Монгол - Польшийн харилцаа шинэ шатанд гарна
БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол хийсэн айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргана
Монгол-Польшийн харилцааны түүхийг сөхвөл эрт дээр үеэс эхлэлтэй. Монголчуудын өвөг дээдэс болох Хүннүгийн удам угсаатнууд IV, V зууны үед Польшийн нутагт байлдан дагуулал хийж байсныг түүхэн баримтууд үгүүлдэг.
Өгөдэй хаан 1235 онд нийслэл Хархорум хотноо Их хуралдайг хуралдуулж, баруун зүгт Бат хааны удирдлагаар их цэрэг илгээх шийдвэр гаргаснаар Монголын цэрэг Орост болон улмаар Европт томоохон хэмжээний аян дайныг эхлүүлсэн гэдэг. 1241 оны 4 дүгээр сарын 9-нд Бат хааны цэргийн салбар ангиуд Польшийн Легницид Польш, Европын рыцариудын нэгдсэн хүчийг бут цохиж, уг тулаанд Польшийн ван II Хенрик Побожны амь насаа алдсан байдаг.
Хожим нь түүний дурсгалыг хүндэтгэн Легницид Христийн сүм барьжээ. Харин 1961 оноос энэхүү сүмийг Легницийн тулааны музей болгож, хамгийн сүүлд 2016 онд шинэчлэн зассан нь өдгөө жуулчдын сонирхлыг татдаг газруудын нэг болжээ.
Цаашилбал Марко Пологоос 50 орчим жилийн өмнө Ромын Папын элч Жиованни да Пиан дел Карпинитай хамт Польшийн санваартан Бенедикт Полак 1246 онд Хар хорумд очиж, Их хаан Гүегт бараалхаж байсан баримт бий. Мөн XIV зууны сүүлээс XVI зууны эх хүртэлх хугацаанд Алтан Ордны Улс ба Крымын ханлигаас “Татар”-ууд буюу Монгол гаралтай хүмүүс Литва, Польшид ирж, суурьшиж эхэлжээ. Одоо Польшид 3000 орчим татар гаралтай хүмүүс байгаагийн дийлэнх нь Польшийн зүүн хэсгээр амьдардаг аж. Түүнчлэн Ю.Ковалевски, В.Котвич, А,Ф.Оссендовски зэрэг Польшийн нэрт эрдэмтэн, зохиолчид Монголын талаар олон ном зохиол туурвиж, судалгаа шинжилгээний ажил хийж байсан нь Варшавын их сургууль, Краков хотын архив, номын сангуудад хадгалагдан үлджээ. XIX, XX зууны заагт Монголын бурхны шашны сүм хийдийн захиалгаар олон тооны Аюуш бурхныг Польшид цутгуулж авчирсан нь Монголын музей болон Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж байна.
Орчин цагийн Монгол-Польшийн харилцааны түүх Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа 1950 оны 4 дүгээр сарын 14-нд тогтоосноор эхэлдэг.
Манай улс 1959 онд Варшавт, Польшийн тал 1960 онд Улаанбаатарт ЭСЯ-аа тус тус нээжээ. Тэр цагаас хойш хоёр орон улс төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, боловсрол,соёл,шинжлэх ухаан батлан хамгаалахын салбарт хамтран ажилласаар ирсэн. Социализмын үед хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж байсан бөгөөд 1966-1985 онд Польшийн тусламжтайгаар Улаанбаатар, Дархан, Чойбалсан, Хархоринд нийт 9 үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм.
Мөн тухайн үед Польшийн геологичдын бие даасан томоохон экспедици Монголын баруун аймгуудад ажиллаж, Польш-Монголын палеонтологийн хамтарсан баг Монголын нутгаас 100 шахам олдвор олсон нь томоохон нээлт болж байлаа. Мөн хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа 1970-1990 онуудад Варшавын гэрээний орнууд ба БНМАУ хоорондын харилцааны хүрээнд эрчимтэй хөгжиж байсан .
XX зуунд манай хоёр улс “социализм” гэдэг адилхан жимээр алхсан.
Мөн одоогоос 30 гаруй жилийн өмнө Польш улс Европ тивд анх удаа нийгмийн өөрчлөлт хийсэн бол Монгол Улс ч ардчилсан өөрчлөлтийг Ази тивд анх удаа амжилттай эхлүүлсэн юм. Монгол улсад өрнөсөн ардчилал шинэчлэлийн үйл явцыг Польш улс эхнээс нь дэмжиж, оюун санааны болон материаллаг дэмжлэг үзүүлж байлаа.
