Чех улсад амьдарч буй иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
Энэ оны байдлаар Чех Улсад манай улсын 12 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, сурч байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй айлчлалын хүрээнд тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Тэрбээр Монгол Улсын төр, засгаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, Монгол Чехийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, айлчлалын ач холбогдлын талаар мэдээлэл өгч, иргэдийн зүгээс тавьсан санал хүсэлт, сонирхсон асуудлаар ярилцлаа. Монгол, Чехийн Нийгмийн хамгааллын хэлэлцээр 2023 оны 3 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд хоёр талд шимтгэл төлж ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж, тэтгэврээ тогтоолгох боломжтой болоод байна. Энэ талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал сэтгэгдлийг нь сонслоо. Монгол Улс Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн конвенцын шинэчлэгдсэн стандартад бүрэн нийцсэн жолооны үнэмлэхийн шинэчилсэн загвар гаргахаар ажиллаж байгааг мөн мэдээлж, Чех Улсад оршин суугаа манай иргэд энэхүү шинэ загварын үнэмлэхийг суугаа орныхоо жолооны үнэмлэхээр солих боломжтой болоод байгааг онцоллоо. Хоёр улс 2017 онд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулж, Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэхээр манай хувийн хэвшлийн компаниуд идэвхтэй ажиллаж байгаа талаар мэдээлэв. Энэ нь хоёр улсын иргэд, бизнес эрхлэгчид, жуулчдад зорчих таатай нөхцөлийг бүрдүүлж байгааг тэмдэглэлээ. Боловсролын салбарт тухайлбал, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг чехийн талтай хамтран хэрэгжүүлэх, монгол оюутнууд, Чехийн их, дээд сургуулиудад чех, англи хэлээр суралцах боломжтой болсныг онцоллоо. Энэ оны байдлаар Чех Улсад манай улсын 12 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, сурч байна.
Үзсэн: 611
Tweet