Монгол-Туркийн харилцаа
Бүгд Найрамдах Турк улсыг гурав дахь хөршөө гэж үзсэнийг тэмдэглээд, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулж, стратегийн түншлэлийн түвшинд хүргэх хүсэлтэй байгаа гэв
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Хэлэлцээний эхэнд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бага зэрэг саарсан ч өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Монголын парламентын төлөөлөгчид айлчлан ирж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа дахин эрчимжиж буйд талархлаа илэрхийлэв. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргыг 2011 онд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед хоёр орны харилцаанд нэгэн чухал үйл явдал болсон. Энэ нь Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа Бүгд Найрамдах Турк улсыг гурав дахь хөршөө гэж үзсэнийг тэмдэглээд, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулж, стратегийн түншлэлийн түвшинд хүргэх хүсэлтэй байгаа гэв. Улсын Их Хурлын дарга хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулж, стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ агаарын тээврийг хөгжүүлэхийн тулд либералчлах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, үүний тулд нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, суудлын хязгаарлалтыг цуцлах саналыг дэмжиж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр, манай улс 70 гаруй сая толгой малтай, жил бүр 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөөцтэй. Бид жил бүр 100 мянган тонн мах, 25 сая ширхэг арьс шир, түүхий эд экспортлох бүрэн боломжтой. Мөн дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 50 хувийг дангаар хангадаг. Иймд Турк Улсын аж үйлдвэрлэлийн өндөр технологи, Монгол Улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын түүхий эдийн экспортын давуу талд түшиглэн эл салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа дурдсан. Энэ хүрээнд Туркийн талтай хүүхдийн сүү, сүүн тэжээлийн үйлдвэрийг байгуулах боломжтой гэж үзэж байна гэв.
Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Туркийн Ван мужид Хүлэгү хааны зуны ордны туурь, манай улсын Архангай аймагт эртний Түрэгийн хаант улсын түүхэнд хамаарах хөшөө дурсгал зэрэг археологийн үнэт олдвор олдсоныг дурдаад соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах, эдгээрийг түшиглэн аялал, жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалт татах зэргээр идэвхтэй хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.
Үзсэн: 1367
Tweet