Монголын ардчилсан хөдөлгөөнийхөн Польшийн эв санааны нэгдлээс үлгэр жишээ авч байсныг бид мэднэ. Үүний тодорхой жишээ болсон зурагт хуудаснууд өнөөдөр Польшийн Гданьск хотноо байрлах “Европын эв санааны нэгдлийн төв”-д хадгалагдаж байна.
Монгол, Польш хоёр орон ардчилсан тогтолцоонд шилжсэн үеэс хойш буюу 1990 оноос эхлэн бүхий л салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ зарчимд нийцүүлэн сэргээх чиглэлд ажилласаар ирсний илэрхийлэл бол өндөр дээд түвшний харилцан айлчлал, яриа, хэлэлцээрүүд юм.
МУ-ын ерөнхийлөгч Н.Багабанди 1999 онд Бүгд найрамдах Польш Улсад айлчилсан бол Польшийн ерөнхийлөгч Л.Качиньски 2008 онд Монгол улсад айлчилсан билээ. Дараа нь МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд, Польшийн ерөнхийлөгч Б.Коморовским 2013 онд мөн харилцан айлчлал хийж байсан бол Польшийн Ерөнхийлөгч асан Л.Валенса 2013 онд Монгол улсад айлчилж байсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар энэ сарын 24-26-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийсэн БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарын айлчлал нь 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски-ийн айлчлалаас хойш 10 жилийн дараа болж байгаа гэдгээрээ онцлог байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авсан юм. Үүний дараа БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар ганцаарчилсан уулзалт хийсэн. Уулзалтаар Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх болон олон улсын харилцааны тулгамдсан нийтлэг зарим асуудлаар санал солилцсон байна.
Хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтаар Польш, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх болон олон улсын харилцааны тулгамдсан нийтлэг зарим асуудлаар санал солилцож, зохих гэрээ хэлэлцээрүүдийг байгууллаа.
Айлчлалын үеэр, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгч Анджей Дуда-д бараалхаж олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм эдийн засгийн томоохон сорилтуудтай тулгарч байгаа өнөө үед, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч төрийн айлчлал хийж байгаад талархал илэрхийлсэн байна. Мөн тэрбээр Польш улс нь Монгол улсын гуравдагч хөрш, дотно түншийн нэг болохыг онцлон тэмдэглэсэн юм. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, идэвхтэй хөгжиж байгааг дурдаад, цаашид боловсрол, шинжлэх ухаан, технологи зэрэг олон салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Монгол Улсын Их Хурлаас Бүгд Найрамдах Польш Улсын парламентын Дээд, Доод танхимтай хамтран ажиллана гэлээ.
Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Польш-Монголын харилцаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж, улс төр, эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, соёл, боловсрол зэрэг салбарт өргөжин бэхжиж буйг онцлоод энэ удаагийн төрийн айлчлал Польш-Монголын харилцааг эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Монгол Улс нь асар их нөөц бололцоотой орон гэдгийг цохон тэмдэглээд, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутаг болон олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө ажиллана гэсэн юм. Мөн Бүгд Найрамдах Польш Улс манай улсад Элчин сайдын яамаа нээх шийдвэр гаргаж, Ерөнхийлөгч Анджей Дуда-гийн төрийн айлчлалын үеэр албан ёсоор нээж байгаа нь хоёр улсын иргэд хоорондын харилцааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болохыг тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудаг хүндэтгэн бараалхаж, өдрийн зоог барилаа.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо. Уулзалтаар талууд хоёр улсын худалдааны нийт эргэлт 2022 онд түүхэн дээд хэмжээнд буюу 100 орчим сая ам. долларт хүрч, сүүлийн 3 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдсэнийг онцолж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, урт, дунд хугацааны хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн бүтээн байгуулалт, экспортыг тэтгэсэн томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Мөн хоёр улс геологи, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр бодит ахиц гаргаж ажиллахаар тохиролцлоо.
Айлчлалын хүрээнд хоёр улсын засгийн газар, агентлаг, байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд: Олон улсын авто замын харилцааны тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Бэлийн булаг, задгай булаг дахь молибден, гянт болд судлах төсөл хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, БНПУ-ын Геологийн хүрээлэн-Үндэсний геологийн алба хоорондын гүйцэтгэлийн гэрээ, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, БНПУ-ын Варшавын их сургууль хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр, Мал эмнэлэг, архивын салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Тээвэр логистикийн асуудал чухлаар тавигдаж байгаа өнөө үед "Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" байгуулсныг сайшааж, энэ хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Ази-Европыг холбосон тээврийг хөнгөвчлөх, худалдааны эргэлтийг өсгөхөд таатай нөхцөл бүрдэж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудад бараалхах үеэрээ онцлон тэмдэглэж байсан юм.
