Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн радиогийн өдрийг “Радио ба Энх тайван” уриан дор тэмдэглэж байна


Densmaa 2023-02-13 02:02

ЮНЕСКО нь 2023 оны Дэлхийн Радиогийн өдрийг тохиолдуулан хараат бус радио нь зөрчилдөөн үүсэхээс урьдчилан сэргийлж, энх тайвныг дэмжих чухал хэрэгсэл гэж үзэж “Радио ба Энх тайван” гэх уриаг гаргажээ

    Жил бүрийн хоёрдугаар сарын 13-ний өдрийг Дэлхийн радиогийн өдөр хэмээн олон улсад тэмдэглэдэг. Энэ жилийн тухайд ЮНЕСКО-гоос “Радио ба Энх тайван” гэсэн уриа гаргаж, улс орнууд энэ чиглэлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Дайн хэмээх ойлголтоор улс, бүлэг хоорондын зэвсэгт мөргөлдөөнийг илэрхийлдэг. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ мэдээллийн агуулга хоорондын зөрчлийг ч мөн энэ үгээр илэрхийлж болдог байна. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж буй мэдээлэл нь агуулга, нөхцөл байдлаасаа хамааран энх тайван байдлыг алдагдуулах эсвэл дэмжих боломжтой. Өөрөөр хэлбэл радио нь иргэдэд мэдээ, мэдээллийг хэрхэн хүргэж байгаагаас шалтгаалан олон нийтийн санаа бодол, цаашлаад үндэсний болон олон улсын хэмжээний шийдвэр гаргах үйл явцад ч нөлөөлөх боломжтой гэсэн үг юм. Энэ утгаараа радио нь зөрчилдөөнийг бий болгох боломжтой боловч, эсрэгээрээ бодит байдал дээр мэргэжлийн радио нь яриа хэлэлцээр, нэвтрүүлгүүдээрээ дамжуулан үймээн самуун, хурцадмал байдлыг багасгаж, аливаа асуудлыг эрчимжихээс урьдчилан сэргийлж ч болох талтай. Аливаа зөрчилдөөний үед радио станцууд нь холбогдох хөтөлбөр болон хараат бус мэдээ, сурвалжилгуудаараа дамжуулан баримт нотолгоонд суурилсан мэдээ мэдээллийг цуглуулж, цаашлаад ардчилал, сайн засаглалыг дэмжих үндэс суурийг тавьж өгөхийн сацуу тус мэдээ мэдээллийг олон нийтэд түгээж, нийгмийн төрөл бүрийн бүлгүүдийн харилцан ойлголцлыг бий болгох замаар ардчилал болон энх тайвныг дэмждэг байна. “…Дайн хийх сэдэл нь хүний оюун ухаанд үүсдэг тул энх тайвныг хамгаалах үзлийг хүний ухамсарт цогцлоох ёстой юм.” Тиймээс хараат бус радиог дэмжих нь энх тайван, тогтвортой байдлыг дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл гэж үзэж болно. Иймд ЮНЕСКО нь 2023 оны Дэлхийн Радиогийн өдрийг тохиолдуулан хараат бус радио нь зөрчилдөөн үүсэхээс урьдчилан сэргийлж, энх тайвныг дэмжих чухал хэрэгсэл хэмээн үзэж “Радио ба Энх тайван” гэх уриаг гаргажээ. Бид дэлхийн радиогийн өдөрт зориулан Монголын радиогийн хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлт, дэлхийн энх тайван, олон улсын найрамдалт харилцааг сурталчлахад хэрхэн оролцож байгаа талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

