Монголын говиос шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдэл оллоо
Үүний зэрэгцээ “ер бусын олон шүдтэй” байсан нь загас юм уу шавьжаар хооллодог болохыг илтгэж байна гэж судлаачид үзжээ
“Эрдэмтэд Монголын говиос газар уснаа явагч махчин байж магадгүй шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдэл олсон” тухай Вашигтон пост сонинд мэдээлжээ. Өмнөговь аймгаас олдсон ерөнхийдөө бүрэн гэж үзэж болох араг ясыг шувуун төст төрөл зүйлийнх хэмээн үзэж, “Натовенатор полидонтус” буюу “олон шүдэт усанд сэлэгч анчин” гэж нэрлэсэн байна. “Монгол-БНСУ-ын хамтарсан судалгааны баг 2008 онд Өмнөговь аймгийн Баруунгоёот гэдэг газраас 196 олдвор илрүүлсэн бөгөөд “Натовенатор полидонтус”-ыг Альбертогийн их сургуулийн аспирант Робин Сиссонс олсон” гэж малтлагыг ахлан ажилласан сээр нуруутан амьтдын палеонтологийн профессор Ли Ён Нам “ABC News” телевизэд мэдээлсэн байна. Шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн олдвор маш нарийн эмзэг хэдий ч сайн хадгалагдсан. Үүнд гавлын яс, нурууны яс, нэг урд мөч, хоёр хойд мөчний үлдэгдэл байна. Ясны бүтцийн хувьд орчин үеийн шумбагч шувуудынхтай төстэй байснаас гадна, галуу гэх мэт өнөө цагийн усны шувуудтай ижил урт хүзүүтэй байсан гэж судлаачид ярилаа. Үүний зэрэгцээ “ер бусын олон шүдтэй” байсан нь загас юм уу шавьжаар хооллодог болохыг илтгэж байна гэж судлаачид үзжээ.
Үзсэн: 550
Tweet