Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавив
Монгол Улсад хэрэгжүүлж буй хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд манай улсад барьж байгуулах хоёр томоохон үйлдвэрийн нэг юм
Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол нийслэл хотноо боллоо. Энэ нь АНУ-ын Мянганы сорилтын корпорациас Монгол Улсад хэрэгжүүлж буй хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд манай улсад барьж байгуулах хоёр томоохон үйлдвэрийн нэг юм. Үүний өмнө 2021 онд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг тавьж бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, манай улсад айлчилж буй АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын хэрэг хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Критенбринк нар оролцов. Үйлдвэрийн шав тавих ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлэхдээ, үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын усны салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж, монголчуудын олон жил буруу ярьж хэвшсэн саарал ус буюу хүрэээлэн буй орчинд нийлүүлэх хаягдал усыг боловсруулан дахин ашиглана. Ингэснээр газрын гүний, цэвэр цэнгэг усыг хамгаалж, хэмнэх боломж бодитоор бүрдэн хэрэгжих юм гэдгийг тэмдэглэн хэлэв.
Үзсэн: 622
Tweet