Монгол - Польшийн бизнес форум
Бизнес форумын үеэр дамжин өнгөрөх тээврийн зардлыг бууруулах талаар ярилцаж, санамж бичиг байгуулсан нь хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар 2023 оны 4 дүгээр сарын 24-26-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Монгол-Польшийн бизнес форумыг амжилттай зохион байгуулсан юм.
Монгол улс БНПУ хоёрын хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр орон бүхий л салбарт уламжлалт түүхэн харилцаагаа хадгалж ирсэн бөгөөд цаашид худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж эрчимжүүлэхэд энэхүү арга хэмжээний гол зорилго оршин буй. Тус форумыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан. Бизнес форумд Польш Улсын сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, цахилгаан эрчим хүч, барилга, аялал жуулчлалын салбарын 23 аж ахуйн нэгжийн 31 бизнес эрхлэгч оролцсон бол Монголын талаас 350 гаруй бизнес эрхлэгч, ААН-ийн төлөөлөл оролцож, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн боломжуудыг эрэлхийлж ганцаарчилсан уулзалт хийн, түншийн харилцаа тогтоосон юм. Монгол-Польшийн бизнес форумыг нээж Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар үг хэллээ. Ерөнхийлөгч Анджей Дуда хэлсэн үгэндээ, харилцаа өргөжин хөгжиж, худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр манай улсын аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсыг сонирхох сонирхол өсөн нэмэгдэж байна. Улмаар БНПУ нь Монгол Улс руу хийж байгаа бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээгээрээ Европын Холбооны Улсад тэргүүлж байгаа орны нэг гэдгийг хэлсэн юм. Цаашид уул уурхай, ашигт малтмал, геологи, байгаль орчин зэрэг салбарт хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжтойг онцолж, 2024 онд Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эхлэх Консулын хэлтэс худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, уул уурхай, геологи, соёл, боловсрол, байгаль орчин, банк, санхүү, цахим худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх шинэ боломж нээгдэж байгааг тэмдэглэж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ:
"Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа улс төр, батлан хамгаалах боловсрол, нийгмийн хамгаалал болон худалдаа эдийн засгийн салбарт идэвхтэй өргөжин хөгжиж хоёр талын худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал сүүлийн 3 жилийн хугацаанд манай хоёр орны худалдааны эргэлт 2 дахин өссөн байна. Энэ бол маш сайхан үзүүлэлт. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хооронд Олон Улсын авто тээврийн харилцааны тухай хэлэлцээрийг энэхүү айлчлалын үеэр байгууллаа. Уг хэлэлцээр нь бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна. Далайд гарцгүй манай улсын хувьд худалдаа болон дэмжин өнгөрөх тээврийн өртөг зардал буурах, цаг хугацааг хэмнэх зэрэг олон эерэг үр дүнг авчрах болно. Шинэ эргэлтийн бодлогын хүрээнд улсынхаа дэд бүтцийг сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, хот, хөдөөгийн хөгжил, аялал жуулчлал, ногоон хөгжил болон цахим хөгжлийн асуудлыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тодорхойлж, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг уул уурхай, соёл боловсрол, байгаль орчин, банк санхүү, цахим худалдаа, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай томоохон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх шинэ боломж нээгдэж байна. "Монгол Улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт тогтвортой бүтцийг бий болгохоор зорин ажиллаж байгаа. Эрхэм хүндэт та бүхнийг Монгол Улсад ирж, бизнес эрхэлж, хөрөнгө оруулж, монголчууд бидэнтэй харилцан ашигтай ажиллахыг уриалж байна гэсэн юм.
Монгол улс Польш улс хоёр уул уурхайн салбарт нягт хамтран ажиллаж байсан баялаг түүхтэй. Тухайлбал 1961-1965 онуудад Бүгд Найрамдах Польш улсаас 190 хүний бүрэлдэхүүнтэй геологийн баг манай улсын баруун бүс нутагт геологийн эрэл хайгуул судалгааны ажлыг хийж, хоёрт тал идэвхтэй хамтран ажиллаж байсан юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 1970, 1980-аад онд олон улсын геологийн судалгаа үргэлжилсээр 1984 оноос Польш Монголын хамтарсан экспедиц байгуулагдан Бугын гол, Мушгаа худаг зэрэг орд газруудад газрын ховор элементийн хайгуул хийсэн байдаг. Цаашид ч манай хоёр орон геологи уул уурхайн салбарт хамтран ажиллах олон сайхан боломжууд нээлттэй байгааг Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн үгэндээ онцлон хэлсэн юм.
Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай. Тодруулбал нийт орлогын 95 хувийг уул уурхайн салбарын орлого, үлдсэн 5 хувийг уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспорт бүрдүүлдэг. Мөн уул уурхайн салбарын ганц худалдан авагч нь БНХАУ байдаг. Харин цар тахлын нөхцөл байдал бидэнд цөөн улстай харилцдаг эдийн засагтай байж болохгүй гэдгийг сануулсан том дохио боллоо. Иймээс манай улс экспортын шууд гарцуудыг хөгжүүлэх, барууны хөгжингүй зах зээлд уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнээ гарах шаардлага тулгарч байна. Монголчуудын өрхийн орлого болон ажлын байрыг нэмэгдүүлэх ойрын хугацааны арга хэмжээ нь уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт яах аргагүй мөн. Үүнд мах, ноос ноолууран бүтээгдэхүүн болон самар нь гол бүтээгдэхүүн болох ёстойг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Т. Дүүрэн яриандаа онцоллоо.
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Т. Дүүрэн:
"Өрхийн дундаж орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх ойрын хугацааны гол боломж бол уул уурхайн бус бүтээгдэхүүн. Уул уурхайн бус экспортын үндсэн бүтээгдэхүүнүүд бол мах, ноолуур, самар дээрээс нь аялал жуулчлал. Дараагийн нэг боломжит бүтээгдэхүүн нь эмийн ургамал. Гэхдээ эрх зүйн орчин бүрдээгүй учраас боломжгүй байна. 2022 оны байдлаар 800 сая долларын уул уурхайн бус салбарын экспорт хийсэн байна. Үүнийг богино хугацаанд ядаж 1,5 тэрбум доллар хүргэхийн тулд бид нар энэ үндсэн гурван бүтээгдэхүүн дээрээ төвлөрөх ёстой. Одоогоор үндсэн гурван бүтээгдэхүүнээ бид түүхий эдээр БНХАУ-д гаргаж байна. Харин БНХАУ боловсруулаад өндөр үнээр Америк болон Европын зах зээлд гаргаж зардаг. Өөрөөр хэлбэл, гол ашгийг тэд хүртэж, бид зөвхөн түүхий эд нийлүүлэгч болж хувираад байгааг өөрчилж, хөгжингүй зах зээлд өөрсдөө бүтээгдэхүүнээ боловсруулж, гаргадаг болох ёстой. Ингэхийн тулд хоёр зүйл шаардлагатай нь экспортын санхүүжилт, Америк, Европын стандартыг хангасан, нэмүү өртөг шингэсэн боловсруулалтыг Монголдоо хийдэг байх. Европын зах зээл нь манай ноос, ноолууран бүтээгдэхүүн болон самрын гол худалдан авах зах зээл мөн. Харин Европ руу гарах гол гарц нь Польш улс юм.
Монгол улсаас Польш улс руу өнгөрсөн оны байдлаар 599 мянган америк долларын өртөг бүхий тун хэлбэрт савласан эм, бүх төрлийн оёмол, сүлжмэл хувцас, бараа зэргийг экспортоор гаргажээ. Харин Польш улсаас 97,7 сая америк долларын өртөг бүхий алим, лийр, лаазалсан ногоо, жимс, самар, шоколад ба какао агуулсан хүнс, тун хэлбэрт савласан эм, ундаа, ариун цэврийн болон нүүр, хумс заслын бэлдмэл, гахайн мах, гахай, шувууны өөх зэрэг бүтээгдэхүүнийг импортоор авсан байна. Цаашид хоёр орны худалдаа, эдийн засаг, тээврийн харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлснээр энэ тоон үзүүлэлтийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм.
БНПУ нь Монгол улс руу хийж байгаа бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээгээрээ Европын холбоонд тэргүүлж буй орны нэг юм. Энэ утгаараа сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол улс, БНПУ-ын хоорондын худалдааны эргэлт хоёр дахин өсөж, 100 сая америк долларт хүрээд байгаа юм. Монгол-Польшийн бизнес форумын үеэр Польш улсын аж ахуйн нэгжүүд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, эрчим хүч, барилга, ажил зуучлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Польшийн компаниуд гадаад улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор манай улсын үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулах боломж байгаа талаар Польшийн Хөгжлийн банкны гүйлгээний менежер Ярослов Трвога ийнхүү ярилаа.
