Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Есдүгээр сарын эхээр хийсэн хэлэлцээний үр дүнд орос-монголын эдийн засгийн харилцан ажиллагааг хэд хэдэн чиглэлээр өргөжүүлэхэд чиглэсэн тохиролцоонуудад хүрлээ гэж онцлон тэмдэглэв
Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин Итгэмжлэх жуух бичгээ Кремлийн их ордны Александрын танхимд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичиг хүлээн авах ёслолын үеэр ОХУ-ын Төрийн тэргүүн В.В.Путин хэлсэн үгэндээ “Тун саяхан Самаркандад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний уулзалтын хүрээнд Орос, Монгол, Хятадын удирдагчдын уламжлалт гурван талын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын энэхүү хэлбэр нь манай орнуудын газар зүйн байрлал, тэрчлэн томоохон хамтарсан, тэдгээрийн дотор тээвэр, эрчим хүчний салбарын төслүүдийг хэрэгжүүлэх сонирхлыг тооцон үзвэл маш чухал юм. ОХУ, Монгол Улсын хооронд уламжлалт хоёр талын хэлхээ холбоо идэвхтэй хөгжиж байна. Албан ёсоор дипломат харилцаа тогтоогоод 101 жил болж байна. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй есдүгээр сарын эхээр хийсэн хэлэлцээний үр дүнд орос-монголын эдийн засгийн харилцан ажиллагааг хэд хэдэн чиглэлээр өргөжүүлэхэд чиглэсэн тохиролцоонуудад хүрлээ” гэж онцлон тэмдэглэв.
Үзсэн: 591
Tweet