Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт үргэлжилж байна
Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа
Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт үргэлжилж байна. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улс нь Европын Холбооны ногоон санаачилгын нэг болох “Ойн түншлэл”-ийн яриа хэлэлцээнд оролцож байгаа Азийн анхдагч орон болж байна. Санамж бичгийн гол зорилго нь ойн тогтвортой менежментийн үндсэн алхмууд болох ой модыг нөхөн сэргээх, зохистой ашиглалт, хамгаалалтыг дэмжих, ойг түшиглэсэн эдийн засгийн салбар, орлогын эх үүсвэр бий болгоход чиглэж байна. Тухайлбал, ойн аж ахуйд суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бэлчээрийн даацыг зохист хэлбэрт шилжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар зорьж байгаа юм.
Үзсэн: 572
Tweet