Польшийн Хөгжлийн банкны гүйлгээний менежер Ярослов Трвог: Миний хувьд Польш Монголын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор ирсэн. Монгол орныг уул уурхайн бүтээгдэхүүний болон мал аж ахуйн гаралтай түүхий эд экспортолдог гэдгийг сайн мэднэ. Үүнээс гадна газар тариалан, мэдээлэл технологи, үйлдвэрлэлийн салбар хөгжиж байгаа юм байна. Тийм учраас Польш компаниудыг Монгол ирээд хөрөнгө оруулалт хийх чиглэлд хамтын ажиллагааг дэмжих гэж ирсэн. Манай Польш орон бас түүхий эд байгалийн баялаг арвинтай. Үүндээ тулгуурлан манай улс эдийн засгаа өргөжүүлэн хөгжүүлсэн. Жишээлбэл манайд мэдээлэл технологийн салбарын маш олон компаниуд бий. Тиймээс Монгол орныг ч бас энэ чиглэлд амжилтад хүрээсээ гэж хүсэж байна. Монгол-Польшийн энэхүү бизнес форумд экспортын бүтээгдэхүүний санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх талаар илтгэл хэлэлцүүллээ. Польш улсаас Монгол улс руу экспорт хийгээд Монголын үйлчлүүлэгч нарт үйлчилгээ үзүүлж байгаа тэрхүү компаниудыг хэрхэн дэмжих чиглэлээр мэдээлэл өгсөн. Энэ нь Монгол Польшийн бизнесийн харилцааг сайжруулах боломжтой гэсэн агуулгатай илтгэл юм. Монгол Польшийн бизнесийн салбарт барилгын компаниуд хамгийн амжилттай ажиллаж байна. Одоогоор Польш улсаас бохирын ус зохицуулах компани ажиллаж байгаа. Харин цаашид бид хоол хүнсний үйлдвэрлэл, мэдээлэл технологийн салбарт хамран ажиллах боломжтой, мөн байгалийн баялаг, түүхий эд ихтэй орон учраас уул уурхайн хайгуулын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчид амжилттай ажиллах боломжтой гэж харж байна.
Бизнес форумын үеэр хоёр талын бусад холбогдох байгууллагын төлөөллүүд Монгол, Польшийн бизнесийн орчин, худалдааны боломжууд, тээвэр логистик, хөдөө аж ахуйн салбарын экспорт импорт, хамтарсан үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын боломжууд, банк санхүү зэрэг сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өглөө. Монгол улс Польшийн талтай хамтран ажиллах тэргүүлэх чиглэлд хөдөө аж ахуйн салбар зайлшгүй орно гэдгийг зарим илтгэгч онцлон хэллээ.
Би Польшийн Хөрөнгө оруулалт худалдааны агентлагийн төлөөлөгч буюу Польшийн гадаадын хөрөнгө оруулалт гадагшлах дотогшоогоо татах ажлыг хариуцдаг хүн. Энэ хүрээнд маш их Польшийн бүтээгдэхүүний амжилт монголд орж ирж байна гэсэн. Энэ эрэлт хэрэгцээг нэмэх боломжтой. ЕХ улсаас Польш бол хоёр дахь том экспортлогч орон үүнийг 5-10 жилийн дотор нэгдүгээрт орох бүрэн боломжтой гэж харж байна. Нэг талаасаа худалдаа гэдэг бол хамтын ажиллагаанд маш чухал зүйл. Гэвч энэ нь хоёрны харилцааны тогтвортой суурь болоход хэцүү. Тиймээс Польш улсын туршлага, технологи мэдлэгийг монголд хэрхэн нутагшуулах вэ гэдэг гол зорилгоор энэ форумыг хийж байна. Хөдөө аж ахуйн хувьд Польш улс их нэр хүндтэй. Жимс, ногоо, мах махан бүтээгдэхүүн, түүхий болон боловсруулсан гэх мэт ихэнх бүтээгдэхүүнээрээ Европдоо эхний тавд ордог. Зарим бүтээгдэхүүнээрээ дэлхийд эхний 5 дугаарт, Европдоо 1 дүгээрт ордог, хөдөө аж ахуйн орон. Тэгэхээр хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа Монгол улсын хувьд маш чухал гэж бодож байна. Учир нь Монголчууд уул уурхайн бус салбаруудаа хөгжүүлэхэд хөдөө аж ахуй хамгийн чухал салбаруудын нэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ гэх мэт чухал сэдвүүдийг хөгжүүлэхээр зорьж яваа энэ цаг үед хоёр орны хооронд хамтын ажиллагааны гол салбар нь ХАА гэж харж байгаа юм.