   1930-аад онд “Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб” зэрэг тухайн үедээ Улаанбаатар хотын өнгө, төрх болсон гурван байршилд радио хүлээн авагч байрлуулж, оройн 19:00 цагаас  дуу хөгжим хятад, орос, монгол хэлээр илтгэл явуулж эхэлсэн түүхтэй. Ингэж л агаарын цэнхэр долгионыг эзэмшигч Монголын радиогийн түүхийн хуудас бичигдэж эхэлжээ. Харин 1934 оны есдүгээр сарын нэгний өдөр “Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэсэн дуу хоолой орон даяар цацагдсанаар Монгол улсад радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлсэн юм. "Монголын радио" өглөө бүхэн Монгол Улсын төрийн дууллаар эхэлж, үдэш нь төрийн дууллаар хөтөлбөрөө жаргаадаг уламжлалтай. Учир нь манай радио монголчуудын үзэл санаа, соёл урлаг, тусгаар тогтнолын хамгийн том баталгаа юм. Монголын радио нь ОНРТ-ийн тухай хуулийн үзэл санаа, зарчимд нийцүүлэн хөтөлбөрөө боловсруулж, бүх нийтэд зориулсан мэдээ мэдээллийг тасралтгүй түгээж үндэсний мэдээллийн хэрэгслийн үүргээ нэр төртэй биелүүлж байна. Түүнээс гадна гадаадын орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэлхийн энх тайвны үйлсэд бага ч гэсэн хувь нэмрээ оруулж байна. 

     МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар: Монголын радиог сонсдог, сонсож байгаа үе үеийн сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Дэлхийн радиогийн өдрийг тохиолдуулаад Үндэсний радиодоо ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Ер нь манай MNB-гийн гадаад харилцаа нэлээд өргөжсөн. Өнгөрсөн сард болсон ABU хуралд миний бие, үндэсний зөвлөлийн гишүүдийн хамт оролцоод ирсэн. Энэ үеэр Австрали, Англи Солонгос зэрэг улсын радиотой хамтран ажиллахаар болсон. Мөн Буриадын радиотой контент солилцооны чиглэлд хамтран ажиллахаар болсон. Тус радиогийн зүгээс Монгол үлгэр, монгол өв соёлын тухай нэвтрүүлгүүдийг авах хүсэлтээ илэрхийлсэн. Энэ хүрээнд тодорхой тооны контентыг өгөхөөр болсон байна. Олон улсад радиогоо цацах чиглэлээр бид нэлээд олон яриа, хэлэлцээрийг хийсэн. Хятад болон Японы элчин сайдтай уулзаж хэлэлцсэн. Манай Монголын дуу хоолой радиогийн Япон хэлний редакцид хамгийн их захидал шуудангаар болон цахимаар ирдэг. Үүнийг илүү өргөжүүлэх үр өгөөжтэй болгоход бид анхаарч байна. Энэтхэгийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 30 эрхийг манай MNB-д өгсөн. Энэ хөтөлбөрт хамруулахын тулд байгууллага дээрээ хэлний сургалт явуулж хүмүүсээ сургаж байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөр мөн зарлагдсан. Үүнд радио телевизийн уран бүтээлчид, инженер техникийн ажилчдыг сургахаар төлөвлөн ажиллаж байна. Манай байгууллага радиогийнхоо гурван суваг дээр тодорхой хэмжээний шинэчлэл хийхээр зорьж байгаа. Иймээс 2023 оныг контентын хөгжил, агуулгын шинэчлэлийн жил болгон зарласан. Үүний хүрээнд P3 радио дээр техник технологийн хөгжлийг ашиглаад 360 студийг тохижуулаад ашиглалтад оруулахаар манай уран бүтээлчид ажиллаж байна. Мөн саяхан Солонгосын элчин сайдтай уулзалт хийсэн. Манай улсаас 50 гаруй мянган Монгол хүн БНСУ-д ажиллаж амьдарч сурч боловсорч байна. Дээр нь олон Монголчууд ажиллаж амьдардаг учраас Солонгосчууд монголчуудын аж амьдрал, байгаль эх орныг их сонирхдог юм байна. мөн ирж байгаа жуулчдын дийлэнх хувийг солонгосчууд эзэлж байна. Тэр тусмаа залуучууд байна. Энэ бүхнээс үүдээд Монголын дуу хоолой радиог Солонгос хэл дээр явуулахаар зорьж байна. Хүмүүсийн аж амьдралын хэв маягтай уялдаад сонсох хэрэгцээ их болсон байна. Дэлгэц ширтээд юм уу утсаараа олон цаг юм үзэх биш ажлаа хийнгээ, машин барьж явахдаа ямар нэгэн контентыг сонсдог болжээ. Иймээс радиогийн эрин зуун эргэн ирж байна гэж би боддог. Радио ер нь бол дэлхийн 2-р дайны үед анх зохион бүтээгдсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Анх дайны үед зарлан мэдээлэх, холбоо харилцаа тогтоох чиглэлээр үүрэг гүйцэтгэж байсан бол хөгжсөөр байгаад мэдээллийн хэрэгсэл болсон. Ер нь радиогийн хамгийн том үүрэг бол зарлан мэдээлэх, орон зайг үл хамаараад, хамгийн түргэн шуурхай хүрдэг зүйл бол радио. Тэр ч утгаараа дайны нөхцөл байдлыг намжаах дэлхийн энх тайвныг тогтоох үйлсэд их үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна. Тэгэхээр энэ жилийн Радио ба энх тайван гэдэг уриа бол их зөв далайцтай, өргөн хүрээний уриа гэж ойлгож байна.

