АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзав
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буантаныг байгаль орчин, ногоон хөгжлийн төлөөх үйлсэд манлайлан оролцдогт нь талархалаа илэрхийлэв
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буантаныг байгаль орчин, ногоон хөгжлийн төлөөх үйлсэд манлайлан оролцдогт нь талархлаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлаас батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө. Тус хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг ажиллаж байсан бөгөөд уг хуулиар аж ахуйн нэгжүүд ус бохирдуулсны хэрээр төлбөр төлөх, эсвэл эх үүсвэр дээр нь цэвэрлэх байгууламж байгуулах зэргээр аж ахуйн нэгжүүдийн хүлээх хариуцлагыг тодорхой тусгаж өгснийг онцолсон. Үүнээс гадна Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг бусад гишүүдийн хамт санаачлан Улсын Их Хуралд өргөн барьж, парламент хуулийг хэлэлцэхийг дэмжээд байгааг тэмдэглээд, ард иргэдийн хүнсний аюулгүй байдал, ногоон хөгжлийн талаарх ойлголт, мэдээллийг нэмэгдүүлж ажиллах шаардлага байгааг тодотгож байлаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Байнгын хорооны дарга Б.Саранчимэгт байгаль орчны асуудлаар тууштай, идэвх санаачилгатай ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, АНУ-ын Монгол Улсад оруулж байгаа хөрөнгө оруулалт улам батжиж байгаад таатай байна хэмээлээ. Элчин сайд хоёр орны Засгийн газар хооронд тогтсон нягт харилцаа,стратегийн түншлэлийг амжилттай үргэлжлүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа онцлон дурдаад, хүнсний аюулгүй байдлын асуудлаар Улсын Их Хурлын Байгаль орчин,хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хамтран ажиллах санал тавьж байгаагаа уламжиллаа.
Үзсэн: 900
Tweet