Польшийн Хөрөнгө оруулалт худалдааны агентлагийн Монгол дахь төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ ярилаа. БНПУ-ын экспортын хэмжээ 343,8 тэрбум евро, импортын хэмжээ 363,7 тэрбум евро, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нь 3,7 тэрбум евро юм. Манай улс Польш улстай олон талт хамтын ажиллагаагаа үр дүнтэй хөгжүүлж чадвал ямар том зах зээлийн үүд хаалга бидэнд нээлттэй байгааг эдгээр тоон үзүүлэлтээс харж болохоор байна.
Бизнес форумд Польшид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Монголд импортоор оруулж ирдэг компаниуд оролцсон. Тэдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл ЭФЭС интернэйшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал Дөлгөөнтэй цөөн хором ярилцлаа. Түүний хэлж буйгаар тээврийн зардал нь эцсийн хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн үнэтэй очих шалтгаан болж байгаа тул ачаа тээврийн зардлыг бууруулах талаар үр дүнтэй алхам хийнэ гэж хүлээж буйгаа хэллээ.
ЭФЭС интернэйшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал Дөлгөөн:
“Польш улстай худалдаа эрхэлж байгаа гол шалтгаан нь бол Польш үйлдвэрлэл маш сайн хөгжсөн, бусад Европын орнуудтай харьцуулахад Польш улсын тээврийн зардал харьцангуй хямд байдаг. Мөн жүүс, хүнсний үйлдвэрлэл өндөр хөгжсөн учраас тэр төрлийн бүтээгдэхүүн Монголд оруулж ирэхэд илүү тохиромжтой байдаг. Ялангуяа манайх шиг жилийн дөрвөн улиралтай оронд ихээхэн хэрэгцээтэй байдаг жимс жимсгэнээр боловсруулсан бүтээгдэхүүн, түүнтэй холбоотой хагас болон бүрэн боловсруулан бүтээгдэхүүн импортлоход маш тохиромжтой улс нь Польш юм. Тийм учраас хамтран ажиллаад 5 жил болж байна. манай брэнд 1958 онд байгуулагдсан улсын үйлдвэр. Энэ хурлаас гол хүлээж байгаа зүйл нь тээврийн нөхцөл байдал, жишээлвэл Монгол руу орж ирж байгаа тээврийн үнэ ямар байх вэ? Брест дээр очоод Польшоос контейнерууд маш удаж асуудлыг яаж шийдэх вэ? Тээвэрлэлтийн нөхцлийг хэрхэн хурдан болгох вэ? Энэ асуудлуудын гаргалгаа нь хувийн хэвшлүүдэд маш үр дүнтэй байх болно. Ер нь бол сүүлийн үед Импортын бүтээгдэхүүний зардал өсөж байгаа гол шалтгаан нь тээврийн зардал яах аргагүй мөн.
Тэгвэл энэ талаар дорвитой арга хэмжээг авахаар төлөвлөж байгааг албаны эх сурвалж хэлж байлаа. Тодруулбал, бизнес форумын үеэр гурван санамж бичгийг байгуулсан. Үүний нэг нь дамжин өнгөрөх тээврийн зардлыг бууруулах талаар юм. Манайх далайд гарцгүй учраас Европ руу бараа бүтээгдэхүүнээ экспортлох, худалдааны эргэлтээ нэмэгдүүлэхэд Польшоор дамжуулах тээврийн өртгийг ийнхүү бууруулахаар болжээ. Мөн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл болон БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан нь бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог гүнзгийрүүлэх ач холбогдолтой боллоо. Энэ мэтчилэн хоёр орны харилцаа хамтын ажиллагаа тэр дундаа эдийн засгийн харилцаанд маш олон үр өгөөжтэй чухал форум болж өндөрлөлөө.
Үзсэн: 678
Tweet