     Монголын радио 2022 онд түүхт 88 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойн хүрээнд радиогоо олон нийтэд сурталчлан таниулсан олон арга хэмжээг хийж, радиогийн хөгжил дэвшилд үр өгөөжөө өгсөн томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Дэлхий даяарчлагдаж цахим мэдээллийн хэрэгсэл хүч түрэн орж ирж буй энэ цаг үед радио ч мөн дижитал болох хэрэгцээ гарч буй. Иймээс гадаадын улс орнуудтай хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тухай МҮОНР-ийн захирал Д.Бат-Орших ийнхүү ярилаа.                

    Д.Бат-Орших: МҮОНР энэ жил 89 жилийнхээ ойтой золгож байна. Бид техник технологийн шинэчлэл хийх чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа. Нэн түрүүн манай радиод архивын шинэчлэлийн асуудал тулгамдаж байсан. Монголын радио нь Алтан сан, Эргэлтийн сан гэсэн хоёр том фондтой. Алтан сан бол 1940 оноос эхлэлтэй. Тэгэхээр архив маань багаар бодоход 50, 60 жилийн түүхтэй. Иймээс бид Монголын радиогийн хамгийн чухал өв болох энэ архивыг орчин үеийн чанар стандартад нийцүүлэн авч явах шаардлага гарсан. 2 дугаарт хадгалалт хамгаалалтын асуудал нэн тэргүүнд тулгамдсан. Тиймээс архивын шинэчлэлийн асуудлаар олон улсын байгууллагуудад хандаж, ААН үүдтэй хамтран ажиллаж байна. Үүний хамгийн том жишээ бол Унгар улстай хийж байгаа хамтын ажиллагаа. Унгар улсыг сонгох болсон гол шалтгаан гэвэл манай радиогийн техник технологи ялангуяа алтан сан, эргэлтийн сан дээр байгаа соронзон хальснууд Унгар улсад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж дээр хийгдсэн байдаг. Иймээс бид тус улсын засгийн газартай хамтран ажиллаж, эхний ээлжийн гэрээ хэлэлцээр хийсэн, мөн дараа дараагийн ажлуудыг төлөвлөж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Монголын радиогийн архив дижитал хэлбэрт шилжинэ, мөн техник технологийн хувьд орчин үеийн болж байгаа юм. Дээрээс нь Монголын радио нийтлэл нэвтрүүлгийн агуулга, өнгө төрхөндөө шинэчлэл хийх зайлшгүй шаардлага гарч байна. Иймээс P3 радио дээрээ 360 дүрсний болон дууны технологийг ашиглаж байна. Энэ нь радио телевиз болж байна гэж ойлгохдоо биш нийтлэл нэвтрүүлгийн агуулгыг хүртээмжтэй болгох арга зам юм. Энэ мэтчилэн МҮОНР техник технологи, боловсон хүчин, нийтлэл нэвтрүүлгийн агуулгын хувьд шинэчлэл хийж байна. Ингээд дэлхийн өнцөг булан бүрт монголын радиог хүлээн авч сонсдог сонсогчдодоо, хамтран ажилладаг олон улсын байгууллагынхандаа Дэлхийн радиогийн өдрийн мэндийг дэвшүүлье.

    Монголын радиогийн алтан хальс эргэж байх цаг дор Монгол улсын түүх хамт бичигдэж байдаг. Тиймээс монголын радиод бичигдэж үлдсэн үйл явдал, түүх бүхэн, үнэ цэнтэй болж чаддаг. Монголын радиогийн алтан санд монгол хүн сансарт ниссэн, атар газар эзэмшсэн, аж үйлдвэрүүд нээгдсэн, дэлхийн улс орнуудтай харилцаа холбоо тогтоож ирсэн түүхэн баримтууд хадгалагдаж байна.

