Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар илтгэл тавив
Улаанбаатарын яриа хэлцээний санаачилгын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар нээлттэй санал солилцдог уламжлал тогтож буйг онцлов
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Женев дэх Олон улс, хөгжил судлалын дээд сургуулийн дэргэдэх Зүүн Ази болон Хятад судлалын төвөөс зохион байгуулсан Зүүн Азийн чуулга уулзалт-2022 арга хэмжээний нээлтийн ажиллагаанд оролцож, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар илтгэл тавив. Тэрээр Зүүн хойд Азийн улсуудын түүх, улс төр, аюулгүй байдлын зарим асуудал нь бүс нутгийн эдийн засгийн хамтын хөгжилд сорилт бэрхшээл болж байгааг онцлоод Монгол Улсын Засгийн газар энхийг эрхэмлэсэн гадаад бодлогынхоо хүрээнд Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг тэмдэглэв. Түүнчлэн Улаанбаатарын яриа хэлцээний санаачилгын хүрээнд Зүүн хойд Азийн уламжлалт аюулгүй байдлын асуудал болон шинэ тутам бий болж буй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар нээлттэй санал солилцдог уламжлал тогтож буйг онцлов. Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа нээлтийн ажиллагааны үеэр болсон хэлэлцүүлэгт оролцож, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлууд, олон талт хамтын ажиллагааны ач холбогдлын талаар санал солилцов.
Үзсэн: 546
Tweet