Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2023 он 5,5 хувь байна гэж тооцоолжээ
Оюу Толгойн гүний уурхай ашиглалтад орохтой холбоотойгоор 2023-2024 онд эдийн засгийн өсөлт эрчимжиж дунджаар 6 хувьд хүрнэ гэж Дэлхийн банкны судлаачид таамагласан байна
Дэлхийн банкны эдийн засагч, шинжээчид Зүүн Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн өнөөгийн төлөв байдлын тоймыг боловсруулан гаргалаа. Бүс нутгийн хувьд ерөнхийдөө өсөлт 2021 онд 7.2 хувь байсан бол энэ онд 3.2 хувь болж саарах, ирэх онд 4.6 хувьд хүрч эргэн сэргэх төлөвтэй байна гэж дурджээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2022 онд 2.5 хувиас 2.4 хувь болгож бууруулж, 2023 онд 5.5 хувь байна гэж тооцоолж байна. Монгол Улсад КОВИД-19 цар тахалтай холбоотой хөл хорио цуцлагдаж, эдийн засаг эргэн нээлттэй болж, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа сэргэн, зээлийн өсөлт нэмэгдсэн зэрэг нь хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлтийн гол дэмжлэг болжээ. Гэсэн хэдий ч хилийн боомтын саатал, дэлхийн эдийн засгийн өсөлт сулрах төлөв, импортын хүнс, шатахуун, бордооны үнийн өсөлт зэргээс шалтгаалан энэ онд Монгол Улсын эдийн засаг 2.4 хувиар өсөх төлөвтэй байна гэж Дэлхийн банкны шинжээчид үзжээ. Оюу Толгойн гүний уурхай ашиглалтад орохтой холбоотойгоор 2023-2024 онд эдийн засгийн өсөлт эрчимжиж дунджаар 6 хувьд хүрнэ гэж Дэлхийн банкны судлаачид таамагласан байна. Эдийн засгийн төлөв цаашид хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлсээс хамаарахаар байна гээд тухайлбал, Украины дайн сунжрах, БНХАУ КОВИД-19-ийг үл тэвчих бодлогоо үргэлжлүүлэх, өндөр хөгжилтэй орнуудын мөнгөний бодлогын төлөв хүлээлтээс илүү эрчтэй чангарах зэргээс үүдэн Монголын эдийн засагт төлбөрийн тэнцэл муудах, төсвийн алдагдал нэмэгдэн бодлогын орон зай улам хумигдах, инфляцын дарамт эрчимжих зэрэг эрсдэлийг дурдаж байна.
Үзсэн: 849
Tweet