Төрийн айлчлалын хүрээнд болсон бас нэг арга хэмжээ нь Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулсан Монгол-Польшийн бизнес форум байсан юм. Уг бизнес форумд БНПУ-ын 23 аж ахуйн нэгжийн 31 бизнес эрхлэгч, Монгол Улсаас 350 гаруй бизнес эрхлэгч оролцож, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн боломжуудыг эрэлхийлэхийн зэрэгцээ ганцаарчилсан уулзалт хийн, түншийн харилцаа тогтоосон байна.
БНПУ-ын ерөхнийлөнч Анджей Дуда хэлсэн үгэндээ, харилцаа өргөжин хөгжиж, худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр тус улсын аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсыг сонирхох сонирхол өсөн нэмэгдэж байгааг тэмдэглээд, цаашид уул уурхай, ашигт малтмал, геологи, байгаль орчин зэрэг салбарт хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжтойг онцолж, 2024 онд Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эхлэх Консулын хэлтэс худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа хэлсэн юм.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, уул уурхай, геологи, соёл, боловсрол, байгаль орчин, банк, санхүү, цахим худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх шинэ боломж нээгдэж байгааг тэмдэглэж байлаа.
БНПУ нь Монгол улс руу хийж байгаа бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээгээрээ ЕХ-нд тэргүүлж байгаа орны нэг бөгөөд Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлт жилээс жилд нэмэгдэж, сүүлийн 3 жилд худалдааны эргэлт 2 дахин өсөж, 100 сая ам.долларт хүрээд байгаа юм.
Бизнес форумын үеэр БНПУ-ын аж ахуйн нэгжүүд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, эрчим хүч, барилга, ажил зуучлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байлаа.
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл болон БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан нь бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог гүнзгийрүүлэх ач холбогдолтой юм.
Монголын-Польшийн бизнес форумыг хамтран зохион байгуулагч БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн Экспортын газрын хариуцсан захирал Лукаш Грабовский хэлэхдээ: “Польшийн бизнес эрхлэгчдийн хувьд Монгол улс сонирхолтой өвөрмөц зах зээл бөгөөд Төв Азид байрладаг, газар зүйн байрлалын хувьд харьцангуй хол улс. Сүүлийн жилүүдэд Польш улсаас Монгол Улсад экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээ тогтвортой өсөн нэмэгдэж байна. 2021 оны байдлаар Польшоос Монгол улс руу чиглэсэн экспортын хэмжээ 70 гаруй сая евро болж, экспортын өсөлт нь 2 оронтой тоо руу шилжээд байна. Польш улс Монгол руу олон төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж байгаагийн голлох хувийг хүнс, хувцас, барилгын материал эзэлж байна. Мөн Польшийн уул уурхайн компаниуд Монголын уул уурхайн салбарт хамтран ажиллаж байна. Польшоос уул уурхайн машин, техник, аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нийлүүлж байна. Сүүлийн жилүүдэд Польшийн компаниуд Монголд хөрөнгө оруулах сонирхолтой болсон. Эхний ээлжинд барилга, агуулах хангамжийн салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй байна” гэсэн юм.
Польшийн талтай хамтран ажиллах тэргүүлэх чиглэлд ХАА-н салбар зайлшгүй байх ёстой талаар Польшийн Хөрөнгө оруулалт худалдааны агентлагийн Монгол дахь төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ ярьж байлаа. Тэрээр ярихдаа, “Хөдөө аж ахуйн хувьд Польш улс их нэр хүндтэй. Жимс, ногоо, мах махан бүтээгдэхүүн, түүхий болон боловсруулсан бүтээгдэхүүнээрээ Европдоо эхний 5-д ордог. Зарим бүтээгдэхүүнээрээ дэлхийд эхний 5 дугаарт, Европдоо 1-рт ордог, хөдөө аж ахуйн орон. Тэгэхээр хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа Монгол улсын хувьд маш чухал гэж бодож байна. Учир нь Монголчууд уул уурхайн бус салбаруудаа хөгжүүлэхэд хөдөө аж ахуй хамгийн чухал салбаруудын нэг. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ гэх мэт чухал сэдвүүдийг хөгжүүлэхээр зорьж яваа энэ цаг үед хоёр орны хооронд хамтын ажиллагааны гол салбар нь ХАА гэж харж байгаа юм” гэлээ.