     Одоо та бүхэнтэйгээ Монголын радиогийн эгэл жирийн уран бүтээлчдийн төлөөллийг уулзуулах болно. 89 жилийн түүхт монголын радиод нэрийн хуудас болсон олон сайн нэвтрүүлэг бий. Тухайлбал, Ургацын далай, Төл таван эрдэнэ, Ая дууны мэнд, Монголын дуу хоолой радиогийн Шуудангийн хайрцаг, Захидлаас үүдсэн сэдэв, гуравдугаар суваг болох P3 радиогийн сэтгүүлчдийн бэлтгэн хүргэдэг хувь хүний хөгжлийн тухай сонирхолтой нэвтрүүлгүүдийг энд дурдах нь зүйтэй. Мөн радиогийн уран бүтээлчид шинэлэг зүйлийг сонсогч түмэндээ хүргэхийн тулд үргэлж эрэл хайгуул хийж байдаг. Үүний нэг жишээ бол хэдхэн   сарын өмнөөс сонсогчдодоо хүрч эхэлсэн Монголын радиогийн оройн хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийг мэргэжилдээ эзэн болсон, ур чадвартай, туршлагатай дөрвөн бүсгүй хөтлөн явуулдаг. Шинэ соргог мэдээ мэдээллээр баялаг, сонсогчидтой харилцан ярилцаж үзэл бодлыг нь хуваалцдаг тийм л чөлөөт хөтөлбөр хийхийг бид зорьдог хэмээн Монголын радиогийн редактор Б.Эрдэнэцэцэг ярилаа.  

      Б.Эрдэнэцэцэг: Жил бүрийн 2-р сарын 13 ний өдөр дэлхийн радиогийн өдөр тохиодог. Радиод ажиллаж байгаа хүмүүс болон үнэнч сонсогчдын маань хувьд хүндлэх ёстой, онцлох ёстой өдрүүдийн нэг яах аргагүй мөн. Ажил амьдралын гараагаа эхлүүлсэн газар бол Монголын радио. 21,22 настай байхад Монголын радиод нэвтрүүлэгч шалгаруулж ажилд авна гэх мэдээллийг манай аав сонссон байсан. Энэ зарын дагуу ирээд дагалдан нэвтрүүлэгчээр ажилд орж байлаа. Тэр бол 2017 он гэхээр 16 дахь жилдээ Монголын радиод тууштай ажиллаж байна. Миний хувьд радио их онцлогтой санагддаг. Радиод бичдэг, уншдаг, ярьдаг, төлөвлөдөг гээд төрөл бүрийн хүмүүс байдаг. Энэ радиодоо хайртай, шууд эфирээр сонсогчтойгоо ярилцах дуртай нэг талаараа найзууд нөгөө талаараа уран бүтээлийн хамтрагчид бид 4 нэгдээд Монголын радиогийн оройн хөтөлбөрөө нээсэн. Энэ хөтөлбөр нь сонсогчидтой илүү ойр, юу сонсохыг хүссэн түүнийг нь хүргэдэг, хариуд нь сэтгэгдлийг нь хуваалцдаг. Мөн сүүлийн үед хит болж байгаа хамтлаг дуучид, хийж бүтээснээрээ бусдыгаа манлайлж байгаа хувь хүмүүс гээд олон сонирхолтой зочдыг урьж оролцуулж халуун яриа өрнүүлдэг.

      Монголын радиогийн нэвтрүүлгийн төрөлд бас нэгэн шинэ өнгө аяс нэмсэн энэхүү оройн хөтөлбөр нь сонирхолтой мэдээ мэдээлэл, зочинтойгоор сонсогчдод хүрээд хоёр сар, хоёр хоног болж байна. Тус хөтөлбөр даваагаас баасан гаргуудад сонсогч түмэндээ хүрдэг. Ингэхдээ өдөр бүр өөр өөр агуулгаар мэдээлэл хүргэж, түүндээ тохирсон зочдыг урьж оролцуулдаг гэдгээрээ шинэлэг бас сонирхолтой юм. Тодруулбал, даваа гарагт ажил хэрэгч зочныг урьж, албан мэдээллийг хүргэдэг. Харин мягмар гараг сонсох өдөр, лхагва гараг хэмжих өдөр, пүрэв гараг хуваалцах өдөр, баасан гараг өөрийнхөө байх өдөр гэсэн сэдвийн хүрээнд оройн хөтөлбөрөө хөтлөн явуулж байна.

