“The HU” хамтлагт “ЮНЕСКО-ийн энх тайвны төлөөх уран бүтээлч” цол гардуулан өгөв
Монголчууд бидний бахархал болсон хөөмий, цуур, лимбэ, морин хуур зэрэг нь ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн
ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей тус байгууллагын төв байранд Хүннү рок чиглэлээр бүтээл туурвидаг “The HU” хамтлагт “ЮНЕСКО-ийн энх тайвны төлөөх уран бүтээлч” цол гардуулан өгөв. "The HU" хамтлагийн хөгжмийн хэв маяг, илэрхийлж буй санаа нь ЮНЕСКО-ийн үнэт зүйл, үйл ажиллагаанд нийцэж буйгаас гадна улсынхаа бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. 2016 онд байгуулагдсан тус хамтлаг нь үеэс үед уламжлагдан ирсэн Монголын соёлын биет бус өв, уламжлалт хөгжмийн хэв маяг ба элементүүдийг орчин үеийн рок, хүнд метал хөгжимтэй хослуулсан "Хүннү рок" хөгжмийн төрлийг бий болгосон билээ. Монголчууд бидний бахархал болсон хөөмий, цуур, лимбэ, морин хуур зэрэг нь ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн. Энэ цолыг хүртсэнээр “The HU” хамтлаг нь ЮНЕСКО-ийн үйл ажиллагаа, үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулан сурталчлах үүрэг хүлээх бөгөөд хүн төрөлхтний “амьд өвийг” хамгаалахын ач холбогдлын талаарх мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээх соёлын элч, төлөөлөгчид болж байгаа юм.
Үзсэн: 875
Tweet