Гэр хорооллын дахин төлөвлөлт
Тэрбээр орон сууцыг зөвхөн бариад зогсох биш, оршин суугчдын амьдрах, ажиллах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, суралцах баталгааг хангах бодлогыг баримталдаг гэдгийг хэлж байлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Сингапур Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Талууд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд Сингапур Улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, тус салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцсон юм. Улаанбаатар хотод нийт хүн амын тал гаруй хувь нь оршин суудаг тул хэт төвлөрөл бий болсон. Иймд орон сууцны бодлогыг сайжруулж, орлогод нийцсэн орон сууц, төлөвлөлт зэрэг асуудалд нэн чухал ач холбогдол өгч ажиллаж байгаа гэлээ. Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын Ойрхи Дорнод ба Хойд Азийн газрын захирал Тан По Тэк Сингапур Улсын орон сууцны бодлогын талаар товч танилцуулав. Тэрбээр орон сууцыг зөвхөн бариад зогсох биш, оршин суугчдын амьдрах, ажиллах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, суралцах баталгааг хангах бодлогыг баримталдаг гэдгийг хэлж байлаа. Иймд ногоон байгууламж, ажиллах орчин, худалдаа, үйлчилгээний бүс, тоглоомын талбай, цэцэрлэг зэргийг цогцоор нь шийдэх хэрэгтэй гэлээ. Мөн тэрбээр тус салбарт хэрэгжиж буй Сингапурын үр дүнтэй туршлагыг хуваалцахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн юм.
Үзсэн: 678
Tweet