яг энэ хүнд цаг үед Монгол Улсын засгийн газар, Монголын ард түмэн бидэнд хүнд цаг үеийг хамтдаа даван туулах жинхэнэ анд нөхөр гэдгээ харуулсан. Газар хөдлөлтийн дараа монголчууд олноороо манай ЭСЯ дээр ирж харамсаж байгаагаа илэрхийлж, захидал бичиж, хандив тусламж өгч бидэнтэй эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж байсан. Тиймээс би Туркийн ард түмний өмнөөс Монголын ард түмэнд талархаж байгаагаа дахин илэрхийлмээр байна. Энэ газар хөдлөлт болохоос ч өмнө Туркийн тал Монголын Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллаж байсан гэдгийг дурдмаар байна. Харин энэ газар хөдлөлтийн дараа хоёр талын хамтын ажиллагаа улам эрчимжиж, нэг шат ахьсан. Учир нь Монгол Улсын засгийн газраас Турк руу 35 хүн болон аврагч нохдын бүрэлдэхүүнтэй эрэн хайх, авран хамгаалах багийг илгээсэн. Уг баг 10 хоногийн туршид гамшигт өртсөн бүс нутагт ажиллаж 8 хүний амь насыг аварч, 700 гаруй хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн юм. Иймд БНТУ-ын ерөнхийлөгчийн зарлиг гаргаж Туркид ажилласан аврах багийн ахлагч ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярыг “Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль”-аар шагнасан. Туркид ажилласан багийнхантай ирснийх нь дараа уулзаж ярилцаж байхад Туркид хийсэн эрэн хайх, авран хамгаалах ажиллагаа нь Монголын ОБЕГ-ынхны хувьд маш онцгой туршлага болсон гэдгийг онцолж байсан. ОБЕГ-ынхан газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх үзүүлэх сургууль, өдөрлөгийг хийдэг талаараа ярьж байсан. Дүгнээд хэлэхэд цаашид энэ салбарт бидний хамтын ажиллагаа улам өргөжих болно.
Асуулт: Ирэх 2024 онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болно. Энэ хүрээнд хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааны түвшнийг ахиулж, “стратегийн түншлэл”-д хүргэх асуудлыг Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас ярьж байсан. Энэ бүхнийг ажил хэрэг болохын тулд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
Элчин сайд Зафер Атеш: Таны хэлсэнчлэн манай хоёр тал улс хоёулаа одоо байгаа иж бүрэн түншлэлийн харилцааг “стратегийн түншлэл” болгох хүсэлтэй байгаа. Бид үүнийг ажил хэрэг болгохын төлөө ажиллаж байна. БНТУ-ын ерөнхийлөгч ноён Р.Т.Эрдоган Монгол Улсад ойрын үед айлчлах төлөвлөгөөтэй байна. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч ноён У.Хүрэлсүх ирэх онд БНТУ-д айлчлах төлөвтэй байна. Эдгээр айлчлалын үеэр манай хоёр орны харилцаа “стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрч байгаа талаар албан ёсоор зарлана гэж бодож байна. Мөн эдгээр айлчлалын үеэр маш олон салбарт хамтын ажиллагааны олон гэрээ хэлэлцээр гарын үсэг зурахаар бэлдэж байна. Ерөнхийд нь дүгнэхэд манай хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт ахицтай байна гэж хэлж болно.
Асуулт: Ойрын үед ЭСЯ-ны зүгээс хийхээр төлөвлөсөн өөр ямар ажил байна вэ?
Элчин сайд Зафер Атеш: Дээр дурдсанчлан ирэх жил болох дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулан бид улс төр, соёлын гэх мэтчилэн олон ажлыг хийх болно. Мөн бидний хамтран ажиллаж болох, хүрээг нь тэлж болох олон салбар байсаар байна. Ирээдүйд бид хоёр талын харилцан айлчлалууд, бизнес форум зэрэг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын үйл ажиллагааг хийсээр байх болно. Би энд цөөн хэдийг нэрлэж хязгаарламааргүй байна. Бидэнд маш өргөн боломж байгаа тул Монголын анд нөхөдтэй хамтран ажилласаар байх болно.
Асуулт: Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Манай хоёр орны харилцаа улам өргөжин тэлэх болно гэдэгт итгэлтэй байна.
Элчин сайд Зафер Атеш: Монголын радиогоор ярих боломж олгосон MNB-гийн хамт олонд талархснаа илэрхийлье. Ойрын ирээдүйд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүх бэхжиж, өргөжинө гэж найдаж байна. БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам сайжруулахын төлөө хичээн ажиллах болно.
Үзсэн: 1815
Tweet