Бидний дараагийн онцлох хүн бол Монголын радиогийн Хурд агентлагийн редактор Б.Ариунжаргал. Тэрээр хүүхэд байхаасаа сэтгүүлч болох хүсэл мөрөөдөлд хөтлөгдөн Дорноговь аймгийн  анхны фм, радио болон телевизэд хүүхдийн нэвтрүүлэг хөтөлж эхэлжээ. Улмаар 2012 онд МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн ч хүсэж дурласан энэхүү мэргэжлээрээ ажиллалгүй, ТББ болон төрийн байгууллагад хөдөлмөр халамжийн чиглэлээр хэсэг хугацаанд ажиллажээ. Ингээд багагүй хугацааны дараа Монголын радио гэх хэвлэл мэдээллийн ууган байгууллагатай хувь заяагаа холбосон байна.

Б.Ариунжаргал: Би Монголын радиод 2020-02-13 ны өдөр орсон. Тухайн үед MNB-д сэтгүүлч редактор авна гэх зарын дагуу анкет бөглөхдөө яг тв юм уу радио юм уу гэдгийг мэдээгүй. Ирээд ажлын ярилцлагад орсон чинь Хурд агентлагт мэдээний редактор авах гэж байгаа чи бол мэдээ бэлтгэнэ гэсэн. Тэгээд би энэ мэргэжилд дуртай юм чинь хийнэ, чадна гэж өөрийгөө зоригжуулаад өдөр тутмын мэдээний редакц бол бүр сонирхолтой гэж хүлээж аваад ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Хурд агентлагт ажилд орсон цагаасаа эхлээд 2022 оны сүүл хүртэл шуурхай мэдээний сэтгүүлч байсан. Тэр бол гадуур болж буй үйл явдлыг сурвалжилна, эсвэл нийгэмд өрнөж байгаа асуудлыг хөндсөн сэдвийн сурвалжилга хийдэг. Харин он гараад хууль зүйн мэдээллийн Соёмбо нэвтрүүлэг хийж эхэлсэн. Энэ нь иргэдэд тулгамдсан аливаа хуулийн асуудалд мэргэжлийн хүнээс нь хариулт тайлбар авч хүргэдэг нэвтрүүлэг. Дээрээс нь тухайн цаг үетэй холбоотой иргэдийн амьдралд хамгийн хэрэг болж байгаа хуулийн заалтуудыг энгийнээр тайлбарлан хүргэдэг. Сонсогчдод юу хэрэгтэй байна тэд юу сонсохыг хүсэж байна гэдгийг л хүргэхийг зорьдог. Үргэлж ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, мөн цар тахлын үед ажил тасалдуулалгүй ачаалал үүрч байсан учраас 2022 оны МҮОНРТ-ийн шилдэг ажилтан болгосон байх. Би Монголын радиод ажиллаж байгаагаараа бахархдаг. Тэр дундаа Хурд агентлаг монголын хамгийн анхны мэдээний агентлаг. Тиймээс үүн дээрээ тулгуурлаад радиогийн хөгжил яваасай гэж боддог. Ер нь радиогийн хөгжил илүү үнэ цэнтэй ач холбогдолтой болох болов уу гэж боддог.

   Монголын радиогийн Хурд агентлагийн редактор Б.Ариунжаргал ярилаа. Түүн шиг радиогийнхоо нийтлэл нэвтрүүлгийн бодлогыг мэддэг. Сонсогчдодоо хэрэгцээтэй чухал мэдээлэл хүргэхийн төлөө сэтгэл зүрхээрээ ажилладаг, мэргэжлийн ур чадвартай олон ажилтан Монголын үндэсний олон нийтийн радиод бий. Тэд чихнээ сонсголонт Монголын радиогийн түүхтэй хамт дэлхийн түүхийг бичилцэж явна.

Үзсэн: 828