Монголын экспортийн бүх бараа бүтээгдэхүүн авто замын тээврээр Европ руу гарахдаа Польшоор дамждаг. Европдоо эзлэж байгаа Польш улсын эзийн засаг, худалдааны орон зай нь жилээс жилд тэлж байгаа тул Польш руу чиглэсэн логистикийн асуудал маш чухал юм.
Монгол Улсаас Польш Улс руу өнгөрсөн оны байдлаар 599 мянган ам.долларын өртөг бүхий тун хэлбэрт савласан эм, бүх төрлийн оёмол, сүлжмэл хувцас, бараа зэргийг экспортоор гаргасан бол Польш Улсаас 97,7 сая ам.долларын өртөг бүхий алим, лийр, лаазалсан ногоо, жимс, самар, шоколад ба какао агуулсан хүнс, тун хэлбэрт савласан эм, ундаа, ариун цэврийн болон бусад бараа бүтээгдэхүүн импортоор авсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхой болгож, тогтвортой, тууштай, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш байх” зарчим баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр цогц шинэчлэл хийж байгаагаа онцлоод БНПУ-ын бизнес эрхлэгчдийг Монгол Улсад бизнес эрхэлж, хөрөнгө оруулан, харилцан ашигтай хамтран ажиллахыг уриалсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар айлчлалын албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийх үеэрээ албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэдгийг тэмдэглэлээ. Хэлэлцээний үеэр цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй сорилтуудыг хамтын хүчээр даван туулж, харилцаа, хамтын ажиллагаа гөргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцсаны зэрэгцээ БНПУ Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа албан ёсоор нээж, ирэх оноос Консулын хэлтэс ажиллуулах болсон нь харилцаанд томоохон түлхэц болохыг МонголУлсынЕрөнхийлөгч У.Хүрэлсүхтэмдэглэлээ.Цаашидхудалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, соёл урлаг, байгаль орчин, иргэд хоорондын харилцаа зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт 20 тал санал нэгдсэн байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллаж, энэ чиглэлээр монгол оюутнуудыг БНПУ-д сурган, аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжиж, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг ХАА, байгаль орчны салбарт хэрэгжүүлэхээр санал нэгджээ.
Монгол улс нь БНПУ-ыг ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэдэг “Гуравдагч хөрш” хэмээн хүлээн зөвшөөрдөгт БНПУ-ын ерөнхийлөгч Анджей Дуда талархал илэрхийлээд, Монгол улсын геополитикийн бодлогыг сайн ойлгож байгаагаа онцолж, Украин улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэн, дүрвэгсдийг хүлээн авахад Монгол улс дэмжлэг үзүүлсэнд талархлаа.
Хоёр улс НҮБ болон ОУ-ын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ нотоллоо.
Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр БНПУ-ын ерөнхийлөгч Анджей Дуда хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монгол иргэдэд Польшийн төрийн одон гардуулсан юм.
Иракийн Аль-Хилла дахь Чарли баазад 2004 оны 2-р сарын 18-нд харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байхдаа Польшийн II ээлжийн олон алба хаагчийн амийг аварсан Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжилтэн, хошууч ГанболдынАззаяа; Улаанбаатар, Варшав хотын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлд гаргасан идэвх зүтгэлийг нь үнэлж Нийслэлийн Засаг даргынТамгын газрын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Рэнцэндагвын Дагва; Монгол-Польшийн соёлын хамтын ажиллагааг хөгжүүлж, Польшийн урлагийг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Олонбаярын Эрдэнэцогт нарыг Польшийн Гавьяаны загалмайн алтан одонгоор тус тус шагналаа.
Айлчлалын үеэр БНПУ-ын ерөнхийлөгч Анджей Дудад Монгол Улсын их сургууль “Хүндэт доктор” цол олголоо.
Мөн Монгол Улсын тэргүүн хадагтай Л.Болорцэцэг, Польшийн тэргүүн хадагтай Агата Корнхаузер-Дудагийн хамт “Монголын дауны холбоо”-ны үйл ажиллагаатай танилцаж, хүүхдүүд, эцэг эхчүүдтэй ярилцаж, БНПУ-ын Гадаад харилцааны Яамны Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын Дауны Холбооны Хөдөлмөр сургалтын төвийн үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлсэн төслийн хүрээнд байгуулсан “кофешоп”-оор үйлчлүүлж, зургийн уралдаанд байр эзэлсэн багачуудад бэлэг гардуулсан юм.
Мөн БНПУ-ын ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт Чингис хааны музейг үзэж сонирхсноор Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөсөн юм.
Үзсэн: 821
Tweet