Хоёр улс таван тулгуур чиглэлд хамтран ажиллана
Алсын хараа-2050 болон Шинэ сэргэлтийн бодлогыг БНСУ-ын бодлоготой уялдуулах, үр бүтээлтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин нар албан ёсны хэлэлцээр хийлээ. Энэ тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “БНСУ-ын Гадаад хэргийн сайдын найман жилийн дараах айлчлал хоёр улсын өнгөрсөн 30 жилийн харилцааг эргэн харж, ирэх 30 жилийн алсын хараагаа тодорхойлох, замын зураг гаргах чухал үр дүнтэй айлчлал болж байна гэв. Хоёр улс таван тулгуур чиглэлд хамтран ажиллана. Алсын хараа-2050 болон Шинэ сэргэлтийн бодлогыг БНСУ-ын бодлоготой уялдуулах, үр бүтээлтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо. Шинэ нисэх буудлыг бүс нутгийн тээвэр логистикийн зангилаа болгохоор төлөвлөсөн. Энэ хүрээнд Инчеоны чөлөөт бүс байгуулсан туршлагыг судлахад хамтран ажиллахаар тохирлоо. Мөн хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ байгуулна. Хоёр улсын хооронд агаарын нислэгийг нэмэх, тус улсад амьдардаг монгол иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийн зорилгоор зорчих иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх, 45 га-д мод тарих, тус улсаас үзүүлдэг хөгжлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх талаар тохиролцов. Энэ хөтөлбөрийн дагуу 10 аймагт дулааны станц барьж байна. Мөн манай улс Солонгосын хойгт энх тайвныг тогтоох зорилгоор гурван улсын уулзалт хийх санаачилга гаргалаа.
Үзсэн: 677
Tweet